Энтертайнмент
Жуулчдын нүдийг хужирладаг бяцхан Фэр-Айл арал

Британийн эзэмшлийн арлууд дундаа хамгийн алслагдмал нь Фэр-Айл (Fair Isle) арал юм. Энд ердөө 60 хүн амьдардаг бөгөөд үнэхээрийн үзэсгэлэнтэй байгальтай тул Шотландын жуулчдыг зорьж ирдэг газар болжээ. Фэр-Айл нь өөрийн гэсэн засаг захиргаа, сургуультай бөгөөд тэнд ердөө гурван сурагч сурдаг гэнэ.
Фэр-Айл арал Атлантын далай болон Хойд тэнгисийн уулзвар дээр, Шетланд ба Оркнейн арлуудын дунд байрладаг. Арлын урт таван километр, өргөн нь гурван км ч хүрэхгүй аж.
Энэхүү бяцхан арлын түүх, өв соёл нь гайхалтай баялаг гэнэ. Жишээлбэл археологи, хөдөө аж ахуйн онцлог, байгалийн тогтоц, ургамал, амьтан, соёл урлаг гээд энд судлах зүйл олон бий.
Шетландаас энэ газарт хүрэхийн тулд гурван цаг гаталга онгоцоор явах хэрэгтэй болдог бол нисэх онгоцоор 1.5 цаг нисдэг.
Хүний хөл бараг хүрээгүй онгон байгальдаа нутгийн иргэд нь маш сайн дасан зохицож, хайрлан хамгаалж аж төрсөөр иржээ. Тиймээс энд ирсэн гадны хүмүүс болон жуулчдад Фэр-Айл арал үлгэрийн орон мэт санагддаг гэнэ.
Ялангуяа ховор төрлийн ургамал, шувууд нь өвлийн улиралд хүртэл арлыг үнэхээр үзэсгэлэнтэй болгож харагдуулдаг ажээ.
Өмнө дурдсанчлан тус арал хувийн сургуультай бөгөөд ердөө гурван сурагч, хоёр багштай гэнэ. Саяхан тус сургууль захирлын албан тушаалд сонгон шалгаруулж авах зар тавьжээ.
Эндхийн хүүхдүүд арал дээрээ 1-7 анги хүртлээ сурдаг байна. Дунд сургуулийн насанд хүрмэгц тэднийг Шотланд дахь дотуур байртай сургуулиуд руу явуулдаг гэнэ.
Сургуулийн захирал нь долоо хоногт ажлын 35 цагаар ажилладаг бол цалин жилд 56.787 фунт стерлинг (ойролцоогоор 78.000 доллар) байдаг гэнэ. Мөн жил бүр 2.265 фунт стерлинг (3111 доллар)-ийн нэмэгдэл авдаг байна. Энэхүү төлбөр Шотландын засгийн газраас алслагдсан хүмүүст үзүүлэх тэтгэмжийн нэг хэсэг гэнэ.
Ажилд орох хүн нь шаардлагатай сурган хүмүүжүүлэх ур чадвараас гадна “шийдэмгий байдал, алсын хараа, эрч хүч, санаачилга, харилцааны өндөр ур чадвар, сахилга бат”-тай байх ёстой аж.
Тус арлын зөвлөл ярилцлага өгөхөөр ирсэн хүний бүх зардлыг хариуцах бөгөөд шалгарсан хүнийг нүүж ирэн суурьших тал дээр бүрэн анхаарч, бүх асуудлыг шийдэж өгдөг гэнэ.
Фэр-Айлынхан дэлхий дахинд ноосон нэхмэлээрээ танигдсан юм. Ойролцоох Шетланд арлынхан хүрэн, саарал өнгийг ашиглаж нэхмэл нэхдэг бол Фэр-Айлчууд халуун дулаан, гэгээлэг өнгөтэй, янз бүрийн хээ бүхий хувцас хэрэглэл нэхдэг аж. Тус арлын бүсгүйчүүд олон зуун жилийн турш арга барилаа сайжруулсаар ирсэн учраас тэднийг энэ салбарт гүйцэх хүмүүс бараг л байхгүй гэнэ.

