Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батзамтай өвлийн бэлтгэл ажил болон цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Говьсүмбэр аймагт зуншлага ямар байв. Малын тарга тэвээрэг, хүнсний ногооны тариалалт ямар байв?
-Хур бороо элбэг сайхан зун боллоо. Мал тарга хүч тэвээрэг сайн, малчдын нуруу тэнэгэр намар болж байна. Засгийн газрын бодлого, аймгийн Засаг даргын хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу ард иргэдээ эрүүл хүнсээр хангах, газар тариаланг дэмжин ажиллаж байгаа. Энэ хүрээнд төрийн байгууллага болон иргэдийг аж ахуй эрхлэхийг дэмжиж 74 хүлэмж олгосон. Үүний үр дүнд тариалах хүнсний ногоо, жимсний төрөл нэмэгдсэн. Тухайлбал, улаан лооль, чинжүү, навчит байцаа, хулуу, тарвас тариалж байна. Удахгүй болох намрын үзэсгэлэн худалдаанд оролцож бүтээгдэхүүнээ борлуулна.
-Өвлийн бэлтгэл ажил ямар шатанд явна вэ?
-Аймгийн Онцгой комисс хуралдаж Засаг даргын орлогчоор ахлуулсан өвлийн бэлтгэл хангах ажлын хэсгийн тайланг хэлэлцсэн. Энэ тайлангаар төв суурин газрын өвлийн бэлтгэл ажил 92 хувьтай хангагдсан дүн гарсан. Хөдөө аж ахуй буюу хадлан тэжээл, газар тариалангийн өвөлжилт, хаврын бэлтгэл ажил 84 хувийн гүйцэтгэлтэй байна. Өнгөрсөн жилүүдэд зуншлага тааруу байсан учраас бусад аймгаас хадлан, тэжээл бэлтгэдэг байлаа. Тэгвэл энэ жил өөрийн нутаг дэвсгэрээс хадлан бэлтгэж эхэлсэн. Аймгийн хэмжээнд хадлангийн зургаан салаа, дөрвөн иргэн ажиллаж байгаа. Мөн Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгаас бас хадлан бэлтгэхээр гарсан. Ингээд есдүгээр сарын 15-ны байдлаар 86 тонн өвс бэлтгээд байна.
-Энэ жил хэдэн тоон өвс, тэжээл бэлтгэх төлөвлөгөө гарсан бэ?
-Ер нь өмнөх жилийн өвс, тэжээлийн нөөцийн үлдэгдлээс хамаарч тухайн жилийн бэлтгэх төлөвлөгөө гардаг. Тэгвэл өмнөх жилүүдэд 150 тонн өвс, 50 тонн тэжээл бэлтгэж ирсэн. Энэ жил 175 тонн өвс, 75 тонн тэжээл бэлтгэх төлөвлөгөө бий. Үүнийг сум бүрд хувааж бэлтгүүлэх үүрэг өгсөн. Мөн малчид өөрсдийн бололцоогоор өвс, тэжээл бэлтгэх учиртай.
-Та зуншлага сайхан байсан гэлээ. Тэгвэл хил залгаа аймаг, сумаас отор нүүдэл хийх санал тавьж байна уу?
-Өмнөх жилүүдэд цаг сайхан байхад малчид ах дүү, найз нөхдөөсөө мэдээлэл авч ирж өвөлжиж хаваржаад явдаг байсан. Энэ жилээс эхлээд гэрээ хийсэн малчдад отор нүүдэл хийхийг зөвшөөрнө. Тодруулбал, Отрын бүсийн захиргаанаас отор хийх малчдын ам бүл, малын тоог авч гэрээ хийсэн тохиолдолд хүлээж авах болсон. Хамгийн гол нь отроор ирэх малчдад мал сүргээ вакцинд бүрэн хамруулах шаардлага тавьж байгаа. Аймгийн Онцгой комиссоос Говьсүмбэр аймгийн нутагт өвөлжих болон өөр аймагт отор нүүдэл хийхээр дамжин өнгөрөх малчдад зориулан хоёр маршрут гаргасан. Тодруулбал, Баянтал сумын 16-р зөрлөг байна. Сүүлийн жилүүдэд төмөр замын энэ гармаар отрын бүс нутаг руу отор нүүдэл хийж буй малчдыг нэвтрүүлж ирсэн. Мөн Шивээговь сумаас цааш төмөр замын бас нэг нүхэн гарц бий. Энэ хоёр замаар малчдыг отор нүүдэл хийх шийдвэр гаргасан юм.
