Өнгөрөгч өдрүүдэд олон нийтийн цахим сүлжээнд коронавируст халдвараас үүдсэн цус өтгөрөлтөөс шалтгаалж цус харвах залуусын тоо олширсон талаар мэдээллүүд ихээр гарч буй. Үүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас харвалт, цус өтгөрөлтийн талаар иргэдийн дунд явж буй ташаа мэдээллүүдэд хариулт өгөх зорилгоор мэдээлэл өглөө.
Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Ж.Нарангэрэл иргэдэд болон сэтгүүлчдэд мэдээллийг хүргэсэн юм. Тэрбээр “Анх коронавирусийн халдвар дэлхийд бүртгэгдэж эхлэхэд мэргэжлийнхэн судлаад эмчилгээний удирдамж гаргахдаа дандаа тухайн вирусийг яаж устгах, түүнээс үүдсэн хатгааг яаж эмчлэх тал дээр төвлөрч байсан. Харин дараа, дараагийн судалгаанууд дээр өнөөдрийн бидний яриад байгаа судасны гэмтэл, цус бүлэгнэлтийн алдагдлууд тогтоогдсон тул энэ тал дээр төвлөрсөн. Тиймээс түүнд тохирсон цус шингэлэх эмчилгээ, дааврын эмчилгээний зааврыг удирдамжид оруулсан юм. Шинээр дэгдсэн халдварын эмнэл зүйн удирдамж гаргахад төвөгтэй байдаг.
Хамгийн сүүлд гаргасан удирдамжаар яг цус бүлэгнэлтийн үеийн авах арга хэмжээг мэргэжлийн баг ажиллаж оруулж өгснийг манай улс ч мөрдөж байгаа. Одоогоор коронавирусийн халдвар болон цусны бүлэгнэлтийн эсрэг заавар дөнгөж батлагдаад хэрэгжиж эхлээд байна. Үүнд удаан даамжирсан явцтай коронавирусийн халдварын үед ямар эмнэл зүйн зааврыг баримтлах тал дээр зонхилон тохиолдоод байгаа таван өөрчлөлт буюу Уушгины талаас илрэх өөрчлөлт, Зүрх судасны талаас, Цус бүлэгнэлтийн талаас, Мэдрэлийн талаас, Сэтгэцийн эмгэгийн үр нөлөө гарч болно гэж тухайн асуудлуудад тусгайлсан заавар болгоод гаргасан.
Мөн эрт илрүүлэг, шинжилгээ, оношилгоо нь бидэнд сүүлийн хоёр жил тохиолдоод байгаа олон эртхэн системийг гэмтээдэг коронавирусийн халдвараар өвчлөөд эдгэрсэн хүмүүст ямар өөрчлөлт байгааг давхар хянах мэдээлэл цуглуулж байгаа. Өнөөдрийн байдлаар эрт илрүүлэгт 272,434 иргэн хамрагдсан бөгөөд үүнээс зүрх судасны тогтолцооны эмгэг нь 7,885 иргэнд илэрсэн.
Цус өтгөрөл нь зөвхөн коронавируст халдварын үед ч биш бусад эмгэгийн үед ч гардаг бөгөөд тус халдварын үед цус бүлэгнэлтийн алдагдал гардаг нь олон улсад батлагдсан учраас эмчилгээний удирдамжид оруулсан байгаа.
Цус бүлэгнэлтийг зүгээр явж байгаа иргэн мэдрэх боломжгүй бөгөөд зөвхөн урьдчилан сэргийлэх үзлэгээр л илэрнэ. Тиймээс хэрвээ иргэд коронавирустай холбоотой цус өтгөрөлтийн айдас байгаа бол зорилго, бодлогоор тавьсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх багцдаа хамрагдаад тодруулах боломж бий. Зүрх судасны эмгэгийн шалтгаант нас баралт 1992 оноос өнөөг хүртэл зонхилон тохиолдсоор байна. Монгол Улсын 15-69 насны иргэдийн гурван хүний нэг нь, 45-69 насны иргэдийн хоёр хүн тутмын нэг нь халдварт бус өвчнөөр өвдөх өндөр эрсдэлтэй гэсэн судалгааны дүн гарсан” гэж мэдээллээ.
