Монгол банк өнөөдрийн ам.долларын ханшийг 3248,9 төгрөг хэмээн зарлажээ. Энэ бол Монгол Улсын төрийн мэдлийн, өөрөөр хэлбэл УИХ-ын харьяаны, Монгол Улсын мөнгөний бодлогыг тодорхойлдог банк.
Уг нь МАН 2016 оны мөрийн хөтөлбөрийнхөө 2.3.2. –д “Монгол банк мөнгөний зохистой бодлогыг хэрэгжүүлснээр зээлийн хүүг бууруулна. Валютын нөөцийг нэмэгдүүлнэ. Инфляцийн түвшинг нэг оронтой тоонд барина. Монгол төгрөгийн ханшийн уналтын зогсоож зохистой түвшинг хадгална” гэжээ.
Тэр 2016 оны сонгуулийн өмнөхөн УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат индэр дээр нэг ам.доллар, баглаа бүхий нэгтийн дэвсгэртт гаргаж ирээд “Нэг ам доллар 17 боодол нэгтийн дэвсгэрттэй тэнцэж байна шүү дээ” хэмээн уйлаг алдан хэлж байсан нь намынхаа энэ мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэхийн зэрэгцээ тэр үед эрх барьж байсан хүчнээ хурцаар шүүмжилж байсан хэрэг биз ээ. Өөрөөр хэлбэл энэ АН л валютын ханшийг ийм болтол унагалаа, одоо манай нам үүнийг тогтоон зохистой түвшинд барина гэж байсан нь энэ.
Тэгээд ч бас, ам.долларын ханшийг 1000 төгрөг болгоно гэсэн амлалт ч бий.
Гэтэл МАН засгийн эрхийг дөрвөн жил бариад 2020 оны сонгуультай золгохын босгон дээр ам.долларын ханш 2700 төгрөгт хүрээд байв. Энэ үед эрх баригч МАН, өнөө Ж.Мөнхбат гишүүн таг чимээгүй л байлаа. Ард түмэн ч хэвлэл сонинд бичиж, олон нийтийн сүлжээгээр мөнгөний ханш арай л хурдан унаж, бараа бүтээгдхүүний үнэ нэмэгдэж байгааг гайхан шагшиж, худалдаа үйлдвэрлэл эрхлэгчид аргагүйн эрхэнд үнээ нэмсээр л байлаа.
Өөрийнх нь сэтгүүлчдийн өмнө хоёр гартаа барин үзүүлж, нулимсаа дуслуулан ярьж байсан ханшийн зөрүү 700 төгрөгөөр нэмэгдчихсэн байхад УИХ-ын эрхэм гишүүн Ж.Мөнхбат дуугүй л байлаа.
Ингэж байтал 2020 оны УИХ-ын сонгууль хаяанд ирлээ. Намууд сонгуулийн мөрийн хөтөлбөрөө боловсруулан нэр дэвшигчид нь хаа сайгүй л амны уншлага болгон ярьж, МАН-ынхан ч чухам л “биднийг л сонговол та нарыгаа гар газар, хөл хөсөр болгон амгалан тайван жаргуулна” гэцгээв.
Энэ хүмүүсийн яриад байсан МАН-ын 2020 оны УИХ-ын сонгуулийн тэр мөрийн хөтөлбөрт “2.5.1. Валютын нөөцийг нэмэгдүүлэх, инфляцын түвшинг багасгах, төгрөгийн ханшийн уналтыг зогсоох зэрэг мөнгөний зохистой бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ” гэсэн өгүүлбэр цагаан цаасан дээр хараар их л нямбайхан бичсэн нь бий.
Үүнээс хойш яг бүтэн хоёр жил өнгөрлөө. Өнөөдөр ам.долларын ханшийг Монгол банк 3248.9 төгрөг гээд зарлачихаж. Өнөө 2020 оны сонгуулиар сайхан амлааж байсан үеийнхээс нь 600 төгрөгөөр нэмэгджээ.
МАН-ын эрх баригчид мөн л таг чимээгүй. Ам.долларын ханшид ихээхэн сэтгэл зовж, монгол төгрөгийн ханш унаад эхлэхээр нулимс нь урсаад эхэлдэг Ж.Мөнхбат гишүүн ч бас л таг дуугүй.
Монгол төгрөгийн ханш унаад байгаагийн цаана мэдээж бараа бүтээгдхүүн, үйлчилгээний үнэ нэмэгдсээр. Энэ бүхэнд бухимдсан олон нийт мөн л хүнд хэцүү байгаагаа гайхсаар, хэвлэл сонин, олон нийтийн сүлжээнд бичсээр. Өмнөх 2016-2020 оны үеэс харин өөрчлөгдсөн зүйл нь энэ бүхнийг шүүмжилж, төв талбай, энд тэнд үгээ хэлсэн, эсэргүүцлээ илэрхийлсэн хүмүүсийг эрх баригчид ямар нэг шалтаг заан баривчлан хорьдог, саатуулан шалгаж, торгож шийтгэдэг хууль батлан хэрэгжүүлж байх шив дээ.
Ард түмэн, сонгогчид 2016 онд МАН-ын чихэр бурам шиг амлалтын төлөө 65 суудал өгсөн, 2020 оны сонгуулиар мөн л 62 суудал өгч засгийн эрх бариулсан.
Энэ хоёр сонгуулийнхаа мөрийн хөтөлбөрийн биелэлтийг чин үнэнээр тайлагнавал тайлагнах болсон баймаар даа……Үгүй ядахнаа Ж.Мөнхбат гишүүн нэг юм хэлэх болоогүй юу.