Улаанбаатар хотын түгжрэл дугаарын хязгаарлалт, автомашин ачилт гээд хэл ам дагуулсан олон асуудал дагуулж байгаа. Зогсоолгүй газар тавьсан автомашиныг 2013 оноос эхлэн ачиж журамладаг болсон. Үүнээс хойш хоёр төрлийн бизнес цэцэглэв. Тодруулбал, төрийн болон хувийн хэвшлийн байгууллага чиптэй хаалт тавьж төлбөртэй зогсоол ажиллуулж байна. Эхнийх нь төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд гаднах зогсоолдоо чиптэй хаалт тавьж 30 минутын 500, нэгээс дээш цаг тутамд 1000 төгрөгийн хураамж авч эхэлсэн.
Нөгөө нь автомашин ачилтын бизнесийг цэцэглүүлсэн асуудал юм. Хүний эд хөрөнгөд дураар халдаж “дээрэмдэн” ачиж явчхаад 80 мянган төгрөг нэхэж авдаг нь иргэдийн бухимдлыг төрүүлсээр өдий хүрлээ.
Үүгээр ч зогсохгүй өнгөрсөн хавар автомашин ачилтын “дээрмээ” 100 мянга, авто зогсоолын төлбөрийг 2000-3000 төгрөг болгон нэмэх санал гаргасан ч НИТХ-аар аз болж дэмжигдээгүй өнгөрсөн. Хэрэв дэмжигдсэн бол эдийн засгийн хямрал, үнийн өсөлтөд дарлуулсан иргэдийн зэвүү дургүй хоёрыг жинхэнээсээ хүргэх байв. Энэ хоёр хууль бус бизнес хууль ёсных болоод өнөөг хүртэл цэцэглэн хөгжиж олон хүний голыг гонсойлгож түрийвчийг тэмтэрсээр. Төлбөрөө төлөөд зогсоолд нь тавьсан автомашиныг хэн нэгэн нь мөргөж, шүргээд гэмтээсэн тохиолдолд “Бид хариуцахгүй. Эхнээсээ л ийм эвдрэлтэй байсан юм биш үү. Хэзээ хаана мөргөлдөж шүргэснийг бид яаж мэдэх юм. Баталгаа нотолгоогүй юм бүү ярь” гээд өөрсдөдөө хир халдаахгүй бусдыг хээв нэг зад загнаад гүрийдэг талтай.
Ачилтын нөхөдүүд эзнийг нь зодож, түлхэж унагаад эд хөрөнгийг нь аваад явдаг тохиолдол түгээмэл гардаг. Бүр дотор нь байсан нялх хүүхэд, унтаж байсан хүнтэй нь ачаад явсан явдал удаа дараа гарч л байна. За яахав энэ бүр дүүрч. Эрүүл саруул яваа хүн яаж ийгээд учраа олоод явна. Харин томоохон эмнэлгийн гаднаас автомашинаа ачуулах л гаслантай. Жолооч нь эрүүл саруул байлаа ч гэсэн өвчтэй хүн үзүүлээд, аврал эрээд эмнэлэг бараадсан нь тодорхой. Ялангуяа хүнд өвчтэй өөрөө явж чадахгүй хүнтэй яваа бол ёстой л нөгөө дээшээ тэнгэр хол, доор газар хатуу гэдэг л болно.
Энэ харгис үйлдлийн талаар иргэд бараг өдөр бүр цахим орчинд бичиж асуудал тавьсаар. Тэр машин ачилтын нөхөдүүд ч бас хүн. Өнөө биш гэхэд хэзээ нэг өдөр эмнэлэгт хандаад ирэх л байх. Тэр үед нь яг өөр шиг нь үйлдэл гарвал ямар байх бол доо.
Өдийд Улаанбаатар хотын хөл хөдөлгөөн хамгийн их нэмэгддэг. Учир нь оюутан сурагчид хөдөөнөөс ирнэ. Энэ явдлаа далимдуулаад эмнэлэгт үзүүлэх хүн олон. Нөгөөтээгүүр зуны амралт дуусаж ажил жигдэрч буй тул эмнэлгийн очер нэмэгддэг гэж байгаа. Яг ийм эгзэгтэй үеийг машин ачилтынхан андахгүй. Анагаж байгаад л “дээрмийн” ажлаа амжуулж байна. Иргэн Ц… өөрийн цахим хаягтаа “Би сар шахам хугацаанд Хавдар судлалын үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлгээр явлаа. Тэгэхэд арай ч дээ Монгол эх орон минь ийм болчих гэж сэтгэл өмөрсөн. Эмнэлгээр эрүүл саруул хүн явахгүй нь ойлгомжтой. Эмнэлгийн гадаах зогсоолууд төлбөртэй. Бие үзүүлж аврал халамж хүссэн, өвчинд шаналсан хүн үзүүлэх гэж дөрөв, таван цаг болдог. Тэгээд гараад иртэл автомашиныг нь ачаад явсан байна. Зогсоолд тавилаа гэхэд 5-10 мянган төгрөг нэхдэг. Өвчнөө анагаах гэж яваа хүн эм тарианаас өгсүүлээд шинжилгээ хийлгэх, зураг авхуулах гээд асар их мөнгө зарцуулдаг. Гэтэл хажуугаар нь бас нэг зардал нэмэгдээд гараад ирдэг нь үнэхээр харамсалтай. Ард иргэд биднийг яаж амьдар гээд байгаа юм бэ. Энэ дарга нар зурагтаар гарах, сонгууль болохоор л гоё гоё, чамин үг хэлдэг. Ёстой л чихэн дээр сарнай ургуулна. Тэгээд хэрэг нь бүтэхээр биднийг үнсэнд хаясан шалз шиг үздэг” хэмээн харуусан бичжээ. Өнөөдөр яг ийм байдалд орж яваа иргэн Ц… маш олон бий. Тэд бүгд яг л ийм байдалтай тулгарч яваа нь гарцаагүй. Ийм харгис, дээрэнгүй аргаар их хотын түгжрэлтэй тэмцэхгүй ээ. Нийтийн эзэмшлийн талбайг хэн нэгэн өөртөө ашигтайгаар ашиглах, бусдын эд хөрөнгийг хулгайлах нь гэмт хэрэгт тооцогддог хуультай. Ядаж эмнэлгийн гадаах зогсоолыг төлбөргүй болгох, тэндээс автомашин ачихгүй байх арга чарга уг нь бий дээ.
Уг нь аливаа асуудалд шинжлэх ухаанчаар хандаж гаргалгаа шийдэл олох нь чухал. Европын нэг инженер Монголд ирээд хэлж байсан гэдэг. Тэрбээр “Улаанбаатар хотын түгжрэлд нөлөөлж буй гол зүйл нь ойр ойрхон буй явган хүний гарц, дөрвөн замын уулзвар буюу гэрлэн дохио. Эдгээрийг шууд урсгалтай болгох хэрэгтэй. Явган хүнийг замын дээгүүр доогуур гаргах, дөрвөн зам бүхий огтлолцлыг шууд урсгах зохицуулалт хийх хэрэгтэй” гэсэн гэдэг.