Монгол бол унаган байгалийн орон. Монголчуудын байгалиа шүтдэг уламжлал, байгальд харьцангуй бага сөрөг нөлөөлөлтэй нүүдэлч амьдралын хэв маяг эдүгээ ч хэвээр хадгалагдан үлдсэн. Өргөн их талууд, өндөр сүрлэг уулс, уудам говь цөл, их тайга бүхий ой хөвч, том гол мөрнүүд, үзэсгэлэнт сайхан нуурууд, дэлхийд ховордсон ан амьтад, жигүүртэн шувууд, өвс ургамалтай. Манай улс 1954-1990 оныг Монголын аялал жуулчлалын суурь хөгжлийн үе гэж тодорхойлдог ба Монголын хувьд харьцангуй шинэ залуу салбар юм. Гэсэн ч энэ салбар манай улсын хувьд эдийн засагт оруулах хувь нэмрээрээ уул уурхай болон хөдөө аж ахуйн салбарын араас гуравт ордог чухал том салбар мөнөөсөө мөн.
Аялал жуулчлалын салбар нь ДНБ -ий 7.2, нийт бараа үйлчилгээний экспортын 6.8 (үйлчилгээний экспортын 49 хувь), нийт ажлын байрны 7.6 хувийг тус тус бүрдүүлдэг. одоогийн Жуулчин компани нь 1954 онд Гадаад Худалдааны Яамны дэргэд “Гадаадын жуулчдад үйлчлэх товчоо” нэртэйгээр байгуулагдаж анчин, жуулчид болон социалист хамтын нөхөрлөлийн орнуудын групп жуулчдад үйлчлэх болсноор Монгол оронд аялал жуулчлал хөгжих эх үүсвэр тавигджээ.
Монголын үүх түүх, соёл, байгалийн үзэсгэлэн бишрэм сайхан. Тиймдээ ч гадаад, дотоодын жуулчдын сэтгэлийг татах газар дэндүү олон. Зам харилцаа хөгжихийн хэрээр мянган бээрийн газрыг хэдхэн цагт товчлох хурдан техникийн ачаар зорьсон газартаа саадгүй хүрдэг болов. Гэвч өнгөрсөн хугацаанд зам дагаж хөгжил ярьснаас биш хүнийхээ хэрэгцээ шаардлага, тав тухыг ер тоосонгүй. Монгол аялал жуулчлалын компаниуд сүүлийн жилүүдэд тоо нь эрс өссөн. Тэр хэрээрээ өрсөлдөөн нэмэгдэвч, зөвхөн үнэ ханшаа л ярихаас хэтрэхгүй нь ээ. Угтаа бол тэд онгоцноос буугаад манай оронд хөл тавьж эхэлмэгц нь л үйлчилгээгээ үзүүлэх ёстой. Тэд хүний мөнгийг авсан шигээ үйлчилгээг үзүүлж чадахгүй байгаа нь үнэхээр харамсалтай. Тэр ч утгаараа сүүлийн жилүүдэд үүргэвчтэй бадарчлах аялагчдын тоо нэмэгдсээр.
Хямд зардлаар монгол хүмүүсийн уужуу сайхан сэтгэлийн хүчинд үнэгүй хоол идэн, үнэгүй хоног төөрүүлэн явах энүүхэнд болж. Дэлхий нийтийг хамарсан ковид-19 цар тахлын улмаас 2019-2021 оныг дуустал гадаадаас жуулчид хүлээн аваагүй, улсын эдийн засагт болон энэ төрлийн бизнес эрхлэгчдэд томоохон цохилт болсон. Аялал жуулчлалын салбарын ажил эрхлэлтэд ноцтой нөлөөлж үндсэн ажилчдыг 20%, цагийн ажилчдыг 88%-аар бууруулахад хүргэсэн. Ялангуяа жуулчны компаниуд эдийн засгийн хямралаас гадна мэргэшсэн боловсон хүчнээ алдаж байгаа нь тэдэнд хүндээр тусч байгаа гэв. Хөтөч гэдэг ажлыг дуртай хүн болгон хийгээд байдаг ч юм биш. Хувь хүн боловч, цаагуураа улсаа төлөөлж, улсаа танилцуулж буй хариуцлагатай ажил юм. Харин цар тахлын дараа дэлхий дахинд аялал жуулчлалын тэсрэлт, эргэлтийг хүлээсэн улс орон их байна. Тэгвэл бид цар тахлын дараах аялал жуулчлалын тэсрэлт, эргэлтэд бэлэн байна уу гэх асуулт гарч ирж байгаа юм. Гэвч бэлэн биш гэдгийг аялалаар явсан иргэдийн сошиал орчноос харж болно.
