Дэлхий дахинд
Герман эрчим хүчний үнийн зөрүүд 65 тэрбум еврогийн нөхөн төлбөр олгоно
Эрчим хүчний хямралын үр дагавартай тэмцэхийн тулд нийт 65 тэрбум еврогийн хөтөлбөр хэрэгжүүлэхээ Германы канцлер Олаф Шольц зарласан байна. Засгийн газраас ард иргэдэд тусламж болгож байгаа гурав дахь багцын энэ мөнгөөр эрчим хүчний үнийн огцом өсөлтөд өртсөн ард иргэдэд нөхөн төлбөр олгох юм байна. Энэ багцыг гаргах асуудлаар эрх баригч эвслийнхэн ням гарагт 18 цаг хуралдаж байж шийдвэр гаргажээ.
Европт эрчим хүчний үнэ өнгөрсөн жилээс өсч эхэлсэн бол Орос улсын зүгээс Украинд түрэмгийлэн довтолсны дараанаас бүр огцом өссөн юм. Оросын түрэмгийллийн улмаас Европын холбоо оросоос эрчим хүч, нүүрс авахаа зогсоож, нефть, байгалийн хийн импортоо эрс багасгасан.
Оросын төрийн “Газпром” концерн ч Европын холбооны хэд хэдэн оронд байгалийн хий экспортлохоо эрс бууруулаад байгаа юм.
ХБНГУ-ын канцлер Олаф Шольц энэ бүхний төлөө Оросыг цаашид эрчим хүч нийлүүлэх найдвартай түнш гэж үзэхгүй гэдгээ мэдэгдсэн.
“Путины удирддаг Орос бол хийсэн гэрээгээ зөрчдөг, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлдэггүй улс болжээ. Хүйтэн дайны үед гайгүй байсан бол цаашид биелүүлэхгүй нь. Орос цаашид эрчим хүчний талаар найдвартай түнш байж чадахгүй нь” гэж Шольц Германы Социал демократ, “Союза-90″/”Ногоон”, Чөлөөт ардчилсан намын хэлэлцээрийн дүнгийн талаар хийлгэсэн хамтарсан хэвлэлийн хурал дээр мэдэгдсэн байна.
Европын холбооны гишүүн орнуудын хувьд одоо хоёр асуудлыг нэгэн зэрэг шийдэх хэрэгтэй болоод байгаа нь нэгд, эрчим хүчний өөр найдвартай нийлүүлэгч эрж олох, нөгөө нь эрчим хүч, байгалийн хийн үнийн огцом өсөлтөөс ард иргэдээ хэрхэн хамгаалах вэ гэсэн асуудал. Өнөөдөр Германы засаг захиргаа оюутнуудад 200, тэтгэврийнхэнд 300 еврогийн тэтгэлэг өгч байгаа бол 2023 оноос эхлэн эхний болон хоёр дахь хүүхдэд өгдөг тэтгэлгийг 18 еврогоор нэмэгдүүлэх юм.
Үүний зэрэгцээ ард иргэд хэрэглэсэн эрчим хүчнийхээ тодорхой хувийг хуучин бага үнээр, түүнээс хэтэрсэн хэсгийг өнөөгийн өндөр үнээр төлөх зохицуулалт бас хийжээ. Мөн эрчим хүчний 9000 орчим байгууллагад нийтдээ 1,7 тэрбум еврогийн татварын хөнгөлөлт үзүүлж байна. Харин эрчим хүчний үнэ нэмсэнээр ашиг олж байгаа эрчим хүч нийлүүлэгч томоохон корпорациудад бол ашгийн татварыг нь нэмэгдүүлэхээр шийдвэрлэжээ.
“Энэ бүхий л арга хэмжээний ачаар энэ өвлийг даван туулна” гэж Германы канцлер Олаф Шольц өөдрөгөөр мэдэгдсэн байна.
Энэ есдүгээр сарын 9-нд Европын холбооны гишүүн орнуудын Эрчим хүчний сайд нар эрчим хүчний үнийн өсөлтийн үр дагаврыг хэрхэн зөөлрүүлэх асуудлаар хамтран хэлэлцэх гэж байна.