О.Батбаяр: Хүн төрөлхтөн вакцин хийлгэснээр коронавирусийн цар тахлыг амжилттай давж буй
Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ЭМ-ийн сайдын зөвлөх О.Батбаяр “Дэлхийн улс орнууд цар тахлын гурав дахь өвлийг угтах гэж байна. Хойд уртрагийн буюу өвөл хүйтэн болдог улс орнуудад коронавирусийн халдварын томоохон давлагаа үүснэ хэмээн мэдээлж, бэлтгэлээ хангаж байна. ДЭМБ-аас өнгөрсөн долоо хоногт өгсөн мэдээллээр дэлхий дахинд коронавирусийн халдварын тохиолдол есөн хувиар, нас баралт 15 хувиар буурчээ.
Манай улсын багтдаг Номхон далайн баруун бүсэд халдварын тохиолдол найман хувиар, мөн нас баралт өссөн байна. Энэ өвөл коронавирусийн халдварын тохиолдол улс орнуудад хоёр дахин нэмэгдэх таамаглалыг гаргаж байна. АНУ, Их Британийн эрдэмтэд коронавирусийн халдварын тохиолдол тухайлбал АНУ-д оргил үедээ өдөрт нэг сая тохиолдлыг бүртгэнэ гэсэн таамаглал гаргаад байна.
Улс орнуудын тактикийг харвал есдүгээр сарын 1-нээс 60-аас дээш насны иргэдээ нэмэлт вакцинд хамруулах бодлого барьж байна. Манай улсын хувьд хамгийн давуу тал нь коронавирусийн эсрэг вакцин хийлгэсэн. Хүн төрөлхтөн вакцин хийлгэснээр коронавирусийн цар тахлыг амжилттай давж буй.
АНУ, Их Британи улс есдүгээр сарын 1-нээс Омикрон хувилбарын шинэ вакциныг бүртгэж, худалдан авалт хийн бэлтгэлээ хангаж байна. Омикронд чиглэсэн хувилбарын шинэ вакцинуудыг тарихад бэлдэж байна. Омикроны В.А.5-ын араас шинэ хувилбар гарч ирнэ. Дэлхийн олон орны эрдэмтэд коронавирусийг улирлынхтай адил нутагшмал хэлбэрт орж, хөнгөн өвтгөдөг, гурван жилд нэг удаа давлагаа өгдөг хувилбар руу шилжинэ гэсэн таамаглалтай байсан.
Харамсалтай нь энэ таамаглал эвдэгдэж Омикрон дотроос шинэ хувилбар гарч, шинж тэмдгийн хувьд хүндрэл эрсдэлтэй. 60-аас дээш насны хүн ам болон вакцингүй байгаа 11-ээс доош насныханд эрсдэл учруулах таамаглалыг дэвшүүлж байна.
Энэ намар, өвөл эхлэх томуу төст өвчинтэй хавсарсан томоохон дэгдэлтүүд цар тахлын шинэ хувилбартай хавсрах учраас эм тариа, эмнэлгийн хэрэгслийн болон эмч, ажилтны нөөц бүрдүүлэх, худалдан авалт хийх бэлтгэл ажлуудыг хийж байна” хэмээлээ.
Б.Байгалмаа: Өмнөх жилүүдийн тоон үзүүлэлтээс харахад энэ үзүүлэлт нэмэгдээгүй
Улсын Гуравдугаар Төв эмнэлгийн харвалтын тасгийн эрхлэгч Б.Байгалмаа “Улсын Гуравдугаар Төв эмнэлэгт 2019 оны байдлаар 982 эмчлүүлэгч цусны цочмог харвалт оношоор хэвтэн эмчлүүлсэн байна. Харин тархины судас бөглөрч харвах 337 тохиолдол бүртгэгдсэн. Мөн 2020 онд 1003 цусны цочмог харвалттай өвчтөн хэвтэн эмчлүүлснээс 351 нь тархины судас бөглөрч харвах 337 тохиолдол бүртгэгдсэн. Дараад нь 2021 оны байдлаар цусны цочмог харвалттай 789 өвчтөн хэвтэн эмчлүүлснээс 270 тохиолдол нь тархины судас бөглөрч харвасан байна. Тэгвэл энэ оны эхний долдугаар сарын байдлаар 568 цусны цочмог харвалттай өвчтөн эмчлүүлснээс 237 нь тархины судас бөглөрч харвасан өвчтөн байна.
