Өдгөө 30 жилийн түүхтэй Монгол–Оросын хамтарсан сургууль хичээлийн шинэ жилийн “Эрдмийн баяр”-аа тэмдэглэлээ.
Тус сургуулийн шинэ хичээлийн жилд 96 анги бүлэгт 2600 гаруй сурагч суралцаж, ОХУ, АНУ, Япон, ХБНГУ, Австрали, БНХАУ, Турк,Тайвань, Итали, Бразил, Канад, Монгол зэрэг 13 орны 250 багш ажиллах юм.
Монгол-Оросын хамтарсан сургуулийн 30дахь жилийн төгсөгчид ОХУ-ын Улсын нэгдсэн ерөнхий шалгалт болон Монгол улсын Ерөнхий шалгалтуудыг амжилттай өгч, гадаад, дотоодын их дээд сургуулиадад амжилттай элсэн суралцаж эхэллээ. Энэ жил дэлхийн ТОР-50-д багтах их сургуульд 44 сурагч 85-100 хувийн тэтгэлэгтэй суралцах урилга хүлээн авлаа. Энэ бол Монгол-Оросын хамтарсан сургуулийн зүй ёсны бахархам амжилт юм.
Тэгвэл тэдгээр шилдэг төгсөгчдийн хойчийг залгамжлах, тэрхүү амжилтын дараагийн эзэд энд хуран цугларч, эрдэм номын ажилдаа орох гэж байна.
Монгол-Оросын хамтарсан сургуулийн захирал Ж.Соронзон (ph.d) нээлийн үеэр хэлэхдээ “Монгол-Оросын хамтарсан сургууль ямагт “сайн сургууль” байхыг хичээж, чармайж ирлээ. Энэ бол манай сургуулийн эрхэм зорилго, итгэл үнэмшил, уриа дуудлага болсон гэж хэлж болно. Энэ эрхэм зорилго, итгэл үнэмшил, уриа дуудлага цаашид ч үргэлжилнэ гэж найдаж байна. Сайн сургууль байх нь амаргүй бөгөөд асар их хүч чармайлт, хичээл зүтгэл, зориг тэвчээр, эрэл хайгуул шаарддаг юм аа. Шинэ хичээлийн жилд ч сайн сургуулийг бүтээх, хадгалах, хөгжүүлэх хичээл зүтгэл саарахгүй.
Үр хүүхдээ амжилтад хүргэхийг, сайн сайхан хүн болгохыг, Дэлхийн шилдэг их сургуульд сургахыг хүсэж байгаа бол эсвэл алдартай хүн болсон, дэлхийн нэртэй их сургуульд элссэн, суралцсан, төгссөн бол тэр бүхэн нь ид шид, өнгө мөнгөөр бүтээгүй харин сайн сургуульд суралцаж, өчнөөн жил хичээл зүтгэл гаргасны нь үр дүн мөн” гэж онцлон тэмдэглэв.
Түүний дараагаар Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан багш, сурагчдад хандан хэлсэн үгэндээ “…Эрдмийн их аяных нь эхний өдөр-Хичээлийн шинэ жилийн баярын мэндийг та нартаа хүргэе. Мөн шавь нараа эрдэм мэдлэгийн уурхай руу халуун сэтгэлээр хөтөлж, чиглүүлж байгаа эрдэмтэн багш нартаа чин сэтгэлийн хүндэтгэл илэрхийлж, талархал дэвшүүлье…” гэсэн юм. Нийслэл хотод өнөөдөр 113 мянган хүүхэд багачууд цэцэрлэгт хамрагдаж, 359,160 сурагч Ерөнхий боловсролын сургуульд суралцаж байна. Тэр дундаа 38233 хүүхэд сургуулийн босгоор анхлан алхаж, сурагч болж байгаа бол, 15600 хүүхэд 12 дугаар ангиа төгсөх юм. Энэ жил хамрагдвал зохих хүүхэд бүр цэцэрлэгтээ явж, нийслэлийн бүх сургуульд гурван ээлжийг халах зорилтоо Боловсрол, соёл шинжлэх ухааны яам, Нийслэл хот хамтран биелүүлж сургууль, цэцэрлэгийн хүрэлцээг сайжруулж ажиллалаа. Мөн хамран сургах тойргоор буюу гэртээ хамгийн ойр цэцэрлэг, сургуульд хүүхэд багачууд маань сурч, боловсрох зохион байгуулалтыг бас хийлээ гэдгийг тэрбээр тодотгосон юм.
