Дэлхий дахинд
Их Британи шаардлагатай үед цөмийн зэвсэг хэрэглэхэд бэлэн
Их Британийн Ерөнхий сайдын суудлын төлөө өрсөлдөж байгаа Гадаад хэргийн сайд Лиз Трасс шаардлагатай бол цөмийн зэвсэг харвах товч дарахад бэлэн байх болно гэж мэдэгджээ. “Энэ бол ерөнхий сайдын чухал үүрэг. Би үүнийг хийхэд бэлэн” гэж хатагтай Трасс Бирмингемед олон нийтийн өмнө үг хэлэх үеэрээ ийм шийдвэр гаргах талаар та юу бодож байна гэсэн асуултад хариулсан байна.
Их Британид Консерватив намын дарга, Ерөнхий сайд болох хүнийг сонгох гишүүдийн санал хураалтын тав дахь шат долдугаар сарын 20-нд болсон. Үүний үр дүнд сонгуульд хоёр нэр дэвшигч тодорсны нэг нь Гадаад хэргийн сайд Лиз Трасс, нөгөө нь Сангийн сайд асан Риши Сунак юм.
Сүүлчийн шалгаруулалтад тус намын өнөөдөр байгаа 200 мянган гишүүн бүгд шуудангаар санал өгч байж сонгоно. Тереза Мэйгээс ажил авч байсан Борис Жонсон Их Британийн Ерөнхий сайд болон Консерватив намын даргын албан тушаалаасаа огцорч байгаагаа долдугаар сарын 7-нд мэдэгдсэн юм.
Их Британийн Гадаад хэргийн яаманд Европ, АНУ-ын асуудал эрхэлсэн дэд сайд асан Кристофер Пинчерийг шинэ албан тушаалд томилсонтой холбоотой дуулианы дараа шинэ удирдагч сонгох ёстой болсон юм. Гэтэл хэд хэдэн улстөрч Борис Жонсон түүний өнгөрсөн үеийг мэддэг болохоор дарамталж байна гэж мэдэгджээ. Ерөнхий сайд дараа нь уучлалт гуйсан ч гэлээ Засгийн газрын 60 орчим гишүүн, намын дарга нар үүнийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн огцорсон юм.