Дундговь аймгийн засаг дарга Ц.Мөнхбаттай энэ өвлийн бэлтгэл ажил болоод цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Дундговь аймагт зуншлага ямархуу болов одоо өвлийн бэлтгэл ажил ер нь хэрхэн хангагдаж байгаа вэ?
-Энэ онд манай Дундговь аймгийн хэмжээнд, ерөнхийдөө байгаль цаг уурын хувьд маш их таатай, сайхан жил боллоо. Хаваржилт, зуншлага ерөнхий нийт нутгаараа сайхан байсан. Баруун талын зарим сумууд Сайхан-Овоо, Дэлгэрхангай, Эрдэнэдалайн баруун урд тал, Хулдын баруун тал гээд энэ сумууд бусад сумдаасаа арай дутуу, гэхдээ бол гурван ногоотой сайхан зун боллоо гэж үзэж байгаа юм. Манай малчид ч гэсэн харьцангуй таатай нөхцөлд өөрсдийн мал сүргээ өсгөж, тарга тэвээргийн авхуулж ажилласан жил байлаа гэж хэлэх байх.
-Аймаг сум бүр намрын ажилдаа орж хадлан тэжээлээ авч эхэлжээ танай аймгийн хувьд ямар байгаа вэ?
-Тийм, манай аймаг чинь өөрийн гэсэн тийм хадлангийн талбай байдаггүй. Бусад аймаг сумдаас хадлан тэжээлээ бэлддэг. Тодруулбал Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаас хадлан бэлдэж байна. Бид өөрсдөө таанаа шүүж, давсалж, хатааж янз бүрийн байдлаар хадлангаа бэлдэж байгаа. Өнгөрсөн жил харьцангуй манай нутагт өвөл хавар аятайхан болсон учраас өнгөрсөн жилийн аймгийн нөөцийн болон сумын нөөцийн ус, өвс тэжээл хэрэглэгдээгүй тэр чигээрээ байгаа. Ийнхүү хаваржилт, өвлийн бэлтгэл хангах үед аймгийн онцгой комиссоос өвс нэмж авах шаардлагагүй гэдгийг хэлсэн. Бид энэ жил улсын онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу 800 тонн өвс бэлтгэхээс энэ жил 1160 гаруй тонн өвс аймгийн хэмжээнд байна. Зарим сумууд ялангуяа баруун талын сумд нэмж өвс тэжээл бэлтгэх шаардлага байгаа. Үүнийхээ хүрээнд сумдын засаг дарга нарт чиглэл өгсөн. Тэжээлийн хувьд бага зэргийн тэжээл нэмж авах хэрэгцээ байна гэсэн ийм тооцоо судалгаа гаргаад ингээд ажиллаж байна.
-Зэргэлдээ аймгуудаас жишээ нь Өмнөговь аймгаас танай аймагт отор нүүдэл хийх санал тавьсан гэж байсан. Ийм саналууд хэр ирж байгаа энэ асуудлуудыг яаж зохицуулж байгаа вэ?
-Мэдээж манай аймгууд чинь бүгд л харилцан адилгүй л нэг жил, нэг нь аятай таатай байхад нөгөөх нь жоохон хүндхэн байдаг ийм учиртай. Өмнөговь аймгийн зүгээс ирж бид бүхэнтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан. Мөн Өвөрхангай аймгаас бас тийм санал ирсэн тус аймгийн засаг даргын зүгээс манай аймгийн малчдыг оторт явахад төрийн дэмжлэг үзүүлнэ үү гэсэн утга агуулаг бүхий бичиг ирүүлсэн. Манай аймгийн зарим сумууд ч гэсэн дотроо отор нүүдэл хийдэг бусад аймгийнхаа малчдыг бас бид нар авахгүй бол болохгүй. Тиймдээ ч энэ жил бид бүхэн хүнс хөдөө аж ахуйн газар, сумдын засаг дарга нартай нийлээд отрын бүсүүд гаргаж байгаа. Ялангуяа зүүн талын сумууддаа түлхүү отрын бүс гаргаж зааж өгч байна. Энд отор нүүдлээр ирж байгаа малчдыг отрын бүс рүү чиглүүлж тэнд оторлуулж энэ өвөл хаврыг даван туулах ажлуудыг зохион байгуулж байгаа.
