Дэлхий дахинд
БАМ ЗӨВЛӨЛТИЙН ЗУУНЫ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ
ОХУ-ын Ерөнхийөгч Владимир Путин зарлиг гаргаж “Байгал-Амурын төмөр замын 50 жил” гэсэн ойн медаль гаргахаар болсон байна. “Байгал-Амурын төмөр замын бүтээн байгуулалт эхэлсний 50 жилийн ойд зориулан тогтоох нь: 1.”Байгаль-Амурын төмөр замын 50 жил” гэсэн ойн медалийг баталсугай” хэмээн баримт бичигт дурджээ.
БАМ буюу Байгал-Амурын төмөр зам нь Дорнод Сибирь, Алс Дорнодыг чиглэж Тайшет өртөөг Зөвлөлтийн гаваньтай холбодог Оросын Номхон далайд гарах Транссибирийн төмөр замтай адил хоёр дахь төмөр зам юм. Нийт урт нь 4.3 мянган км.
Эртний төлөвлөгөө, барьж эхэлсэн нь
Орчин үеийн БАМ-ын маршрутыг бүр 1880-аад онд Транссибирийн төмөр замын нэг хэсэг болгон барихаар судалж байжээ. Улмаар 1930-аад онд ГУЛАГ-ийн засан хүмүүжүүлэх газрын хоригдлуудын хүчээр Тайшетаас Братск хүртэлх хэсгийг барьсан байна.
1945 онд БАМ-ыг шинэчилж, уурын оронд дизель эсвэл цахилгаан зүтгүүрт шилжүүлэх, мөн Баруун Сибирээс шинээр нээсэн газрын тосыг тээвэрлэх ажлыг нэмэгдүүлэх төлөвлөгөө боловсруулж дуусгажээ. Сэргээн босголтын ихэнх ажлыг 1967-1974 онд хийсэн боловч шинэчлэлтэд 25 жил, 3000 маркшейдер, төлөвлөгч шаардлагатай байсан нь энэ ажил удаашрахад хүргэсэн байна.
Шинэ эхлэл
Ингэж байтал 1974 оны гуравдугаар сард ЗХУКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Леонид Брежнев БАМ-ыг Зөвлөлт холбоот улсын 1976-1980 оны есдүгээр таван жилийн хоёр том төслийн нэг болгох санал гаргалаа. Энэ байгууламжид дахиад хоригдлуудын хөдөлмөрийг ашиглая гэсэн саналыг няцааж Брежнев “БАМ-ыг зөвхөн цэвэр гараар барих болно” гэжээ.
БАМ гэдэг нь
Байгал-Амурын төмөр зам нь Тайшетаас Номхон далайн эрэг дээрх Зөвлөлтийн Гавани хүртэл нийтдээ 4287 км үргэлжлэх зам. Төмөр зам Сибирийн тайга, Становын уулс, долоон их нуруудыг дайран өнгөрнө. Хамгийн өндөр цэг нь Мурурины хавцал далайн түвшнээс 1323 метр өндөр. Төмөр зам барихад өндөр уулын доогуур нийт есөн хонгил гаргасны хамгийн урт нь Оростоо хамгийн уртад орох Северомуйн хонгил 15.3 км.
Төмөр зам 11 том гол мөрнийг гаталж, эдгээр дээр нийтдээ 2230 том жижиг гүүр барьсан байна. Төмөр зам 200 орчим төмөр замын станц, зөрлөг, 60 гаруй хот, тосгоныг дайран өнгөрдөг.
Комсомолын бүтээн байгуулалт
Барилгын ажил эхлэхэд Бүх холбоотын Лениний коммунист залуучуудын эвлэл БАМ-ыг комсомолын барилга байгууламж хэмээн шефлэн авч штаб байгуулан залуучуудыг илгээлтээр илгээж эхэлсэн юм. Төмөр замын үндсэн шугамыг 1972 оны дөрөвдүгээр сараас 1984 оны аравдугаар сар хүртэл 12 жил барьсан байна. Улмаар 1989 оны арваннэгдүгээр сарын 1-нд Северомуйн нуруунд сүүлийн 54 км замыг барьж нийт гурван мянган км шинэ замыг байнгын ашиглалтад өгчээ.
Харин хоёр талаасаа зам барьж явсан Александр Бондарь, Иван Варшавский хоёрын бригад 1984 оны есдүгээр сарын 29-нд Куанда өртөөнд уулзан замаа холбож “алтан хадаас” хатган ёслол үйлдсэн юм.
Комсомол энэ байгууламжийг шефлэн авснаар 1974 оны эцэс гэхэд 156 мянган залуу энэ ажилд оролцохоор хүсэлтээ гаргаснаас 50 мянга нь БАМ-ын бүтээн байгуулалтад оролцохоор явжээ. Эдний нэг хэсэг нь зам барих ажилд очсон бол нэг хэсэг нь бусад үйлчилгээний ажилд очсон байна. Ингээд 1975, 1976 он гэхэд 28 шинэ суурин газар бий болж 70 гүүр барьсан байна.