Спорт
ВОЛЕЙБОЛЫН ШИГШЭЭ БАГ “ЧЕЛЛЕНЖ КАП” ТЭМЦЭЭНЭЭС ЭХНИЙ ХОЖЛОО АВЛАА

Кыргызстан улсын Чолтон-Ата хотноо Азийн волейболын холбооны 3 дахь удаагийн “Челленж цом” тэмцээн зохион байгуулагдаж байна. Энэхүү тэмцээнд Монгол, Саудын Араб, Узбекистан, Кыргызстан улсын шигшээ багууд өрсөлдөж байгаа юм. Манай улсын багийн хувьд тэмцээний эхний өдөр эзэн орон Кыргызстаны багтай таарч, 25-21, 27-25, 25-14-өөр 3-0-ийн харьцаатайгаар хожил байгууллаа. Монголын эрэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Б.Даринчулуун, туслах дасгалжуулагчаар Б.Мөнхнаран ажиллаж байна. Шигшээ багийн бүрэлдэхүүнд А.Даваажаргалаар ахлуулсан Б.Анхбаяр, Р.Хангай, Э.Алтангэрэл, Г.Цэнд-Аюуш, З.Буянжаргал, О.Чойжилсүрэн, М.Цэрэнбаатар, Г.Ган-Очир, О.Золбоо, З.Цэнд-Аюуш, Б.Батсуурь, Э.Энх-Амгалан, Т.Хангал нар багтаад байна. Энэ удаагийн бүрэлдэхүүнд Монголын шигшээ багт байсан, улсаа төлөөлж олон улсын тэмцээнд оролцож байсан Р.Хангай тэргүүтэй 8 тоглогч байгаа бол бусад 6 тоглогчийн хувьд анхны олон улсын тэмцээндээ оролцож байна.
Кыргызстантай хийсэн эхний тоглолтонд Тамираагийн Хангал 7 довтолгоо, 4 хаалт, 1 давуулалтаар оноо авч нийтдээ 12 оноогоор багаа манлайлсан бол Осор Чойжилсүрэн 3 довтолгоо, 3 хаалт авч 6 оноо, Эрдэнэбаярын Энх-Амгалан 5 довтолгоогоор удаалжээ. Мөн энэхүү тоглолтонд Киргизын баг 42 алдаа гаргасан бол манай баг 19 алдаа гаргажээ.
Тэмцээнд Монгол, Киргиз, Саудын Араб, Малдивын шүүгчид ажиллаж байна. Узбекистан, Саудын Арабын багийн тоглолтыг манай улсын шүүгч, Азийн волейболын холбооны шүүгч Ганбаатарын Золбаяр шүүсэн юм. Саудын Араб, Узбекистаныг 3-2-ийн харьцаатайгаар ялсан байна. Өдөрт хоёр тоглолт явагдаж байгаа бөгөөд эхний хоёр тоглолтын дараа манай улсын шигшээ бүтэн 3 оноотойгоор хүснэгтийг тэргүүлж байна. Дашрамд сонирхуулахад, Монголын эрэгтэйчүүдийн шигшээ баг 2018 оны Жакартагийн Азийн наадам, 2018 оны Азийн волейболын холбооны анхдугаар “Челленж Кап” тэмцээнд оролцсоноос хойш 4 жилийн хугацаанд олон улсын тэмцээнд оролцоогүй юм. “Челленж Кап-2018” анхдугаар тэмцээн Шри Ланк улсад зохиогдоход манай шигшээ нийт 8 багаас 8-д эрэмбэлэгдэж байсан бол хоёр дахь удаагийн тэмцээн 2020 онд болох байсан ч цар тахлын улмаас цуцлагдаж, “Челленж Кап-2022” тэмцээн гурав дахь удаагийн гэсэн тодотголтойгоор Кыргызстан улсад зохион байгуулагдаж байгаа юм.
Өнөөдөр манай шигшээ баг УБ-ын цагаар 17:30 минутаас Саудын Арабын багтай тоглох болно. Саудын Арабын шигшээ баг нь тэмцээнд оролцож багууд дундаа чансаа өндөр, 2018 оны анхдугаар тэмцээнд 2-р байранд шалгарч байжээ. Тэмцээн тойргийн системээр явагдаж, хагас шигшээд хэсгийн 1-ээр шалгарсан баг 4-өөр гарсан багтай, 2-оор гарсан баг 3-аар гарсан багтай тоглож, хожсон хоёр баг нь аваргын төлөө, хожигдсон хоёр баг хүрэл медалийн төлөө өрсөлдөх юм. “Челленж Кап-2022” тэмцээн 9-р сарын 4-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

Спорт
Сүхбаатар аймгийн Онгон сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр түрүүлжээ

Спорт
“ХАРБИН-2025”: О.Мишээл 19, Г.Марал-Эрдэнэ 20 дугаар байрт орлоо

БНХАУ-ын Харбин хотод “Харбин-2025” Азийн өвлийн спортын IX наадам долоо дахь өдрөө болов. Хоёрдугаар сарын 13-нд уран гулгалтын эмэгтэйчүүдийн чөлөөт үзүүлбэрийн ганцаарчилсан төрөлд 24 тамирчин оролцсон бол манай улсаас дасгалжуулагч Тэцүкацү Накашимагийн удирдлага дор О.Мишээл (55.30 оноо), дасгалжуулагч Рина Хорегийн удирдлага дор Г.Марал-Эрдэнэ (54.72 оноо) нар чөлөөт үзүүлбэрээ үзүүлж, О.Мишээл 19 дүгээр байр, Г.Марал-Эрдэнэ 20 дугаар байрт орлоо. Г.Марал-Эрдэнэ Азийн наадамд хоёр дахь удаагаа оролцсон бол О.Мишээлийн анхны Азийн наадам, мөн насанд хүрэгчдийн анхны тэмцээн нь энэ байлаа.
Тус төрөлд БНСУ-ын уран гулгагч, ДАШТ-ий хүрэл медальт Ким Чае Ёон (147.56 оноо) алтан медаль хүртэж, Япон улсын тамирчин, ДАШТ-ийн гурван удаагийн аварга, олимпын мөнгө, хүрэл медальт Каори Сакамото (136.87 оноо) мөнгө, Япон улсын тамирчин Ёшида Хана (136.44 оноо) хүрэл медаль хүртлээ. Монголын уран гулгалт, шорт трейк, гүйлтийн тэшүүрийн баг Азийн наадамд анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон нь анхдагч үйл явдал болсныг нэмж тодотгоё.
Спорт
Б.Алтанчимэг холимог тулааны ДАШТ-ээс Монголын баг тамирчдын анхны медалийг хүртлээ

Узбекистан улсын нийслэл Ташкент хотод холимог тулааны залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 5-10-ны өдрүүдэд болж байна.
Нийт 85 орны 900 гаруй тамирчин өрсөлдөж байна.
Тэмцээний залуучуудын эмэгтэйчүүдийн 61.2 кг-ын жинд Монгол Улсын тамирчин, Азийн АШТ-ий хүрэл медальт Б.Алтанчимэг Узбекистаны тамирчин Покиза Баксриеваг ялснаар хүрэл медалийн болзол хангалаа.
Тэрбээр өнөөдөр мөнгөн медалийн төлөө Словак улсын тамирчин Европын аварга Эва Эрделиоватай тулалдах юм.
Б.Алтанчимэг холимог тулааны ДАШТ-ээс медаль хүртсэн анхны монгол тамирчин болж байна гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.