Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан багш нарынхаа боловсрол, эзэмшсэн мэргэжил, дипломыг үнэн зөв эсэхийг шалгаад сүр дуулиантайгаар зарлажээ.
Ер нь өнгөрсөн 30 жилд энд тэнд ажил албанд орж байгаа, ялангуяа дарга, захирал болж байгаа хүмүүсийн төгссөн сургууль, эзэмшсэн мэргэжил нэг гарын таван хуруунд багтахаа больж, сурсан хэл нь бараг л далайн гахайн хэлнээс бусад болчихсон үед энэ бүхэн үнэн зөв эсэхийг шалгах нь зүйн хэрэг.
Ялангуяа УИХ, аймаг нийслэлийн иргэдийн хуралд нэр дэвшиж байгаа болон төрийн албанд орох гэж байгаа хүмүүсийн суралцаж төгссөн сургууль, эзэмшсэн мэргэжил бол ёстой тоймгүй. Дотоод гадаадад суралцаж төгссөн сургуулийнх нь нэрсийг хараад, суралцсан жилийг нь нэмэхээр тухайн хүний улсад ажилласан жил байтугай энэ хорвоод амьдарсан наснаас нь давах шахдаг хүн ч бий.
Чухамдаа манай төр засгийн чадвар муу, өмнөх нийгэм шиг боловсон хүчний хатуу чанд шалгуур байхгүй, нөгөө талаар төр засгийн байгууллагуудаас сургууль боловсролын байгууллагуудтай ажлын уялдаа холбоо мууг далимдуулан орчин үеийн техникийн дэвшлийг ашиглан хуурамч дипломоор гайхуулан ажил албанд шургалдаг явдал газар авсан гэхэд болно.
Төрийн албаны зөвлөлөөс 2009 онд хийсэн ажлын тайлангаа УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд тавихад “Нийслэлийн есөн дүүрэгт шалгалт явуулахад хуурамч дипломтой 140 орчим хүн илэрсэн” гэсэн өгүүлбэр явж л байсан. Зөвхөн төрийн албан хаагчдаас шүү дээ….
Чухамдаа нарийн яривал манай төрийн эрх барих дээд байгууллага, парламент УИХ-д ч тэр олон дипломынх нь зарим нь хуурамч хүн байж л байгаа. Азаар тэдний дипломыг нь бүү хэл мэдрэлийг нь ч шалгахгүй юм даа.
Ер нь дарга захирал, татвар, мэргэжлийн хяналт, гааль, сургуулийн захирал, байгууллагын дарга зэрэг амьдралаа сайжруулчихаж болох ашиг, унацтай байгууллага, албан тушаалд хуурамч диплом ашиглан шургах сонирхол байсаар л байгаа.
Ийм болохоор сурсан сургууль, эзэмшсэн мэргэжил, авсан дипломыг шалгаж нягтлах нь зүйн хэрэг. Чухамдаа энэ бол өнөөдөр байгаа байхгүй нь мэдэгдэхээ больчхоод байгаа Төрийн албаны зөвлөлийн үндсэн үүрэг байх ёстой. Харин хэрхэн хийдэг юм бол.
Харин энэ ажлаа багш нараас эхэлж, үүнийгээ ил тод зарлах нь хэр юм бол….Тэгээд өнөө нэг их сүрхий ажиллаж байгаагаа гайхуулах дуртай сайд нь хичээлийн шинэ жилийн нээлтээр зарладаг нь…..Шалгаж нягтлаад тогтоочихсон юм гэхэд чимээгүйхэн халж солиод өнгөрөөх нь ч яасан юм.
Багш гэдэг бол татварын, гаалийн, мэргэжлийн хяналтын нэг байцаагч биш. Хамгийн багадаа нэг ангийн 30 хүүхэд, цаашлаад анги ангид ордог мэргэжлийн хичээлийн багш ч байгаа. Мэдээж хуурамч диплом ашигласан багшийг бол зөвтгөх аргагүй, гэхдээ энэ мэдээлэл сурагчдад хэрхэн нөлөөлөх вэ…Том дарга нарын том толгойтой хүүхдүүд ямар байдлаар хүлээж авах вэ…Энэ нь “багш аа” гээд хүндэтгэж, мэдэх мэдэхгүйгээ асууж сурж явсан хүүхэд багачуудад яаж тусах вэ….
Энэ бүхнийг ПОП сайд бодсон уу……Үнэхээр хуурамч диплом ашиглаж ажил албанд, ялангуяа төрийн албанд шургалдаг явдал газар авчхаад, сайд дарга нар нь үүний тэргүүн эгнээнд явж байхад энэ шалгалтаа тэднээс эхэлж яагаад болохгүй гэж.
Өмнө дурдсанчлан татвар, гааль, мэргэжлийн хяналт, бүх шатны Засаг даргын тамгын газар, яам агентлагуудад хуурамч диплом зүгээр л захаас аваад байж л байгаа.