RFS буюу ухаалаг систем нэвтрүүлснээр нийслэлийн түгжрэл 50 хувиар буурах аж. Энэ системийг Нийслэлийн замын хөдөлгөөний удирдлагын төвийн мэдээллийн технологийн инженерүүд нэвтрүүлэхээр ажиллаж эхэлжээ. Энэ хяналтын систем бөгөөд уулзвар дээр байрлуулсан машинуудыг камераар хянаж, тухайн машин нийт хэдэн км зам туулсныг бүртгэнэ. Ингэснээр орон нутгийн болон хотын машинуудыг таньж ялган, өөр өөр төлбөр ногдуулна.
Хэн зам дээр илүү их явна, тэр жолооч илүү төлбөр төлөх зарчмыг баримтлах нь зөв гэж хотын удирдлагууд шийджээ. Учир нь такси үйлчилгээнд явдаг машинууд замын эвдрэл гэмтэл илүү үүсгэх тул өндөр төлбөр төлөх саналаа Нийслэлийн түгжрэл хариуцсан үндэсний хорооны дарга бөгөөд сайд Ж.Сүхбаатарт ойрын хугацаанд танилцуулах юм байна. Ингэснээр одоо жолооч нарын жилд нэг удаа төлдөг суурь хураамж өөрчлөгдөхгүй, жижиг машинтай жолооч жилд 1 удаа 20 мянга, том машинтай жолооч 40 мянган төгрөг төлнө.
Харин орон нутгийн жолооч нар нийслэлийн замд явсан км тутамдаа 45 төгрөг, хотын жолооч нар 15 төгрөг төлнө. Нийслэлд орон нутгийн 100 мянга орчим тээврийн хэрэгсэл зорчдог байна. Амралтын өдрүүдэд ойрын аймгуудаас нийслэлд ирж, такси үйлчилгээ эрхэлдэг иргэд ч байдаг байна.
Таны машиныг шууд ачихгүй, эхний удаа сануулна. Хоёр дахь удаа торгоно, гурав дахь удаад ачна.
Улаанбаатар руу таван цэгээр орон нутгийн тээврийн хэрэгслүүд нэвтэрдэг. Эдгээр машины жолооч нарт зориулан машинаа зогсоолд үлдээгээд хот руу нэвтрэх боломжийг бүрдүүлэхийн тулд товчоодод авто зогсоол барихаар төлөвлөжээ.
Дээр дурдсан ухаалаг системийг нэвтрүүлснээр тээврийн цагдаа нарын ачаалал ч буурах аж. Энэ программ хангамжийг хөгжүүлэхэд 22 тэрбум төгрөг төсөвлөжээ. Хэдий цахимаар замын хөдөлгөөнийг хянах ч хөдөлгөөнт эргүүлүүд цаашид ажилласан хэвээр байхыг онцлов.
Нийслэлд авто зогсоол хүрэлцээ муутай байдаг тул Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдэд 5-9 давхар авто зогсоол барихаар байршлаа сонгожээ. Нийт арван байршил сонгосон ч газар чөлөөлөлтийн улмаас энэ ажил удаашралтай байгаа аж.
Авто машин ачилтын журамд дараах өөрчлөлтийг оруулахаар боловсруулжээ. Таны машиныг шууд ачихгүй, эхний удаа сануулна. Хоёр дахь удаа торгоно, гурав дахь удаад ачна. Ингээд журмын хашаанд оруулсан бүх машиныг автоматаар оношилгоонд оруулдаг болно. Учир нь нийслэлд бүртгэлтэй 600 мянга орчим машины 55 хувь нь л оношилгоонд ордог. Үлдсэн 45 хувь нь оношилгоонд ордоггүй, засвар үйлчилгээгээ цагт нь хийлгэдэггүйгээс осол гаргах нь их байдаг аж. Энэ онд нийслэлд явган хүний 16 км, унадаг дугуйн 11 км зам шинээр тавьжээ.
Замын түгжрэлийн асуудал нийслэлд нэн тэргүүнд шийдэх асуудлын нэг бөгөөд үүнийг шийдэхийн тулд янз бүрийн л шийдэл гаргаж байна. Түүний нэг нь км тутамд ногдох татвар хураамж юм. Түүнчлэн тэгш сондгойгоор явуулах гэж үзсэн ч иргэдийн дургүйцэлтэй ихээхэн тулгарсан. Энэ талаар иргэдийн байр суурийг сонслоо.