Коронавирусийн халдвар гарснаас хойш бүртгэгдсэн тархины эдийн цус харвалт, тархины судасны бөглөрөлтийн цус харвалтад өөрчлөгдөөгүй. УГТЭ-т залуучуудын харвалт бүртгэгддэг. Өмнөх жилүүдийн тоон үзүүлэлтээс харахад энэ үзүүлэлт нэмэгдээгүй” гэв.
Ж.Ариунаа: Харвалт нь зүрх судасны суурь өвчнөөс үүсдэг
Улсын Гуравдугаар Төв эмнэлгийн харвалтын тасгийн зөвлөх эмч Ж.Ариунаа “Цус өтгөрлөөс шалтгаалан харвах өвчлөлд олон өвчлөл багтдаг. Хамгийн гол нөлөө үзүүлдэг нь суурь өвчин байдаг. Харвалт нь зүрх судасны суурь өвчнөөс үүсдэг. Үүнтэй холбоотойгоор цус бүлэгнэлт их явагддаг” гэлээ.
Энэ оны эхний долдугаар сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 10254 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 64 тохиолдлоор их байна. Энэ оны эхний долдугаар сарын байдлаар бүртгэгдсэн тохиолдлоос 31.8 хувь буюу 3263 тохиолдол нь зүрх судасны өвчний шалтгаант нас баралт байгаа ба сүүлийн таван жилийн дунджаас 12 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа.
Эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд дээрх мэдээллийг хүргэсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.
Цус өтгөрөл гэж юу вэ?
-Цус нь дүрст элемент, шингэн гэсэн хоёр хэсгээс бүрддэг. Энэ нь зохистой харьцаа ямар нэг байдлаар алдагдахыг цусны өтгөрөл гэдэг. Цус өтгөрөл нь: Эсийн гаралтай буюу улаан эс ихсэх,Сийвэнгийн бүтцийн өөрчлөлт буюу эмгэг уураг, Бүлэгнэлтийн өөрчлөлт буюу бүлэгнэлт ихсэх байдлаар илэрнэ. Эдгээр гурван төрлийн цус өтгөрөлт нь ковидын үед тохиолдож байгаа нь батлагдсан. Мөн таргалалт, чихрийн шижин, хавдар, архаг үрэвсэлт өвчин, зүрх судасны өвчний эмгэгийн үед цус бүлэгнэлтийн өөрчлөлт буюу цус өтгөрөл үүсдэг.
Цусыг хэрхэн шингэлэх вэ?
-Цус шингэлэх олон төрлийн эм байдаг. Дээр дурдсан гурван төрлийн цус өтгөрлийг эмчлэх эмийн эмчилгээ нь өөр өөр байдаг. Эдгээр эмүүдийн зарим нь гэрийн нөхцөлд хэрэглэх боломжгүй байдаг.
Цус өтгөрлийг хэрхэн эмчлэх вэ?
-Тухайн өвчний оношийг зөв тодорхойлсны дараа эмчилгээ хийлгэнэ.
Ийнхүү салбар яамны мэргэжилтнүүдийн өгсөн мэдээллээр цус өтгөрөл гэдэг нь тусдаа өвчин эмгэг биш, ямар нэг өвчний процесс заавал хамт явагддаг байна. Тухайн дагалдаж буй өвчнийг оношилж түүнд тохирсон эмчилгээ хийлгэх ёстой байдаг аж. Цус өтгөрөл нь зөвхөн коронавирусийн халдвар бус олон эмгэгүүдийн үед гардаг. Цус бүлэгнэлтийг тухайн хүний бие шууд мэдрэх боломжгүй. Харин урьдчилан сэргийлэх үзлэгээр илрүүлэх боломжтой гэх мэдээллүүдийг хүргэснээр энэ удаагийн мэдээлэл өндөрлөв.