-Хэчнээн толгой мал хүлээж авах отрын бүс байгуулсан бэ?
-Тэр нарийн тооцоо хараахан эцэслэж гараагүй байна. Яагаад гэхээр зэрэг энэ намар орой эсвэл буусан хойно нь эцсийн баримжаа гаргадаг учраас яг тэр тооцоо гараагүй байгаа. Одоогоор Өмнөговь, Өвөрхангай аймгийн урд талын хэсгээс нийтдээ 100-200 орчим айл өрхийн 300 мянга гаруй мал орж ирчхээд байна. Манай аймгийн баруун талын сумдын малчид ч гэсэн одоо зүүн талын сумд руугаа оторлох хөдөлгөөн эд өрнөж байна даа.
-Адууны өв, соёлын наадам зохион байгуулсан энэ талаараа та тодорхой мэдээлэл өгвөл?
-Энэ жил манай аймаг хөгжлийн бодлогоо тодорхойлох хэд хэдэн форумын үйл ажиллагаанууд зохион байгуулсан. Үүний нэг нь аялал жуулчлалыг орон нутагтаа хөгжүүлэх ажил юм. Өнгөрсөн хавар бид аялал жуулчлалын чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг бизнес эрхлэгчид бодлогыг нь тодорхойлдог БОАЖ яам, төрийн бус байгууллагууд, аялал жуулчлалын холбоотой хамтраад Дундговь аймагтаа анх удаа форум зохион байгуулсан. Энэ дээрээс бид нар нэг шийдвэр гаргасан нь дэлхийн энэ аялал жуулчлалын форумд гурван том эвэнт арга хэмжээ хийдэг болъё. Үүний нэг нь энэ адууны өв соёлын баяр бид бүхэн есдүгээр сарын 10-11-нд Дундговь аймгийн Адаацаг сумын Сүм хөх бүрд хэмээх газарт энэ арга хэмжээгээ амжилттай сайхан зохион байгуулсан. Дундговьчууд бид бүхэн бол өөрсдийгөө энэ өв соёлыг хадгалж хамгаалж яваа ард түмэн гэж үздэг. Энэ ч утгаараа, ялангуяа тэр “Адаацаг” гэдэг бол “Адуун цэг” гэсэн утгатай эрт дээр үеэсээ адууны сайхан, өгөөжтэй, адуун сүргийн тоо толгойг өсгөж үржүүлж байсан адуунд их тохиромжтой газар нутаг. Тэр агуулгаараа адууны өв соёлыг тээж хадгалж хамгаалж байсан малчдынхаа өвлөн уламжилсан энэ арга барилыг нь дэлхий нийтэд сурталчлах зорилготой адууны өв соёлын баяраа хийсэн. Жуулчид, өөр аймаг сумдаас зорьж ирсэн иргэд ихээр ирж тойрон хамрах хүрээ ихтэй сайхан баяр болсон. Энэ баярын бас нэгэн онцлог нь бид адууг эдэлж хэрэглэхээсээ илүүтэй ашиг шимийн яаж хүртэж буй. Сүү, цагаан идээ, айраг дээрээс нь уламжлалт өв соёл, тоглоом наадгай энэ бүхнийг л гадна дотнын хүмүүст сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилготой ийм баяр. Ирэх арванхоёрдугаар сард бид тэмээний өв соёлыг харуулсан баярыг мөн хийнэ. Дээрх баяруудаас өмнө зургаан сард бид од гарагсыг харж судалдаг хүмүүст зориулан сайхан тунгалаг, таван гараг давхацсан шөнө хийсэн. Энэ дээр манай Өлзийт, Хулд сумын тэр нутаг дэвсгэрт байдаг зурхайчид, оддыг тодоор дэлгэмэл байдлаар нь хардаг тийм газар нутгийг сонгож энэ ажлыг зохион байгуулсан. Цаашдаа ч жил болгон зохион байгуулах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдыг татах зорилготой гурван арга хэмжээг дэлхийн аялал жуулчлалын календарьт суулгасан.
-Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг ногоон байгууламж тарих ерөнхийлөгчийн “тэрбум мод” хөтөлбөр явагдаж эхэлсэн. Энэ ногоон байгууламж тарих, цөлжилтөөс сэргийлэх талаар аймгийн зүгээс ямар ажлууд хийж байгаа вэ?
-Өнгөрсөн 2021 оны хавар манай аймагт байгалийн том том гамшигт үзэгдэл болох говийн угалз болж бүтэн өдөржин харанхуйлсан. Ийм хүчтэй шороон шуурга удаа дараа болж олон хүний бас амь нас эрсдэж, айл өрхийн эд хөрөнгө, гэр орон, унаа машин, дээрээс нь мал сүрэг ихээр үрэгдсэн амшигтай зүйлүүд болсон. Энэ бүгд дээрээс үндэслэж бид уур амьсгалын өөрчлөлт, дээрээс нь цөлжилттэй яаж тэмцэх вэ мөн ирэх онд болох 80 жилийн ойг угтаж 80 мянган мод тарих санаачлагыг гаргасан. Ийнхүү уг санаачилгын хүрээнд аймгийн бүх аж ахуйн нэгж, төрийн байгууллагууд, айл өрх, ард иргэдийнхээ тусламжтайгаар нийтдээ өнгөрсөн жил хавар намар хоёр удаагийн тарилтаар нэг 66 мянга гаруй мод тарьсан. Ингээд удалгүй Монгол Улсын Ерөнхийлөгч нэг тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөнийг өрнүүлсэн. Энэ хөдөлгөөний хүрээнд ер нь цаашлаад энэ үйл ажиллагаагаа улам өргөжүүлье Дундговь аймгийн хэмжээнд гучин сая мод тарья гэдэг амлалт авсан. Одоо ажлууд хийгдэж байна ихэвчлэн мод үрсэлгээний газруудыг шинээр бий болгох тал дээр газар зохион байгуулалтын асуудлууд, дээрээс нь модыг үрслүүлэхэд холбогдох боловсон хүчин ажиллуулах, хүн хүчний асуудлуудыг бас шийдвэрлэх ийм бодлогын ажлууд хийгдэж байгаа. Өнгөрсөн 2022 оны хавар энэ 80 жилийн ойдоо зориулан нэмж 60 гаруй мянган мод тарьсан. Нийтдээ өнгөрсөн жилээс эхлээд 130 орчим мянган мод аймгийн хэмжээнд тарьсан гэдэг тооцоо гарчсан. Үүнийгээ улам илүү ургалтын хувь хэмжээг сайжруулахын тулд байнгын усалгаатай байлгах үүднээс тодорхой хүмүүсийг ажиллуулж байна. Дээрээс нь хариуцсан байгууллагуудыг үүрэг чиглэлээр хангаж ажиллаж байгаа. Үүнийхээ үр дүнд одоогоор ургалтын 80 гаруй хувьтай явж байна гэсэн тооцоог гаргасан. Ирэх 80 жилийн ойгоо 80 мянган модтой угтах эхний зорилго маань төлөвлөлтдөө хүрчихсэн. Цаашлаад сумдуудад мод үржүүлгийн газруудыг шинээр бий болгох, хувь хэмжээг үлэмж нэмэгдүүлж байж 30 сая модоо тарих учиртай.
-Дундговь аймгаар нүүрсний тээвэр явдаг үүнтэй холбоотой нэлээн асуудлууд дуулддаг. Хүнд даацын машинууд зам эвддэг гэдэг зүйлүүд яригддаг энэ тал дээрх асуудлыг яаж шийдэх вэ гарц гаргалгаа байгаа юу?