Ийнхүү тус сургуулийн сурагчдын эцэг эхчүүдийн болон сурагчийн сэтгэгдлийг хүргэе.
н.Тунгалаг:
Энэ сургуульд хоёр хүү маань дөрөвдүгээр анги, зургадугаар ангид сурч байгаа. Энэ сургуулийг сонгох болсон шалтгаан нь нэгдүгээрт төрөлх хэлээрээ суралцахаас гадна, орос англи болон бусад гадаад хэлээр шинжлэх ухааны суурь боловсролын хичээлүүдийг үздэг. Тэрнээс гадна хүүхдийн бие бялдрын хөгжил, ур чадварыг сайжруулах тал дээр олон сайхан ажлуудыг зохион байгуулдаг. Эдгээр ажлуудаа өндөр түвшинд зохиохоос гадна эцэг эхчүүдийн оролцоог маш сайн хангаж өгдгөөрөө их таалагддаг. Дараагийн бас нэг зүйл нь юу вэ гэвэл энэ сургуулийг төгссөнөөрөө манай хүүхдүүд хоёр улсын бүрэн дунд боловсролын гэрчилгээтэй төгсөж байгаа шүү дээ. Мөн Монгол-Оросын энэ сургууль маань сургалтын менежментийн хувьд сайн сайн өөрчлөлтүүдийг хийдэг. Жишээлбэл хүүхдүүдийг нэг ээлжид орууллаа, нэг ээлжинд оруулснаараа үдээс хойш цаг дээрээ хүүхдүүд илүү ихийг сурах, нэмэлт хичээлүүдийг авах гээд ийм сайхан бололцоо боломжууд гарч ирж байгаа юм.
н.Оюунтуяа:
Танай редакцаар дамжуулан Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн нийт сурагчид болон багш ажилчдадаа хичээлийн шинэ жилийн баярын мэндийг хүргэе ээ. Манай гэр бүл энэ сургуультай амьдралаа холбоод арван долоон жил болж байна. Бага охин маань энэ сургуульд одоо сурч байгаа.Сэтгэл маш хангалуун байдаг. Яагаад гэвэл бага ангийн суурь боловсролыг маш сайн тавьж өгдөг болохоор хүүхэд өөрөө потенциал нь хүрээд хичээх юм бол бүх төрлийн ерөнхий мэдлэг маш сайн заадаг. Энэ сургуулийн англи хэлний сургалт бол үнэхээр шилдэг. Бага ангиас нь эхлээд сурлага гэхээсээ гадна хүн байх, хүн болох хүмүүжлийн тал дээр маш сайн ажилладаг. Бага ангиас нь эхлээд хүүхдүүдийг багш нартаа мэндлэх хоорондоо мэндлэн хүндлэх ёсыг маш сайн зааж өгдөг. Эцэг эхчүүд энэ тал дээр сэтгэл маш хангалуун байдаг
Б.Эрдэнэбаяр:
Сургалтын талаар өндөр шаардлагатай гэдэг нь ойлгомжтой, хамгийн гол бахархал шүү дээ. Хүүхдийг хичээлээс гадуурх тэр үйл ажиллагаанд өргөнөөр оролцуулдаг нэг концерт гэхэд л бараг хоёр зуу, ба түүнээс хүүхэд гардаг. Тэгэхээр тэр олон хүүхдүүдийг энэ хичээлээс гадуурх үйл ажиллагаанд идэвхтэй оролцуулах нь ирээдүйн хүүхдийн сургалт хүмүүжилд сайнаар нөлөөлдөг. Тэгэхээр хэнийг ч ялгалгүй энэ мэтчилэн арга хэмжээнд өргөнөөр оролцуулахыг хичээдэг. Энэ нь мэдээж хүүхдүүд болон хүүхдүүдийн эцэг эхчүүдэд маш их таалагддаг. Би бол энэ арга хэмжээг хамгийн үр дүнтэй, ашигтай гэж боддог. Ер нь эцэг эхчүүдтэй өдөр болгон л холбогддог. Багш нар эцэг эхчүүдийг хүүхэдтэй нь хамт сургаад явчихдаг гэж хэлэхэд болно. Монголынхоо нийт хүүхэд багачууддаа есөн сарын 1-ний хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе, сурлагын өндөр амжилт хүсье.
