Дэлхий дахинд
Хятад Өмнөд Хятадын тэнгисийн хэд хэдэн районд цэргийн сургуулилт хийнэ
БНХАУ наймдугаар сарын 19 буюу өнөөдрөөс эхлээд Өмнөд Хятадын тэнгисийн хэд хэдэн районд, Хайнань мужийн эрэг дагуу цэргийн сургуулилт хийнэ гэж Хятадын тэнгисийн аюулгүй байдлыг хангах удирдах газрын мэдэгдэлд дурдсан байна. Хятадын ардын чөлөөлөх арми өнгөрсөн мягмар гарагт Гуандун мужийн эрэг дагуу Өмнөд Хятадын тэнгист, Тайванийн хоолойн өмнөд хэсэгт орших Пэнху арлын районд даваа гарагт бас цэргийн сургуулилт хийсэн бол Шар тэнгисийн хэд хэдэн районд энэ 17-ны өдрөөс 19-нд цэргийн сургууль хийж байгаа юм.
Тайванийн агаарын орон зай болоод тэнгисийн орчимд Хятадын ардын чөлөөлөх армийн сургуулилт ийн идэвхжиж байгаа нь энэ сарын 2-3-нд АНУ-ын Конгрессын Төлөөлөгчийн танхимын тэргүүн Нэнси Пелоси, наймдугаар сарын 14-15-нд сенатч Эд Марки тэргүүтэй төлөөлөгчид Тайваньд айлчилсантай холбоотой.
Хятад улс Тайванийг өөрийн нэг муж гэж үздэг болохоор Пелосийн айлчлал нь АНУ-ын зүгээс Тайванийн салан тусгаарлах үзлийг дэмжиж байгаа хэрэг гэж үзэж ийн цэргийн өргөн хэмжээний сургууль хийж эхлүүлсэн хэрэг юм. Пелосийн айлчлал нь АНУ-ын төлөөлөгчид 1997 онд айлчилснаас хойш энэ 25 жилд америкийн өндөр албаны хүний хийсэн анхны айлчлал болсон байна.
Москва Нэг хятад зарчмыг дэмжиж байгаа
Орос, Тайваний нөхцөл байдлын талаар дуугараагүй байгаа ч хэрэг дээрээ “нэг хятад” зарчмыг дэмжиж байгаа гэж ОХУ-ын Гадаад хэргийн яамны Олон улсын байгууллагын газрын захирал Пётр Ильичёв мэдэгджээ. Тэрбээр Вашингтоны зүгээс тус улсад дарамт үзүүлэх бодлого нь амжилтгүй болж америкийн албан тушаалтнуудын Тайваньд хийсэн айлчлал нь харин ч бүс нутаг болоод олон улсын тогтвортой байдлыг алдагдууллаа гэж онцолжээ. “Орос энэ талаар тодорхой тайлбар хийгээгүй ч, хэрэг дээрээ Тайван нь БНХАУ-ын салшгүй бүрэлдхүүн хэсэг хэмээн “Нэг хятад” гэсэн зарчмыг дэмжиж байгаа” гэж Ильичёвын хэлснийг РИА Новости агентлаг иш татжээ.