Дэлхий дахинд
Конгрессын гишүүн АНУ-г Киевийг санхүүжүүлэхээ болихыг уриаллаа
Цагаан ордон улс орныхоо дотоод улстөрийн асуудлыг шийдэхэд анхаарлаа хандуулж, Украин руу “нэг ч доллар” шилжүүлэхгүй байх хэрэгтэй байна гэж Бүгд найрамдах намаас Конгрессын Төлөөлөгчдийн танхимд суугаа Дэн Бишоп наймдугаар сарын 26-нд The American Conservative хэвлэлд ярилцлага өгөхдөө мэдэгджээ.
“Бид Украин руу гурван тэрбум бүү хэл нэг ч доллар шилжүүлэх ёсгүй. Бид европын холбоотныхоо төлөө хэдийнээ арай ихийг зарцуулсан, гэвч энэ их хөрөнгөнөөсөө өөрийн улсынхаа хилийн аюулгүй байдлыг хангахад өчүүхнийг ч эргүүлэн авч чадахгүй” гэж Бишоп хэлсэн байна.
Түүнийхээр бол Украинд үзүүлж байгаа тусламж нь өнөөгийн ерөнхийлөгч Жо Байдены “Америк хамгийн сүүлд” гэсэн бодлогод нөлөөлж байна гэнэ.
Вашингтон 2014 оноос хойш Украинд аюулгүй байдлын хүрээнд нь 15,5 тэрбум гаруй долларын тусламж дэмжлэг үзүүлээд байгаа юм. Зөвхөн энэ наймдугаар сарын 24-нд Украины тусгаар тогтнолын өдрийг тохиолдуулан гурван тэрбум долларын тусламжийн баталгаа өгөөд байна. Энэ талаар Украины Ерөнхий сайд Денис Шмыгаль мэдээлэхдээ энэ бол төсөвт 4,5 тэрбум долларын дэмжлэг үзүүлэх арга хэмжээний эхний хэсэг гэсэн юм.
Цэргийн тусламжийн эхний хэсэгт зенит пуужингийн NASAMS цогцолбор зургаа, 155 мм-ийн сум галт хэрэгсэл, 120 мм-ийн 65 мянган сум, батарейн эсрэг U24 радар, нисгэгчгүй Puma аппарат, нисгэгчгүй аппарат эсэргүүцэгч VAMPIRE систем, лазерын ажиглагчтай пуужингийн систем, цэргийн сургалтын зардал өгөхөөр болоод байгаа юм.
“Украиныг хэлэлцээрийн ширээнд суух байр суурийг бэхжүүлэхийн тулд” АНУ-ын зүгээс зэвсэг, нэмэлт систем нийлүүлэхээ үргэлжлүүлсээр байх болно гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен мэдэгдсэн.
Харин ОХУ-ын Гадаад хэргийн яамны Умард Америкийн газрын захирал Александр Дарчиев өрнөдийн орнуудаас Киевт тэрбум, тэрбум долларын тусламж үзүүлсээр байгаа ч энэ нь ОХУ-аас Украинд явуулж байгаа цэргийн тусгай ажиллагааны зорилгод садаа болохгүй гэж мэдэгдсэн байна.