З.Хайдар:
Намайг Зоригийн Хайдар гэдэг би өөрөө энэ сургуулийг 1996 онд төгссөн. Ингээд хоёр том охиноо энэ сургуульд өгөөд одоо тав дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Сургууль сонгох болсон шалтгаан өөрөө энэ сургуульд байсан учраас ямар байсныг мэднэ. Сургуулийн захирлыг 1992 оноос хойш мэднэ, тиймдээ ч энэ сургууль 1992 оноос хойш ямар зам туулж, хэрхэн өөрчлөгдөж, сайжирсныг мэднэ. Мэдээж явцын дунд янз бүрийн алдаа дутагдал гарсан. Гэхдээ тэрийг уйгагүй залруулаад ирсэн сургалтын чанарын хувьд сэтгэл хангалуун байдаг. Багш нартайгаа их ойрхон ажилладаг, үргэлж мэдээлэл солилцдог.
н.Мэргэн:
Миний бие анхны төгсөгчдийн нэг нь. Гучин жилийн дараа өөрийнхөө бага охиныг, энэ сургуульд Ж.Соронзон багшдаа өгсөндөө баяртай байна. Яагаад орос гурвыг сонгосон юм бэ гэхээр бид нар одоо хүчтэй байх хэрэгтэй байна. Монгол улс маань хүчтэй, эрүүл боловсон хүчинтэй байх хэрэгтэй. Тэгж байж дэлхийн зах зээл дээр тэргүүлэх боломжтой болно. Ж.Соронзон багш дээр бэлтгэгдсэн хүүхдүүд аль ч оронд өрсөлдсөн, аль ч оронд сурсан буцаад монголынхоо эдийн засагт их нөлөөтэй.
н.Мөнхтамир:
Намайг Мөнхтамир гэдэг би 12а ангид сурдаг. Манай сургууль орос хэлээр эхэлж зааж байгаад дараа нь англи хэл, тэгээд бас герман хэл, япон хэл эсвэл хятад хэл гэсэн гурван хэлээр сонгож заадаг. Тэрүүгээрээ их давуу талтай мөн англи хэлний их олон кабинеттай бас том танхим байгаа учраас хэл сурахад их боломжтой. Манай сургууль хичээлээс гадуур спорт болон урлагийн тэмцээн уралдаанд идэвхтэй оролцуулдаг. Миний хувьд эхлээд хэлээ сайн сураад мэргэжлээрээ гадаадад ажиллах зорилго тавьсан. Ингээд ангийхаа болон сургуулийнхаа бүх хүүхдүүдэд хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе.