-Сүүлийн гурван жилийн хугацаанд Дундговь аймгийн нутаг дэвсгэрээр улсын чанартай авто зам дагуу нийслэл хотыг утаагүйжүүлэх зорилготой нүүрс тээвэр явж байгаа юм. Энэ нүүрс тээвэр явснаар нэгдүгээрт улсын чанартай авто замын ачаалал ихэссэн, хоёрдугаарт эвдрэл үлэмж нэмэгдсэн. Мэдээж Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа Улаанбаатар хотыг утаагүй болгох үндэсний том ажлыг бид нар дэмжиж байгаа. Харамсалтай нь энэ тээвэрчдийн зам дагуух стандартынхаа шаардлагыг барьж тээвэрлэх гэдэг асуудал. Нэг тэнхлэг дээр 11 тонн, зургаан тэнхлэгтэй ачааны машин бол 66 тонноос хэтрэхгүй гэж байгаа юм. Сүүлд авто замын тухай стандарт шинэчлэгдээд тээврийн машин бүрийн жин 44 тонноос хэтэрч болохгүй гэсэн стандарт гарсан. Гэтэл манай нөгөө нэг тээвэрлэлт хийж байгаа авто машинууд маань 80-90 тоннтой нүүрсээ тээвэрлээд явдаг энэнээс болж зөрчил үүссэн. Бид нарын хувьд өнгөрсөн жилд 1.8 орчим тэрбум төгрөгийн зам засварын нөхөөс хийсэн. Намар аравдугаар сар гэхэд аж ахуйн нэгжтэй хамтран нөхөөс хийгээд дууссан арваннэгдүгээр сар гэхэд эргээд бүгд онгойчихсон, бүгд эвдэрчихсэн. Яагаад вэ гэхээр тэр бэхжээгүй нөхөөс асфальтан дээгүүр хүнд даацын авто машин явахаар хуулраад хуулраад эвдчихдэг. Энэ замаар явж байгаа Дундговь аймгийн 48 мянга, Өмнөговь аймгийн 60 гаруй мянган хүмүүс энэ үндсэн замаар явж байна. Нааш цаашаа ажил албаны олон зорчигчид явж байгаа тийм үү энэ хүмүүсийн эрх ашиг хөндөгдөж энэ авто замаа засаж сайжруул гэдэг шаардлага тавьдаг. Иргэд олон нийтээс зайлшгүй шаарддаг, энийг бид нар холбогдох газруудад нь хэлдэг, энэ чинь өөрөө улсын чанартай авто зам учраас, зам тээврийн яам, дээрээс нь зам тээврийн хөгжлийн төвд харьяалагддаг. Ийм зам засвар ачилт бүх юмыг нь тэндээс шийдвэрлэдэг мөнгө хураамж, татвар хураамжийн мөн тэнд хүлээж авдаг. Улсын төсөвт суугаад хийгддэг ажил долоо хоногийн дараа бүгд эвдэрчихээр харамсалтай байгаа юм. Ийм учраас энийг бид нар тэр даац хэтрүүлсэн хүнд даацын авто тээврийн хэрэгслээс болсон гэдэг ганцхан дүгнэлт гардаг. Ингээд үүнд нь аж ахуйн нэгж, аймгийн удирдлагууд бид нар удаа дараа жолооч нарт шаардлага тавьдаг. Жолооч нар тэр зөрчлийг арилгахгүй урдны хэвээрээ даацаа хэтрүүлэн тээвэрлэлтээ явуулдаг. Аргаа бараад бид нар Дундговь аймгийн Хулд сумаас аймгийн төвийн постон дээр зогсоож үзсэн. Зогсоож саатуулаад бичиг баримтыг нь шалгаж үзэхэд дандаа даац хэтрэлтэй, бүр цаанаасаа ачуулахдаа даац хэтрэлттэй гэж ачуулсан бичгээ хүртэл үзүүлсэн. Тэр хүмүүс торгуулна гэдэг нь ойлгомжтой тэрнийгээ ч мэддэг торгуулийн тавин мянган төгрөг ингээд барьчихсан. Манай тээврийн байцаагч, авто замын байцаагч нарт бичиг баримтаа өгөхдөө торгуулийн 50 төгрөгөө цуг өгдөг. Энэ үйлдэл бол төрийн албан хаагчийг доромжилж