Тэнд сайн сайхан юм ч байна харин саар нь бүүр олон харагдах аж. Нэгэнт гадаадын жуулчид байхгүй цар тахлын үед манай иргэд дотооддоо аялах сонирхол эрс нэмэгдсэн. Тэд 2019 оноос хойш гэр бүл, ах дүү, амраг садан гээд нийлж баг болон ёстой л монгол орныхоо дөрвөн зүг, найман зовхист хөвөрцгөөсөн. Ингэснээр хяналтгүй аялал жуулчлал нэлээд газар авсан.Ингэж явахдаа аяллын соёлыг нэвтрүүлэх нэгэн байхад аль тааралдсан газраа хог, новшоо хаяж буудалласан газар орноо бузарлаад явах нь ч их байв. Үүнд дан ганц хувь хүмүүс буруутай гэж бодохгүй байна. Учир юу гэвээс нэгэнт гаднаас жуулчин авч чадахгүй байгаа энэ үед төр засгаас тусгайлан бодлого гаргаж ядаж л иргэддээ түр буудаллах цэг олноор байгуулж, тодорхой үнэ хөлсөөр байршуулж болох мэт.
Түүнтэй зэрэгцэн хаа сайгүй хормойгоо дэвсэн суугаад бие засах иргэдийг харахад хэддүгээр зуунд амьдарч буйгаа ч мартана. Энэ XXI зуунд манайд л харж болох эмгэнэлтэй дүр төрх. Бид боловсон бие засах газар хүсээгүй ээ, эхний ээлжинд цэвэрхэн л бол модон байсан ч болно. Иргэд бухимдахаас өөр яалтай ч билээ. Түр буудаллах цэг, бие засах газар гэж ярихын сацуу замын дагуух гэр буудал гэх газар зайлшгүй яригдана. Тэд хүнээс мөнгөө л авахаас, хүний тав тух, ариун цэврийг бодсон юм “Түй” ч алга. Бүр ихэнх нь гээд боддоо. Зам зуур ядарсан, бороо усанд боогдсон иргэд хоног төөрүүлэхээс аргагүйг тэд мэдэхийн дээдээр мэддэг. Тиймдээ ч шивэр үнэртсэн хөнжил, хир наалдсан гудсаа цэвэрлэхийг үл хүснэ. Тийм шаардлага тавьсан иргэдэд “Дургүй бол яв” гэсэн хариулт өгнө.
Аргагүйн эрхэнд машинд байх цаасан хайрцгийг нялх балчируудынхаа доор давхарлан дэвсэж, томчууд өөрсдийгөө гаргуунд хаяна. Хаана гол, ус тааралдана тэр хүртэл хир, шивэр үнэртэн биеэ маажихаас өөр замгүй. За хоол ундны тухайд яриад ч хэрэггүй, рестораны үнэтэй ч, хоолоо давахад нэлээхэн хэцүү. Гэтэл бидний нөгөө ад үзээд байдаг Казакууд буюу Баян-Өлгийд байдал шал өөр. Тэд хүний мөнгийг авсан л бол үйлчилгээг тултал биш юм аа гэхэд ихээхэн боломжийн хэмжээнд үзүүлнэ. Тэнд гэр буудалд нь ямартаа ч шивэр, хиртэй харагдах нь битгий хэл үнэртэх ч үгүй. Хоол ундны хувьд ч амтны хажуугаар аяга, таваг, сав суулга гял цал.
Бүр захиалаагүй байхад л хүүхдүүдэд “бантан” хийгээд авчирч өгөх энүүхэнд. За тэгээд гэр буудлаас хөдлөхөд “Хөтөч”-ийн үйлчилгээг тултал үзүүлнэ. Бүх юм нь төлөвлөгөөний дагуу явагдана. Тэнд бууж үйлчлүүлсэн хүмүүс дараа ирэхдээ дахин ирэхээс өөр сонголтыг үлдээхгүй байгаа нь үнэхээр гайхалтай. Гэтэл бид яагаад ийм үйлчилгээ үзүүлж болохгүй байгаа нь бас л гайхалтай.