Дэлхий дахинд
Талибууд удирдагчдынхаа эсрэг тавьсан хоригийг цуцлаач гэж хүсэв
Афганистаны засгийн эрхийг аваад нэг жил болж байгаа “Талибан” хөдөлгөөний төлөөлөгчид НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд хандаж тус хөдөлгөөний удирдагчдын эсрэг тавьсан хоригоо тус хөдөлгөөнд дарамт шахалт үзүүлэх зэвсгийн чанартай ашиглахаа болино уу хэмээн хүсэлт гаргалаа хэмээн “Интерфакс” агентлаг мэдээллээ.
Талибууд өөрийн мэдэгдэлдээ Дохагийн хэлэлцээрээр Афганистаны исламын эмиратын удирдагчдын эсрэг тавьсан бүх хоригийг цуцлах шийдвэр гаргасан болохоор үүнийг хэрэгжүүлэх ёстой гэжээ. “Талибан” хөдөлгөөний удирдагчдыг гадаадад зорчихыг хориглосон шийдвэрийн үйлчлэх хугацаа наймдугаар сарын 19-нөөр эцэс болж байгаа, үүнийг сунгах шийдвэрийг НҮБ-ын Аюулгүйн зөвлөл гаргаагүй.
Улс төрийн яриа хэлэлцээний оронд энэ бүх хоригийг хэвээр үлдээх нь Афганистаныг гадаад ертөнцтэй холбогдох зайг тусгаарлаж байгаа учраас үүнээс зайлсхийх хэрэгтэй гэж талибууд онцолжээ.
“Америк, НАТО болон бусад 50 орон бүхий л хүч чадлаараа энх тайван, тогтвортой байдал бий болгож чадаагүй Афганистан өнөөдөр харин ч аюулгүй, тогтвортой байна” гэж илгээлтэд дурдсан байна.
Афганистан дахь хүний эрхийн асуудлаарх НҮБ-ын төлөөлөгчийн газрын тайланг Талибууд үндэслэлгүй гэж үзэж байгаа талаар үүний өмнө мэдээлж байсан. Хөдөлгөөний албан ёсны төлөөлөгч Забиулла Мужахид “Манайд дур зоргоороо аллага, баривчилгаа байхгүй” гэжээ. Талибууд засгийн эрхэнд гарснаасаа хойш өмнөх засгийн газрын үед ажиллаж байсан 100 гаруй албан тушаалтныг хөнөөсөн гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш өнгөрсөн нэгдүгээр сард мэдэгдэж байсан юм. Үүний зэрэгцээ өмнөх дэглэмийн талынхан, олон улсын энхийг сахиулах цэргийн хүчинд ажиллаж байсан аюулгүйн албаныхны эсрэг хүчирхийлэл, хулгайлах явдал гарсаар байна гэж Гутерриш хэлсэн юм.