байгаа зүйл ийм байдалтай зөрчлийн асуудал үүсээд байгаа юм. Тэгвэл хуулиараа аж ахуйн нэгжийг нь 1.500 мянгаар торгон гэнгүүт өөрсдөө асуудал үүсгэж эхэлдэг. Тэд нар зөрчлөө арилгаад тээврээ даацанд нь бариулах ямар ч сонирхол байхгүй. Яагаад гэхээр тэр жолооч нар тонн километрийнхээ зөрүүгээр мөнгөө тооцож авдаг учраас авто зам эвдрэх асуудал тэдэнд тийм ч чухал биш. Одоо нэг, хоёр, гурван удаа тэндээс ашиг л олж байвал энэ нөхдүүдэд хэн нь замаа засах хамаагүй ийм хандлагаар асуудалд ханддаг. Дээрээс нь тэр ачиж өгч байгаа компани, “Эрдэнэс таван толгой” ХХК, Энержи Ресурс эд нар ямар замаар явах нь бид нарт хамаагүй учраас багтаж л байвал хэд хамаагүйгээр нь одоо нүүрсийг нь ачаад өгчихдөг, нөгөөдүүл нь ч ингээд явдаг. Сүүлдээ бид нарыг шаардлага тавингуут зөрүүлээд бойкот хийж нөгөө том машинуудаараа зам хааж хөндлөн зогсоодог. Жирийн иргэдийн явах нөхцөл боломжийг нь хааж боомилж одоо зөрж бойкот хийж байна шүү дээ. Энэ дээр бол төрийн төмөр нүүр гэж байдаг бол одоо гаргах хэрэгтэй энэ төлийн төрийн хуулийг хэрэгжүүлж ажиллах юм бол, хэрэгжүүлсэн шиг хэрэгжүүлэх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Холбогдох бүх газруудад нь бид мэдээлэл, одоо тэр бүх зүйлсийг нь өгсөн. Тэгээд одоо ямар хэмжээнд ямар асуудал үүсэхийг бид мэдэхгүй байна. Бид нар энэ шаардлагаа тавина. Энэ жил Дундговь, Өмнөговь аймгийн авто замын засвард зургаан тэрбум төгрөг тавигдсан. Уг зургаан тэрбум төгрөгөөр замаа нөхөөд долоо хоног бүтэн замтай байгаад буцаад эвдэрч байна гэдэг бол олон хүний хөлс, хүч хөдөлмөрийг зарцуулаад дээрээс нь салхинд хийсгэсэнтэй ялгаа байхгүй. Энэ мэтчилэн жил болгон нэг нь зам зассан болж, тэр нэг хэсэг нь мөнгө өгсөн болж, ингээд нэг хэсэг нь дахиад тээвэр хийгээд л эвдэлдэг ийм асуудалтай тулгараад байна. Ард иргэдийн нийтлэг эрх ашгийг хангах үүднээс бид нар энэ замыг бол бүрэн бүтэн байлгах ёстой, хайрлаж хамгаалах ёстой дээрээс нь хүнд даацын авто тээврийн эрхлэгчдийг даацын шаардлага бариулах шаардлаыг тавих ёстой гэж бодож байна. Гэхдээ стандартаа бариад явж байгаа тээврийн аж ахуйн нэгжүүд байгаа. Жишээ нь Европын хөнгөн тээвэртэй, 40 тонндоо баригдчихдаг. Энэ мэтчилэн стандартад нь бариулаад яваад байгаа тээврийн хэрэгслүүд нь болохоор хохироод хэл амтай нь болохоор ингээд явж болохоор болоод байдаг. Энэ олон ард иргэдийн нийтлэг эрх ашгийг бодлого чиглэлээр ханган зохион байгуулаад сууж байгаа хүний хувьд бол энэ төрийн хуулийг хэрэгжүүлье норм стандартад бариулъя гэдэг, ийм л асуудал байна.
–Тэгэхээр Дундговь аймгийн хувьд уул уурхайн ашигт малтмалын хайгуул, олборлолт ямархуу хэмжээнд байгаа, ураны ордуудаас байгаа шүү дээ. Энэ тал дээр орон нутгийн удирдлагууд, нутгийн иргэдийн зүгээс бас ямар байр суурьтай байдаг вэ?