н.Эрдэнэзул:
Эцэг эхчүүд бид нарын хувьд есөн сарын нэгэн маш чухал өдөр байдаг. Энэ сургуулийн манай охин наймдугаар ангид сурдаг. Найман жил энэ сургуультайгаа хувь заяагаа холбоод явж байна. Эцэг эхчүүд бид нар энэ сургуультайгаа маш сайн хамтарч ажилладаг. Энэ сургуулийн хувьд маш онцлогтой. Нэгдүгээрт багш нарын 80 хувь дандаа гадаад багш нар хичээл заадаг. Жишээлбэл Орос, Америк, Канад, Япон, Хятад гэдэг ч юм уу орон орны багш нар хичээл заадгаас гадна хүүхдүүдэд яг сургалтын чанар болон хамгийн гол нь хүүхдүүдийн ёс зүйн төлвийг нэн тэргүүнд суулгаж өгөхөд маш их анхаардаг. Бүх зүйл дээр нь ингээд анхаарч ажилладгийг харахад энэ сургуулийн чанар ямар гэдэг тодорхой. Ингээд багш нар болон бүх сурагчиддаа есөн сарын нэгний баярын мэнд хүргэе гэж хэлье.
н.Баярмагнай:
Энэ өдрийн мэндийг хүргэе Энд хүрэлцэн ирсэн эцэг эхчүүд, хүүхдүүд бүгдэд нь хичээлийн шинэ жилийн баярын мэндийг хүргэе. Энэ бол маш гоё баярын өдөр гэж би хувьдаа үздэг. Яагаад гэхээр монголд маш олон баяр байгаа шүү дээ. Гэхдээ эрдмийн баяр гэдэг хүүхдийн, ялангуяа та, бидний хүүхдүүдийн ирээдүйн хувь заяа. Ямар сургууль төгсөх вэ, ямар сургуульд элсэн орох вэ, дээрээс нь амьдралаа хаашаа яаж чиглүүлж явах вэ гэдгээс суурь хүмүүжил, суурь нь ерөөсөө л энэ сургуулиас бий болдог. Мэдээж, та надаас асуух байх. Ер нь хүүхдээ яагаад энэ сургуульд өгсөн юм бэ гэж . Энэ сургуулийн сайн муу чанар, энэ сургуулийн одоо удирдаж байгаа удирдлагын байр суурь, олон хүүхдүүдийн олон улсын топ сургуульд орчихсон байгаа тэр чанар, үзүүлэлт. Энэ зүйлүүдийг яалт ч үгүй олон жил судалсны үр дүнд хүүхдээ энэ сургуульд өгсөн. Тиймдээ ч энэ сургуульд өөрийнхөө хүүхдийг өгсөндөө туйлын их баяртай байдаг. Дээрээс нь сар бүр хүүхдийн сургалтын чанарт анхаарах, эцэг эхчүүд ямар байр суурьтай байх вэ, эцэг эхчүүд хоорондоо яаж нэгдэж ажиллах вэ, төсөв мөнгөө яаж зарцуулах вэ, хүүхдийнхээ сургалтад эцэг эхчүүд нийлж яаж анхаарах вэ, гээд эцэг эхчүүд хоорондоо ярьдаг.
Ингээд зөвлөл байгуулчихсан, төсөв мөнгөө хоорондоо хянаад явж байдаг. Ер нь бүх юм нээлттэй ирсэн. Өөр сургуулиудийн ээж аав нар анхаарал хандуулж байгаа байдал нь төдийлөн сайн биш байна шүү дээ. Харин энд бол өөр түвшинд байгаа. Ямар ч чухал ажилтай байсан бид өнөөдөр хүүхдийнхээ баяр дээр бүгд л байж байгаа нь хамгийн том илэрхийлэл болж байгаа биз ээ.
Эрдмийн их өргөөнд нь хүүхдүүдээ оруулж өгч буй эцэг эхийн сэтгэгдэл тунчиг баяртай байгаа нь энэхүү сэтгэгдлээс харагдаж байгаа юм. Тэдний хэлсэн зүйлс үнэний ортой үнэхээр л Монгол-Оросын хамтарсан сургуулийн нээлтийн үйл ажиллагаа болоод тэнд суралцдаг хүүхдүүдийн хандлага боловсрол хэрхэн өсөн нэмэгдэж байгаа гэдэг нь нүдэнд тодхон харагдаж байлаа.
Е.Гаукар Мөнх-Оюу