Дэлхий дахинд
Венесуэльд инфляц 135 хувиас даваад байна
Эдийн засгийн гүн хямралд ороод байгаа Венесуэльд долларын ханш тавхан хоногийн дотор 12 хувь өсч, нийслэл Каракасын оршин суугчид “амьдралаа арай ядан л залгуулж байна” хэмээн гомдоллож байна. Ерөнхийлөгч Николас Мадуро инфляцийг барихын тулд америк долларыг ашиглах гэсэн ч сүүлийн долоо хоногт долларын эрэлт хумигдсан, төрийн зардал өссөнөөс болоод долларын албан болоод хар захын ханш ийн өсөхөд хүрээд байна. “Хар зах дээр долларын ханшийг зохиомлоор өсгөж иргэдийн халаасыг хоослох гэсэн хүн чанаргүй наймаачид, ченжүүд байна” гэж Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро хэлж байна.
Энэ 2022 оны эхний улиралд тус улсын эдийн засаг 17 хувь өссөн гэж Венесуэлийн төв банк мэдэгджээ. Энэ бол тухайн бүс нутагтаа хамгийн өндөр үзүүлэлт. Үүний зээрэгцээ инфляци буурч эхэлсэн гэж байгаа ч өнгөрөгч долдугаар сард урьдынхаараа л 135 хувиас даваад байсан юм.
“Инфляц өндөр хэвээр л байна, бүр өсч ч мэднэ. Долларын ханш өсч, үүнийгээ дагаад үнэ өсч эхэлнэ шүү дээ” гэж эдийн засагч Леонардо Вера хэлж байгаа бол нутгийн оршин суугч “Нөхцөл байдал үнэхээр хүнд байна. Үнэ тасралтгүй өсч байна. Төв банкны бодлого, дүрэм тодорхойгүй, долларын ханш “хар захын ханш”-аас давчихлаа. Төр засаг цалин хөлс нэмж, эдийн засгийг тогторжуулах хэрэгтэй байна шүү дээ” гэж байна.
Ийн хүмүүс мөнгө нь юунд ч хүрэлцэхгүй байна хэмээн гомдоллосоор байгаа ч засгийн газар нөхцөл байдлыг хяналтдаа авч чадахгүй л байна.
Венесуэлийн эдийн засаг 2014 оноос гүн хямарч инфляц гурван оронтой тоонд хүрээд байгаа юм. Энэ нь АНУ-ын хориг болон нефтийн олборлолт буурсантай холбоотой юм.