-Манай дундговь аймаг бол уул уурхай сул хөгжсөн орон нутаг. Мэдээж ашиглалтын нөөцтэй гэвэл нөөцтэй. Хүрэн, нүүрсний 50 орчим хувь Дундговь аймагт байна. Гөлтгөнө, байгалийн чулуу, шохойн чулуу гэх мэтийн ийм барилгын материалын чиглэлийн түүхий эдүүд нэлээд байна. Дээр нь жонш гээд ашиглалтын 100 гаруй лиценз манай орон нутагт үйл ажиллагаа явуулж байна. Тэрний нэг нь Баянжаргалан, Гурвансайхан, Өлзийт сумдын нутаг дэвсгэрийг хамарсан энэ ураны нэг орд газар байгаа юм. Уран гэдэг түүхий эд өөрөө цөмийн энергийн цацрагийн идэвхт бодистой гэдэг утгаараа автоматаар стратегийн ач холбогдол бүхий орд газар болдог. Ашигт малтмалын тухай хууль энэ стратегийн орд газрыг Монгол Улсын Засгийн газар, Их хурлаар батлагдсан хуулиудтай. Нэгэнт норм дүрэм журам, шаардлага стандартыг нь хангасан бол тэр ашигт малтмалынх нь зөвшөөрлийг олгодог, тэгээд нэгэнт олгочихсон зөвшөөрлийг Монголын зүгээс хамгаалж явдаг хуультай юм билээ. Тухайн газар нутагт хайгуул хийж буй “Гурансайхан” ХХК компани нь Чехийн хөрөнгө оруулалттай, дээрээс нь Монголын төрийн өмчит компани “Мон Атом” гэж компанийн хувьцаа эзэмшдэг ийм компани. Уг компани 1994 оноос эхлээд л хайгуулын лицензийг авч сүүлд 2015 онд ашигтай лиценз болгоод ингээд явж байгаа. Энэ жил нарийвчилсан хайгуул хийнэ гэж маш олон тооны өрөм нэг зэрэг тавиад үйл ажиллагаагаа явуулсан. Энд манай Өлзийт сумын Буянт багийн тодорхой ард иргэд эсэргүүцэл илэрхийлж байгаа юм. Ер нь зөвхөн тэр хавийн ард иргэд ч гэлтгүй сум аймгийн, удирдлагуудын зүгээс энэ үйл ажиллагааг нэгдүгээрт хуулийн хүрээнд явуулах ёстой, хоёрдугаарт ард иргэдийн эрх ашгийг хүндэтгэлтэй хандаж, эрх ашигт нийцсэн үйл ажиллагаагаа явуулах ёстой гэсэн зарчмын байр суурьтай байгаа. Харамсалтай тэр аж ахуйн нэгжийн зүгээс жоохон түрэмгийлсэн, хүч хэрэглэсэн явдал бий. Ард иргэдийн тэр одоо эсэргүүцэлтэй тэмцэхэд ойлголцох, дээрээс нь ураны талаарх мэдлэг мэдээллийг олгох тал дээр бол аж ахуйн нэгж өөрөө дутагдалтай ажилласан. Бид нар ашиглалтын лиценз эзэмшдэг компани учраас одоо энэ хүмүүстэй бол зүгээр яаж ч харьцсан яах вэ гэсэн тийм хандлагаар харьцсан. Энэ нь өөрөө ард иргэдийн бухимдлыг бий болгосон нь тодорхой. Багийн иргэдийн нийтийн хурлаар тухайн ойр орчимд амьдарч байгаа, олон жил малаа хариулсан тэр хүмүүстэй ойлголцох, багийн иргэдийн нийтийн хурлаар зөвшөөрөл авах, энэ юмнууд нь хийгдээгүй юм байна лээ нэгдүгээрт. Хоёрдугаарт мэргэжлийн хяналтын ерөнхий газраас бичигтэй, ажиллах үйл ажиллагаагаа эхлүүлчихсэн. Ард иргэд, тухайн нутгийн оршин суугчдын зүгээс нэлээн хэдэн жилийн өмнөөс энэ лицензийг нь цуцлуулах талаар шүүх, шүүхийн байгууллагаар явж байгаа. Урьдчилсан шатны шүүхээр тэр аж ахуйн нэгжийн талд гарсан юм шиг байгаа юм. Иргэд нь бол давж заалдах шатандаа хандчихсан ийм байдалтай л байгаа. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын зүгээс шалгалт ирж ажиллах гэж байна. Миний хувьд болбол манай Өлзийт сумын одоо тэр ард иргэдийн зүгээс бидэнд хүсэлт тавьсны дагуу ажлын хэсэг байгуулаад Дундговь аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ахлуулсан мэргэжлийн хяналтын газрын хэлтсийн даргаар ахлуулсан нэлээн том ажлын хэсгийг тухайн орон нутагт нь ажиллуулсан. Хуулийн хүрээнд байх ёстой бичиг баримт бол байдаг гэхдээ ганц нэг худаг шинээр гаргаад ашиглах ёсгүй, худаг ашиглачихсан ч юм уу тийм нэг техникийн зөрчлүүд бол байсан. Тэр зөрчлүүдийг арилгуулах талаар холбогдох арга хэмжээнүүдийг авсан байгаа. Дээрээс нь тухайн манай ард иргэдэд ч гэсэн та нар тэмцлийн хэлбэрийг сонгохдоо их хуулийн хүрээнд байхгүй бол өөрсдөө хохирох вий. Өөрсдөө хууль мэдэхгүйгээс болж өр төлбөрт орох ийм нөхцөл байдалд орчих вий гэдэг тийм зөвлөмжийг өгөөд ирсэн ийм л байдалтай байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар тухайн байгууллага, газар дээр одоо ажиллаад ямар дүгнэлтүүд гаргах вэ тэд нарыг бид нар харж байна. Төрийн гурван өндөрлөгт ард иргэдийн төлөөлөл өргөх бичиг барьсан зүйл бий.
-Аймгийн засаг даргын мөрийн хөтөлбөрийн биелэлт ер нь энэ жилийн байдлаар ямар хэмжээнд явж байна, хөрөнгө оруулалтын асуудлууд ямархуу байгаа түүнтэй холбогдуулан бүтээн байгуулалтын ажлууд аль шатандаа явж байгаа вэ?
-Мэдээж 2020 оны орон нутгийн сонгуульд оролцохдоо тодорхой мөрийн хөтөлбөртэй орчихсон байгаа. Мөрийн хөтөлбөрийн биелэлтийг одоогоор хувь хэмжээгээр нь тогтооход арай эрт байна. Төлөвлөснөөрөө бол ер нь бэлтгэл ажил нэлээн хангагдаж анхан, шууд шийдвэрлэх боломжтой тэр ажлууд хийгдэж байгаа гэж ойлгож болно. Хөрөнгө оруулалтын хувьд бид нар их хурлын гишүүдтэйгээ илүү их одоо ойр дотно ажиллах ийм шаардлага байдаг. Манай аймгийн хувьд их хурлын гишүүдтэй бид нарын харилцан ойлголц их сайн, өндөр түвшинд байдаг. Яагаад гэхээр бид нар бүгд нэг л аймаг орон нутгийн нэг л ард иргэдийн нийтлэг эрх ашгийг хангах хөгжлийнх нь асуудал дээр ажиллах нэг ойлголттой байх ийм л утга учиртай. Тэгж байж аливаа хөгжил дэвшил, ажил урагшилна тийм болохоор бид нар бол их хурлын гишүүдтэйгээ ойлголцож өнгөрсөн жилүүдэд улсын төсвийн хөрөнгө оруулалтууд харьцангуй нэмэгдэж байгаа. Төсвийн хэмнэлтийн жил гээд энэ онд сая төсвийн тодотголоор бид нар эргээд буурсан. Дараа дараагийн жилүүдэд нөхөгдөөд ороод явах байх аа гэж бодож байна. Бид нар 30-40 тэрбум төгрөг жилдээ аймгийн орон нутагт улсын төсвийн хөрөнгө оруулалт болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байна. Тэгээд энийг аль болохоор хамгийн оновчтой, хамгийн нэн түрүүнд шаардлагатай гэсэн төслүүдээ л санхүүжүүлэхэд хэрэглэдэг. Энэ жилийн хувьд манай аймгийн төв боловсролын салбарт үндсэндээ гурван сургууль, хоёр цэцэрлэг, хоёр гурван дотуур байр, спорт заалтны хөрөнгө оруулалт хийгдэж байна. Мянган хүний суудалтай усан бассейн бүхий том спорт цогцолбор аймгийн төвд баригдаж байна. Нэгдсэн эмнэлгийн долоон давхар барилга дуусах шатруугаа орж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төв барилга баригдаад дуусаж байна цэвэрлэх байгууламж аймгийн төв шинэ цэвэрлэх байгууламжыг азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаас шийдлээ гэх мэтчилэн арай томоохон төслүүдээс дурдаад байвал бас хэд хэдэн төслүүд хийгдэж байгаа.
