Дэлхий дахинд
Канадад хутгатай этгээдүүд 10 хүний амь бүрэлгэж 15 хүнийг шархдууллаа
Канадын Саскачеван мужийн төвд хутгаар зэвсэглэсэн хэд хэдэн халдлага нэгэн зэрэг гарч 10 хүний амь бүрэлгэж, 15 хүнийг шархдуулсан хэрэг гарсан байна. Гэмт этгээдүүд зугтаж нуугдсан тул муж даяар эрэн хайж эхэлжээ. Цагдаагийнхан тэднийг бууж өгөхийг уриалж байна. Гэмт хэргийн хохирогчид өөр өөр 13 газарт, бүр канадын индианчуудын Жеймс Смит нийгэмлэг, Уэлдон тосгонд ч байгаа гэнэ. Цагдаагийнхан сэжигтнүүдийг 31 настай Дэмиен Сандерсон, 30 настай Майлз Сандерсон нар хэмээн тодорхойлсон байна. Тэд төрөл садан эсэх нь тодорхойгүй байгаа юм байна.
Хамгийн сүүлд тэднийг ням гарагт Режайне мужийн төвд харсан нь Уэлдоноос 280 км зайтай газар. Эрх баригчид гэмтэж бэртсэн хүмүүст тусламж үзүүлэх хоёр ч төв байгуулжээ. Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо энэ халдлагыг “сэтгэл эмзэглүүлсэн аймшигт явдал” гэж нэрлэсэн байна. “Хайртай дотны хүмүүсээ алдсан, шархдуулсан тэр хүмүүс шиг л би эмгэнэж байна” гэж Ерөнхий сайд Твиттер хуудсандаа бичжээ.
Канадын Нийтийн аюулгүй байдлын сайд Марко Мендичино үүний өмнө Саскачеваны иргэдийг “гэмт этгээд сул чөлөөтэй явж, түүнийг эрэн хайж байгаа” учраас ард иргэд болгоомжтой байж нуугдах хэрэгтэй хэмээн уриалсан юм. “Саскачеваны нийт иргэд, ялангуяа Жеймс Смит нийгэмлэгийн ойролцоо амьдардаг иргэд онцгой болгоомжтой байх хэрэгтэй” гэж Твиттертээ бичжээ.
Мөн Канадын хатан хааны морьт цагдаагийн газар “Сэжигтнүүд Nissan Rogue орчим байж магадгүй” гэж мэдэгдээд сэжигтнүүдийг болон тэдний машиныг харсан хэн боловч цагдаад мэдэгдэхийг анхааруулсан байна.
Канадын уугуул иргэдийн эсрэг “олон тооны халдлага, аллага” гарч байгаа учраас Жеймс Смитийн нийгэмлэгт онц байдал тогтоосон байна. Ер нь Канадад өмнө нь байсан индианчуудын хүүхдийн дотуур байртай сургуулиудын байрлалаас нэр хаягггүй цогцос олноор олдож дуулиан болж байсан юм.