Энтертайнмент
“Сүүн зам” япон, монгол бүжгийн наадам
Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд “Cүүн зам” япон, монгол бүжгийн наадмыг өнөөдөр Жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна. Япон Улсын Токушима дахь Монгол Улсын Өргөмжит консул, соёлын элч Каваүчи Широ саны санаачилгаар Монгол Улсад анх удаа зохион байгуулж буй уг наадамд оролцохоор Япон Улсаас 160 гаруй уран бүтээлч, бусад хүндэт зочин хүрэлцэн ирэх аж.
Хоёр улсын соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ардын урлаг, өв соёлыг харилцан таниулж, сурталчлах зорилготой “Сүүн зам” бүжгийн наадмын хүрээнд Монголын үндэсний болон орчин үеийн бүжгийн наадам, тоглолтыг хамтран зохион байгуулахаар төлөвлөж байна.
Мөн Япон орны ардын урлаг, өв соёлын нэг болох “Ава одори”, “Ёсакой” бүжгийн урлагаас танилцуулах юм. “Ава Одори” нь ава буюу далайн хөөс, одори буюу бүжиг гэсэн утгатай бөгөөд далайн давлагааны хөөсний хөдөлгөөнөөс санаа авсан, 750 жилийн түүхтэй бүжиг байдаг бол “Ёсакой” нь үндэсний хэв шинжийг чөлөөт хэв маягаар илэрхийлсэн бүжиг ажээ.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.