Дэлхий дахинд
Куба 60 жилийн түүхэндээ анх удаа гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжлээ
Куба улс 1959 оны хувьсгалаас хойшхи 60 жилийн түүхэндээ анх удаа бөөний болон жижиглэн худалдаандаа гадаадын хөрөнгө оруулалтыг чөлөөлтэй оруулахыг дэмжлээ. Коронавирусны цар тахлын дэгдэлт, хөл хорио, хязгаарлалт, АНУ-ын хориг зэрэг нь Кубад эдийн засгийн гүн хямрал дагуулж 1960-аад оноос эдийн засгаа зөвхөн үндэснийх болгох зорилго агуулж ирсэн Фидель Кастрогийн залгамжлагчдын бодлогыг өөрчлөхөд хүргэж байгаа нь энэ. Гэхдээ эдийн засагчид энэ бол нөхцөл байдлыг бүрэн өөрчлөхгүй, хагас арга хэмжээ гэж байна.
Өнөөдөртөө Кубын засгийн газар бөөний худалдаа эрхэлдэг гадаадын хөрөнгө оруулагчдыг кубын аж ахуйн нэгж байгууллагатай хамтраад зах зээлд орж ирэхийг зөвшөөрчээ. Эрх баригчид жижиглэн худалдааны салбар дахь өөрийн монополь байдлаа хадгалахыг эрмэлзэж байгаа болохоор жижиглэн худалдаанд бол гадаадын хөрөнгө оруулагчдын боломж хомс. Тэгэхээр гадаадын хөрөнгө оруулагчид бол агуулахууд болон логистик, тээврийн компаниудад л хөрөнгө оруулж, жижиглэн худалдааны бараа бүтээгдхүүн нийлүүлэх боломжтой болж байна.
Засгийн газар гадаадын хөрөнгө оруулалтыг бараа бүтээгдхүүний үнийг буулгах, тус улсын “социалист зорилтыг” хэрэгжүүлэхэд тус дэм болно гэж үзэж байгаа юм байна. Кубын Гадаад худалдааны сайдын орлогч Ана Тереза Гонсалес Фрага “орон нутгийн үйлдвэрлэлийг аврах, хүн амын нэн шаардлагатай хүнс, бусад бараа бүтэээгдхүүний хангамжийг сайжруулахын тулд л засгийн газар ийм арга хэмжээ авч байгаа” гэж хэлснийг Miami Herald хэвлэл иш татжээ.
“Хомсдолыг богино хугацаанд эцэс болгож, лангуун дээр хүнстэй болгохыг л бид хүсч байна” гэж Гонсалес Фрага хэлсэн байна.
Дотоод худалдааны сайд Бетси Диас Веласкес нь болохоор одоо Кубад байгаа болон найрсаг харилцаатай улс орнуудын хөрөнгө оруулагчдад илүү анхаарал хандуулахыг засгийн газар анхаарч байгаа гэжээ. Мөн дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд тустай цэвэр эрчим хүчний технологи, тоног төхөөрөмж борлуулдаг бизнес эрхлэгчидтэй хийх гэрээ хэлэлцээрийг нэн тэргүүнд тавих болно гэдгийг албаныхан хэлж байна.
Кубад одоо ямар байдалтай байна вэ
Куба өнөөдөр сүүлийн 30 жилд тохиож байгаагүй эдийн засгийн гүн хямралд орж, цар тахлын үе болоод Дональд Трампын засгийн газрын тавьсан хоригоос болоод аялал жуулчлалын салбар үндсэндээ зогссоноор төсвийн эх үүсвэрүүд нь хумигдан Венесуэль зэрэг нөхөрсөг харилцаат орнуудаас үзүүлдэг татаас зогсоход хүрээд байгаа юм.
АНУ-ын зүгээс Трампын үед тавьсан зарим хатуу хоригоо өнгөрсөн тавдугаар сараас эхлэн зөөллөсөн ч эдийн засагт нааштай үр дүн гарахад цаг хугацаа хэрэгтэй байгаа юм.
Өнгөрсөн жил хийсэн валютын шинэчлэл, хомсдолтой бараа бүтээгдхүүнийг дэлгүүрүүдэд худалдахдаа чөлөөт валют ашиглахыг зөвшөөрсөн шийдвэр зэрэг нь ард иргэдэд тэгш бус байдал үүсгэж 1980-аад оноос эхэлсэн АНУ-ын эсрэг үзлийг дэвэргэж эсэргүүцэл өрнөхөд хүргээд байна.
Өнөөдөр хүмүүс хүнс бараа бүтээгдхүүний дараалалд хэдэн цагаар зогсч байгаа ч тэртэй тэргүй хүнс хүрэлцэхгүй байна. Хүмүүс гудамжин дахь хогийн савнаас идчихэж болох ямар нэгэн зүйл хайж ухах нь бараг ерийн үзэгдэл болжээ. Асуудал зөвхөн хүнсний бүтээгдхүүнд ч биш эм, шатахуун бас дутагдсаар байна. Хүн амын нэн шаардлагатай бүтээгдхүүнийг хар захаас хайхад хүрч байгаа ч үнэ нь 70 хувь өсчихөөд байгаа юм