-Аймгийн хэмжээнд ажилгүйдлийн түвшин, ажлын байрыг дэмжих иргэдийг ажил ашиг орлоготой болгох тал дээр одоо бас ямархуу ажлууд хийж байгаа вэ?
-Ажилгүйдлийн түвшин тогтвортой байгаа. Үүнийг олон хүчин зүйлээр үнэлдэг юм байна л даа. Яг одоо манай Дундговь аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний газар дээр одоо ажлын байр эрилхийлсэн хүмүүсийн тоо 500-700 хооронд л байдаг. Тэр улсууддаа бид нар сүүлийн үед энэ ногоон ажлын байр буюу мод тарьж ургуулах, тэрийг арчилж хамгаалах тал дээр хүмүүс авч ажиллуулж байна. Дээрээс нь барилга байгууламжууд шинээр баригдаж байгаатай холбоотой ажлуудад авч байна. Зам талбай засварлах тохижуулахдаа бас хүмүүсээ авч байна гэх мэтчилэн улсуудыг ажлын байр, түр ажлын байруудаар хангах зүйлс хийгдэж байгаа. Хоёр жилийн коронавирусийн нөхцөл байдлаас шалтгаалаад бизнес эрхлэгчид өөрөө өөрсдийн бизнес өргөжих шинэ ажлын байр бий болгох тал дээр жоохон хүнд байлаа шүү дээ. Өөрсдөө бараг хуучин ажлын байраа яаж хадгалах вэ гээд одоо хэр нь хэвийн горимдоо бас орж чадахгүй л байгаа юм. Тэгээд энэ мэтийн зүйлээс болоод ажлын байрны дутагдал, ажлын байраар хангах талд жоохон тийм учир дутагдалтай явж байгаа гэж хэлэхэд болохоор байгаа юм. Дээрээс нь хэрэгцээтэй байгаа ажлын байран дээр очдог хүн их ховор, ялангуяа энэ барилга хөрөнгө оруулалтууд байна. За дэд бүтцийн салбарын ба нийгмийн салбарт ажиллах ажил одоо зар мэдээллүүд яваад байдаг, энэ дээр нь цалин хангамжийг голох нийгмийнх нь асуудал дээр илүү шаардлага тавих гэх мэтчилэнгээр очдог хүмүүс бас жоохон ховор байна. Өнгөрсөн жил бизнес эрхлэгчдийн дэмжих жил болгон зарлаж, өрхийн орлого яаж нэмэгдүүлэх вэ гэдэг тал дээр илүү ач холбогдол өгөх зорилготой хэд хэдэн арга хэмжээнүүд хийсэн. Эхнээсээ ер нь өрхийн хувьд ч тэр, хөдөлмөр эрхэлнэ гэсэн сэтгэлгээтэй хүмүүсийн тоо ч жоохон нэмэгдсэн болов уу гэж ингэж боддог. Тэр ч утгаараа бид Дундговь аймагт үйлдвэрлэе гэж нэлээн томоохон төвийг зах зээл, бэлчээрийн удирдлага, төсөлтэй хамтран бий болгосон. Энэ дээр Дундговь аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бүх аж ахуйн нэгж өрхийн үйлдвэрлэгч нарын бараа бүтээгдэхүүнийг бид нар ямар нэгэн шимтгэлгүйгээр шууд зах зээлд борлуулдаг ийм төвийг бий болгосон. Тодорхой үр дүн өгч байгаа.
-Ярилсан танд баярлалаа