Өвөрхангай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга С.Цэдэнбалжираас хөдөө аж ахуйн салбарын цаг үеийн ажил, нөхцөл байдлыг тодрууллаа.
-Өвөлжилтийн бэлтгэл ажил эхэлсэн үү. Намаржилтын нөхцөл байдал хэр байгаа вэ?
-Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт зуншлага ерөнхийдөө оройтсон. 6 дугаар сарын 20-ноос 8 дугаар сарын 20 хүртэл хугацаанд нийт нутгийн 15 орчим хувьд зуншлага сайн байсан бол 40 гаруй хувьд дунд зэрэг, 45 хувьд муу байсан гэх үнэлгээ гарсан. Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу бэлчээрийн даацыг багийн нутгаар тооцоолж гаргахад нийт нутгийн ердөө 10 гаруй хувьд хүрэлцээтэй байхаар, 90 хувьд хэтрэлттэй гэх судалгаа гарсан.
Энэ жил агаарын температур хэлбэлзэл ихтэй, шөнөдөө сэрүүн байсан нь нэгжийн ургац, бэлчээрийн ургамалд сөргөөр нөлөөлж байгаа юм. Ургацын хэмжээг аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээгээр дундажлан авч үзвэл 2022 онд хэвийн зуншлагатай жилээс 2-4 дахин бага ургацтай байна. Сүүлийн сард говийн нутгаар бага зэрэг бороо орж, таана хэнзэлж байгаа ч төдийлөн хангалттай биш байгаа.
Аймгийн Засаг даргын А/394 тоот захирамжаар өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгийг байгуулж, төлөвлөгөө боловсруулан аймаг, сумдын аюулгүйн нөөцөд болон малчдын түвшинд бэлтгэвэл зохих өвс, тэжээлийн хэмжээг тогтоож өгсөн. 2022-2023 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангах хүрээнд аймгийн нөөцөд 150 тн өвс, 50 тн тэжээл, сумдын аюулгүй нөөцөд 1520 тн өвс, 760 тн тэжээл бэлтгэх төлөвлөгөөтэй байгаа. Нийт дүнгээр аймгийн хэмжээнд 1670 тн өвс, 810 тн тэжээл бэлтгэх юм. Мөн орон нутгийн болон аймаг дундын улсын тусгай хэрэгцээний отрын нөөц нутагт өвөлжүүлж, хаваржуулах мал, малчин өрхийн судалгааг гаргаж, ажлыг зохион байгуулах, ургац хураалтын бэлтгэл хангах гэхчлэн олон ажлууд хийж байна.
-Аймгийн хэмжээнд одоогоор хэчнээн толгой мал намаржиж байгаа вэ? Малчид отор нүүдлээр хэр явах бол?
-Дөрвөн сая гаруй толгой мал дээр энэ зун 1.7 орчим сая төл хүлээж авсан. Үүнээс хүнсний хэрэгцээнд зарцуулах, зах зээлийн эргэлтэд оруулах малыг хасаад 4 орчим сая толгой мал өвөлжих тооцоо гарсан. Бид мал борлуулах асуудалд анхаарал хандуулж, орон нутгийн махны үйлдвэрүүдтэй ярьж байна. Засгийн газрын түвшинд ч гэсэн дулааны аргаар бэлдсэн махыг экспортлох асуудал яригдаж байна.
Одоогийн байдлаар манай 11 сумаас 600-гаад малчин өрхийн 360 мянган мал Архангай, Булган, Дорнод, Дорноговь, Хэнтий, Төв аймагт отроор явах төлөвтэй байгаа. Цаашид энэ тоо нэмэгдэх магадлалтай. Бид эдгээр аймгуудын удирдлагуудтай холбогдож, хүсэлт, албан бичиг өгч байна. Мөн ойрын хугацаанд газар дээр нь очиж уулзах гэрээ хэлцэл хийх бодолтой байгаа. Сумдын Засаг дарга нартай цахим хурал хийж, өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх, зарим асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна.
-Өвс тэжээлийн нөөц хэр байгаа вэ?
