Дэлхий дахинд
Украин дахь Оросын дайн дэлхий дахиныг хүнсний хомсдолд оруулах нь
Оросын цэргийн тусгай ажиллагаанд өртөөд байгаа Украин нь улаан буудай, эрдэнэ шиш, наран цэцэгийн тосны томоохон экспортлогч орон. Хар тэнгис дэх усан боомтуудыг нь оросууд минижүүлснээс болоод Украин их хэмжээний үр тариагаа гадаадад гаргаж чадахгүй болоод байсан. Украин улс жил бүр, ихэнх нь хөгжиж байгаа орнуудад амьдардаг 400 сая хүнийг тэжээхэд хангалттай хэмжээний үр тариа экспортолдог. Гэтэл оросын цэргийн ажиллагаанаас болоод улаан буудайн үнэ 2008 оноос хойш хамгийн өндөр буюу 74 хувиар өсөөд байна. Оросын цэргийн тусгай ажиллагаа эхлэхээс өмнө Украин, Орос хоёр дэлхийн улаанбуудайн нийт экспортын 29 хувийг, наранцэцгийн тосны 75 хувийг экспортолдог байсан юм.
Зэвсэгт мөргөлдөөнөөс болоод улаан буудайн үнэ ийн өссөн нь Орос, Украины улаан буудайн экспортоос хараат Египет зэрэг хойд африкийн орнуудад хурцадмал байдал үүсгэн, нийгмийн эсэргүүцэл давалгаа гарахад хүрээд байна.
Энэ 2022 оны тавдугаар сар гэхэд Украинд 20 сая тонн үр тариа хадгалагдаж байсан ч оросууд усан боомтуудыг нь хааснаас болоод экспортод гаргаж чадахгүй болоод байсан юм. Европын комисс Украины үр тариаг ачааны машин, галт тэргээр экспортлох газрын шинэ зам санал болгосон. Мөн төмөр замаар болон Дунай мөрнөөр тээвэрлэх санал ч байна. Еврокомиссын төлөөлөгч Жозеп Боррель “Бид Украиныг үр тариа, улаан буудай үйлдвэрлэх, экспортлоход нь туслах ёстой. Украины агуулахууд одоо дүүрэн байна. Шинэ ургацын үр тариа буухад агуулахыг нь суллах шаардлагатай байна. Үр тариаг хэрхэн гаргах асуудлаар бид ажиллаж байна” гэж хэлсэн.
Үүний зэрэгцээ эзлэгдсэн газар нутгуудаас оросууд Украины үр тариаг хугайлж байгаа нь хүнсний хямрал даамжрахад хүргэж болзошгүй гэж Украины албаны хүмүүс ярьж байна.
ХБНГУ-ын Хөдөө аж ахуйн сайд Оросыг үр тарианы зах зээл дээрх “өрсөлдөгчөө устгах гэж”, “эдийн засгийн дайн” явуулж байна гэж буруутгаж, тэдний зорилго нь фермерүүдийн өмчийг “булаах” явдал юм. Орос “хулгайлдаг” одоо ч “хулгайлж байна” гэж Германы сайд онцолжээ.
Ер нь Украин дахь дайн, Оросын эсрэг өрнөдийн хориг нь дэлхийн хөдөө аж ахуйн бүтээгдхүүний хоёр том үйлдвэрлэгчийн бүтээгдхүүнээ борлуулах, зах зээлд гаргахад нь садаа болж байгаа юм. Энэ хоёр улс дэлхийн улаан буудайн экспортын 30 орчим, эрдэнэ шишийн 18 хувийг гаргадаг юм. Хамгийн гол нь энэ экспортын ихэнх нь Хар тэнгисийн боомтуудаар дамжин зах зээлд гардгийг оросууд хаачихсан нь хүнсний хомсдол үүсэх нөхцөл болоод байгаа юм.
Орос, Украин, Турк, НҮБ хамтраад украины үр тариаг Хар тэнгисээр гаргах хэлэлцээр байгуулж долдугаар сарын 22-нд гарын үсэг зурсан. Стамбулд болсон ёслолд НҮБ-ын ерөнхий нарийн бигчийн дарга Антониу Гутерриш, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган, Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, Украины Дэд бүтцийн сайд Александр Кубраков нар оролцсон юм. Украины боомтуудаар үр тариа гаргах энэ хэлэлцээрийн үйлчлэх хугацааг 120 хоног гээд, шаардлагатай бол сунгана гэж Гутерриш мэдэгдсэн байна.
Үүний зэрэгцээ “Оросын хүнсний бүтээгдэхүүн, бордоог дэлхийн зах зээлд гаргах тухай ОХУ болон НҮБ-ын нарийн бичгийн дарга нарын хоорондох санамж бичиг” нь гурван жил хүчинтэй гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдээлсэн юм.
Европын холбооны аюулгүй байдал, гадаад хэрэг хариуцсан Дээд төлөөлөгч Жозеп Боррель Украины үр тариаг экспортод гаргах хэлэлцээрт ийн гарын үсэг зурсан нь хамгийн зөв алхам гэж нэрлэсэн байна. “Стамбулын хэлэлцээр нь зөв чиглэл дэх том алхам. Үүнийг бид аль болох түргэн хэрэгжүүлэхийг уриалж байна” гэж тэр онцолжээ.