Энтертайнмент
Улсын заан М.Лхагвагэрэл бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

Монголын үндэсний бөхийн холбоо шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд томоохон барилдаануудад чансааны оноо олгох журмыг хэрэгжүүлж байгаа.
Маршал Х.Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ойд зориулсан барилдааны дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдэж, Улсын заан М. Лхагвагэрэл 7450 оноогоор тэргүүлж эхэллээ. Харин чансааны хоёрт Улсын аварга О.Хангай бичигдэж байна.
Энтертайнмент
“Милано Кортина 2026” Олимпын бамбарыг танилцуулав

“Милано Кортина 2026” өвлийн Олимп, Паралимпын наадмын зохион байгуулагчид энэ даваа гарагт тогтвортой байдал, технологийн дэвшил болон Италийн үндэсний загварыг шингээсэн албан ёсны бамбараа танилцууллаа.
“Essential” буюу “Мөн чанар”-ыг илэрхийлэх нэртэй энэхүү бамбар нь Миланы Триеннале урлагийн төв болон Японы Осака хотод зохион байгуулагдаж буй “ЭКСПО 2025” үзэсгэлэнгийн үеэр нэгэн зэрэг танилцуулагдсан бөгөөд Олимпын хөдөлгөөний олон улсын шинж чанар болон зохион байгуулагч орны соёлын гүн гүнзгий үндсийг харуулсан арга хэмжээ боллоо.
Бамбарыг Италийн эрчим хүчний “Eni” компани Versalis-тэй хамтран бүтээж, Studio Carlo Ratti Associati дизайн боловсруулсан бөгөөд бамбарын загвар нь энгийн байдал, хүч чадлыг бэлгэдсэн. Гялалзсан өнгөлгөөтэй, гоёмсог минимал хэлбэртэй энэхүү бамбараас олимпын наадамд зориулсан цэнхэр-ногоон өнгийн, паралимпын наадамд зориулсан хүрэл өнгийн хоёр хувилбарыг танилцуулжээ.
Нэг килограмм жинтэй, Италид үйлдвэрлэгдсэн бамбар нь дахин боловсруулсан хөнгөн цагаан ба гуулин хайлшаар хийгдсэн. Байгаль орчинд ээлтэй, дахин ашиглагдах боломжтойгоороо онцлог бөгөөд нэг бамбарыг 10 хүртэл удаа дахин дүүргэж ашиглах боломжтой юм. Энэ нь бамбарыг их хэмжээгээр үйлдвэрлэх хэрэгцээг эрс бууруулах ач холбогдолтой.
Бамбарыг хөдөлгөгч түлш нь био-LPG, буюу хэрэглэсэн тос болон амьтны гаралтай өөх зэрэг хаягдал материалаас гаргаж авсан сэргээгдэх түлш бөгөөд Сицилийн Гела дахь Eni-ийн био-үйлдвэрт үйлдвэрлэгддэг.
Энэхүү бамбарт ашиглагдаж буй шатаагч төхөөрөмж нь анх удаа ил харагдахаар бүтээгдсэнээрээ онцлог бөгөөд олон нийт олимпын дөл хэрхэн асч байдгийг нүдээр харж болохоор болжээ.
Өнгөний сонголт нь утга төгөлдөр бөгөөд олимпын бамбарын “Тэнгэрийн өнгөнүүд” нь Италийн байгалийн гайхамшигт төрхийг илэрхийлж, хөдөлгөөн, найдвар, өөрчлөлтийг бэлгэднэ. Харин паралимпын бамбарын “Гэрлийн уулс” нь тэсвэр хатуужил, хүч чадал, спортоор дамжих өөрчлөлтийг илэрхийлж байна.
Зохион байгуулагчдын хэлснээр энэхүү бамбар нь зөвхөн үйл ажиллагааны хэрэгсэл төдийгүй соёлын бэлгэ тэмдэг бөгөөд Олимп ба Паралимпын наадмын эв санааны нэгдлийг илтгэнэ.
Бамбарыг олон нийтэд 2025 оны турш Осакагийн ЭКСПО дахь Италийн павильонд, мөн Миланы Триеннале төвд 2025 оны 5-р сараас эхлэн наадам дуустал үзэсгэлэнд дэлгэхээр болжээ.
Энтертайнмент
Жүдо бөхийн Азийн АШТ-нд гавьяат тамирчин Л.Энхрийлэн тэргүүтэй Монголын 19 бөх барилдана