СБД-ийн иргэн Б.Бат-Арвин: Ер нь хөдөөний машинууд хаа сайгүй явж байна. Мэдээж тулгамдсан асуудалтай иргэд явахаас өөр аргагүй. Тэрийг нь яаж ялгаж, салгах вэ. Харин энд ирээд халтуур хийгээд байгаа орон нутгийн хүмүүст татвар тавих нь зөв гэж бодож байна. Харин бид хотын иргэн болсноороо буруутаж байгаа юм уу. Эцэг эхчүүдийн хувьд ажилтайгаас гадна, ээжүүл бид чинь хүүхдээ зөөх том ажилтай хүмүүс шүү дээ. Зүгээр л сэлгүүцээд байв гэж дээ. Яагаад татвар төлөх ёстой юм. Дарамт, стресстэй нийгэмд амьдарч байж бас нэг мөнгөний асуудал. Тэгээд төлж байгаа мөнгө, татвар хаашаа орж байна гэдэг л сонин, тэрэнд итгэх итгэл алдарсан. Тэрийгээ үнэхээр л зам ашиглалтад зориулдаг бол бопохгүй ч юм алга, хэн нэгний халаасанд орох юм бол хэрэг алга. Тэгш, сондгойгоор явахын тухайд зөв шийдэл биш гэж бодож байна.
ХУД-ийн иргэн С.Баасанжав: Татвар төлнө гэдэг угаасаа буруу. Дээр ажиллаж байгаа хүмүүс түгжрэлийн шалтгаанаа мэдэж байгаа, зориуд л буруу шийдэл яриад байна. Түгжрэлийн хамгийн том нөлөөлөл бол жолооны курсуудын сургалттай холбоотой. 2000 оноос өмнө нэг жилийн хугацаанд жолооч бэлтгэдэг байсан бол одоо зарим нэг нь бүр сургалтандаа ч суухгүйгээр үнэмлэхээ авч байна. Баруун, зүүнээ болон улаан , ногооноо ялгахгүй аргагүй хүмүүс араас нь сигналдахаар явж байгаа хүмүүс зөндөө байна. Тэгэхээр тэр хүн энэ их хөдөлгөөн дунд машинаа жолоодож чадах нь эргэлзээтэй. Тиймээс хамгийн түрүүнд бөглөрөл үүсгэж буй асуудар бол сургалт юм. Ингэж сурсан хүмүүс түгжрэл үүсгэж, осол гаргахаас өөр яахав дээ. Үүн дээр дорвитой арга хэмжээ авахгүй байгаа нь сонин байгаа юм. Үүнийгээ чанаржуулаачээ, мөнгө хийдэг, олдог хүсүүё нь 20 жил л мөнгө хийлээ, одоо боллоо шүү дээ. Тиймээс хугацаагий нь урт болгоод, шалгалтыг нь чангатгах хэрэгтэй байна.
СБД-ийн иргэн П.Мөнхдалай: Түгжрэл нэг сая хүнтэй хотод бол шийдчихмээр асуудал гэж бодогдоод байх юм. Манай улс чинь зүүн талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг явуулахаар Венийн конвенцид нэгдсэн. Гэтэл сүүлийн жилүүдэд баруун жолоотой тээврийн хэрэгсэл хаа сайгүй явж байна. Ёстой л хонь, хурга нийлсэн аятай л юм байна шүү дээ. Тийм болохоор машины импортдоо анхаармаар байна. Хууль дүрэм, журмаа өөрсдөө баримтлахгүй болохоор хаа хаанаа хуулиа зөрчөөд байгаа нь харагдаж байна. Машины ченжүүдийг баярлуулж болсон бол төр энэ асуудлаа зоригтой шийдвэрлэмээр юм. Хэрвээ энэ хэвээрээ байна гэвэл замын хөдөлгөөний дүрмээ өөрчлөх хэрэгтэй шүү дээ. Зөв зохистой шийдэл олохын оронд иргэдээ л дарамтлах юм санаачлах юм. Юмны түрүүнд иргэддээ дарамт учруулдгаа болих хэрэгтэй.
Өмнөговийн иргэн А.Түмэн-Өлзий: Хөдөөний иргэд дуртай даа хотод орж ирж халтуур хийгээд байгаан биш шүү дээ. Төр засаг орон нутагт ажлын байр, амьдрах нөхцөл бололцоог сайжруулахад бид наашаа зүтгэхгүй шүү дээ. Юун 45 төгрөгийн хураамж, төлөх чадвартай нь хэд билээ. Иргэдийн нурууг л бөгтийлгөх ажил байна, өөрөөр шийдэж болдоггүй юм уу. Би гэхэд л хүүхдийнхээ сургалтын төлбөрт нэмэрлэхээр л явж байна, хий дэмий сэлгүүцээд байгаа юм ч алга. Шийдэл гэхээр татвар, торгууль гэх юм, үүний цаана ямар нэгэн эрх ашгийн зөрчил байдаг юм болов уу ч гэж бодогдох юм. Ер нь бол татварын аргаар түгжрэл бууруулах нь буруу шүү.