Дэлхий дахинд
НҮБ: АНУ гарсны дараа Афганистаны эдийн засаг эрс муудлаа
АНУ болон холбоотны хүчин гарсны дараанаас Афганистаны эдийн засаг эрс муудсан гэж НҮБ-ын хүмүүнлэгийн асуудлаар Афганистаны зохицуулагч Рамиз Алакбаров оросын РИА Новости агентлагт өгсөн ярилцлагадаа мэдэгдсэн байна.
Хүмүүнлэгийн нөхцөл байдал ингэж муудахад Афганистанд засаг солигдсон нь нөлөөлсөн үү гэсэн асуултад Алакбаров “Сүүлийн нэг жилд энд эдийн засгийн нөхцөл байдал муудсан нь эн тэргүүний зүйл” гэжээ. Түүнийхээр бол “банкны тогтолцоо ч байхгүй, эдийн засагтай холбоотой үйл ажиллагаа ч байхгүй” гэнэ. “Бүх зүйл үгүй болсон, үүнээсээ болоод л эдийн засаг унаад байна” гэж зохицуулагч хэлжээ.
Эдийн засгийн ийм идэвхгүй байдал, суурь эдийн засгийн үйл ажиллагаа ийн унасан нь хүмүүнлэгийн салбар дахь ачааллыг улам нэмэгдүүлэхэд хүргэж байна гэж Алакбаров хэлээд “Өмнө нь улсын төсөв 13,5 тэрбум доллар байдаг байсан. Өнөөгийн төсөв, бүтэц нь тодорхой биш, төсвийн зарлага нь гурван тэрбум бололтой. Гэхдээ үүнийг юунд зарцуулахыг бид мэдэхгүй. Энэ гурван тэрбумаас нэг тэрбум нь алдагдал болохоор мэдээж олж нөхөх ёстой. Бод л доо, 13,5 болон гурван тэрбумын ялгаа ямар байна. Ийм л байна” гэжээ.
Зохицуулагчийн хэлснээр бол нэг жилийн өмнөхийг бодвол Афганистанд олон улсын оролцоо тодорхой хэмжээгээр буурсан гэнэ. “Гадаадын тусламжийн хэмжээ тун бага. Энэ бүхнээс үүдээд Афганистаны эдийн засаг өмнөх онтой харьцуулахад эрс муудсан” гэж байна. “Өмнө байсан шиг ил тод мөргөлдөөн, цэрэг дайны үйл ажиллагаа байхгүй л дээ. Харин эдийн засгийн хувьд огт өөр болоод байна” гэж Алакбаров хэлжээ.
Өнгөрөгч 2021 оны наймдугаар сарын эхээр “Талибан” хөдөлгөөн засгийн газрын хүчний эсрэг дайралтаа идэвхжүүлэн газар нутгийнхаа ихэнхийг хяналтдаа аваад наймдугаар сарын 15-нд нийслэл Кабулд орж ирсэн юм. Маргааш нь тэд дайн дууссан гэж мэдэгдсэн. Наймдугаар сарын сүүлийн хоёр долоо хоногт америкийн цэргийнхний хамгаалалт дор Өрнөдийн орнуудын иргэд, тэдэнтэй хамтран ажиллаж байсан афган иргэдийг Кабулын нисэх буудлаас гаргаж эхэлсэн юм. Улмаар наймдугаар сарын 31-нд америкийн цэргүүд кабулын нисэх буудлаас хөөрснөөр Афганистан дахь АНУ-ын цэргийн 20 жилийн оролцоо эцэс болсон юм.