-Аймаг, сумын аюулгүйн нөөцөд өнгөрсөн жил ашиглаагүй өвс байгаа. Сумд тэжээл нэмж худалдан авах шаардлагатай байна. Аймаг энэ жил 2500 га талбайд малын тэжээл тарьсан. “Өв Агро” ОНӨХК 460 га талбайд улаан буудай, малын тэжээлийн тариалалт хийсэн. Ургац дундаж түвшинд ургасан байна. Мал хувийн хөрөнгө учраас хамгийн гол нь малчид хувийн бэлтгэлээ сайтар базаах ёстой. Үүнийг сумаас нь хянаж, шаардах нь чухал байна.
-Ургац хураалтын ажил эхэлсэн үү?
-Энэ онд аймгийн хэмжээнд 10790 га-д тариалалт хийх зорилт дэвшүүлснээс 8700 га-д улаанбуудай, 56.7 га талбайд бусад үр тариа, 2507 га-д малын тэжээл, 2104 га-д тосны ургамал, 440 га-д төмс, 281 га-д хүнсний ногоо тус тус тариалсан. Тариалалт 86.9 хувьтай байна. Ургацын урьдчилсан балансаар үр тариа 7670 тн, улаанбуудай 9135 тн, малын тэжээл 2527 тн, төмс 4183 тн, хүнсний ногоо 2810 тн, тосны ургамал 590 тн-ыг тус тус хураан авах дүн мэдээтэй байна.
9 дүгээр сарын 15-наас хураалт эхэлнэ. Хангайн сумдаар бороо ороод байгаа учраас болц оройтох, нялхрах байдал ажиглагдаж байна. Таримал ургамлыг өвчин, хортноос сэргийлэх, хяруунаас хамгаалах, техникийн бүрэн бүтэн байдлыг хангах ажлыг шат дараатай хэрэгжүүлээд явж байна.
-8 дугаар сард мөндөр орсон. Тариалангийн талбайд хэр их хохирол учирсан бэ?
-Хархорин сумын Шанх багийн нутагт 8 дугаар сарын 5-ны өдөр 10-15 минутын хугацаанд хүчтэй мөндөр орсон. Дөрвөн аж ахуйн нэгж, долоон иргэний 2761 га талбай мөндөрт цохигдсоноос 1500 га талбайн ургац авах боломжгүйд хүрч тэжээл рүү шилжих нөхцөл үүссэн. Сумын Засаг даргын захирамжаар байгуулсан Ажлын баг газар дээр нь ажиллаж, хохирлыг тогтоосон.
-Ургац хураалтын үед ажиллах хүчний дутагдалд ордог. Энэ асуудлыг яаж шийдэх вэ?
-Ургац хураалтын ажлыг технологийн хугацаанд гүйцэтгэх зорилгоор тариалан эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдээс ургац хураалтад ажиллуулах хүн хүчний захиалгыг авсан. Одоогийн байдлаар оюутан 40, цэрэг 35, гэрээт ажилтан 20, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 30 гээд нийт 125 хүн хөлсөөр авч ажиллуулах захиалгыг ирүүлээд байна. Тухайн аж ахуйн нэгж нь хоол унд, байраар хангаж, өдрийн өртөг хөлсийг нь өгөх зохицуулалтын ажлыг хийж байна.
-Энэ жил газар тариалангийн салбарт хийгдсэн онцлог ажлууд бий юу?
-Засгийн газрын журмын дагуу 2 жилийн хугацаанд олгох 3 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлд 3 сумын 7 иргэн, аж ахуйн нэгжийг хамруулж, 764 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгосон. Мөн байцаа, шар лууван, шар болон хүрэн манжин, тарвас, бууцай, саримс, урт сонгино, хүлэмжийн хэмх, лооль, чинжүү зэрэг хүнсний ногоонд урамшуулал олгох ажлыг зохион байгуулж байна. Цахим хөтөлбөрийн хүрээнд Газар тариалангийн нэгдсэн мэдээллийн санг бий болгож, тариаланчдын тариалалт, борлуулалтын мэдээллийг оруулж байгаа. Аймгийн хэмжээнд 739 тариаланч бүртгэгдсэнээс 77 хувь нь энэ программд өөрийнхөө мэдээллийг оруулаад байна.
-Мэдээлэл өгсөнд баярлалаа.