-Отор нүүдэл хийх үед малын халдварт өвчин тархах магадлал өндөр байх. Тэгвэл үүнээс урьдчилан сэргийлэх талаар ямар ажил зохион байгуулж байна вэ?
-Говьсүмбэр аймгийн хувьд 2021 оны нэгдүгээр сараас эхлээд долдугаар сарын 1 хүртэл өөр аймаг, сумын мал оруулахгүй гэсэн захирамж гаргаж байсан. Аймгийн Онцгой комиссын хурлаар энэ сард багтааж малд намрын улиралд хийх товлолт вакцины зардал мөнгийг шийдлээ. Говьсүмбэр аймагт 2021 оноос хойш малын гоц халдварт өвчин гараагүй. Энэ бол манай аймгийн мэргэжлийн байгууллагууд малын товлолт вакциныг цаг хугацаанд нь хийж ирсний үр дүн. Мөн өөр аймаг, сумаас отор, нүүдлээр ирж буй малыг орж, гарах үед вакцин хийлгэсэн эсэхэд нь хяналт тавьж ирсэнтэй холбоотой. Иймд малын вакцинжуулалтад анхаарч хяналт тавих үүрэг холбогдох мэргэжлийн байгууллагуудад өгсөн. Улсын хэмжээнд хэд хэдэн аймаг, суманд малын гоц халдварт өвчин гарсан тул отор нүүдэл хийж буй өнөө үед аймгийн Онцгой комисс болон мэргэжлийн байгууллагууд хатуу хяналт тавихгүй бол болохгүй. Говьсүмбэр аймаг малын халдварт өвчин гараагүй ногоон бүс нутаг юм. Иймд отроор ирж буй болон дамжин өнгөрч буй мал сүрэгт тавих хяналтаа сайжруулах үүргийг аймгийн Онцгой комисс, мэргэжлийн байгууллагуудад өгөөд байгаа.
-Отрын бүс нутгийн бэлчээрийн даац ямар хэмжээнд байна вэ?
-Говьсүмбэр аймгийн хувьд бэлчээрийн даац хэтэрсэн. Манай аймагт 2021 оны жилийн эцсээр 432 мянган толгой мал тоологдсон. Өнгөрсөн хавар нийт 150 орчим мянган толгой төл хүлээж авсан. Энэ жил эдийн засгийн эргэлтэд 130-аад мянган толгой мал орох тооцоо бий. Ингээд энэ онд 452 мянга орчим толгой мал өвөлжихөөр байна. Аймаг дундын отрын бүс нутаг Малхад 140 мянган орчим толгой мал өвөлжих судалгаа гарсан. Энэ отрын бүс нутаг маань нийт 110 мянган толгой бог мал хүлээн авах хүчин чадалтай. Үүний 70 орчим хувь нь Говьсүмбэр аймгийн мал байх тооцоо хийж Отрын бүс нутгийн захиргаанд хүргүүлсэн.
-Танай аймагт энэ жил төлөвлөсөн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил хэрхэн өрнөж байна вэ?
-Говьсүмбэр аймагт энэ жил улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 20 орчим тэрбум төгрөгийн ажил хийхээр төлөвлөсөн. Хуулийн хугацаанд зохих сонгон шалгаруулалт зарлаад ажил хэвийн явагдаж байгаа. Тухайлбал, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар аймгийн төвд гурван км хатуу хучилттай автозам барьж байна. Шивээговь суманд 150 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай цэцэрлэгийн барилга эхэлсэн. Мөн Шивээговь сумыг босоо тэнхлэгийн авто замтай холбох 6.9 км хатуу хучилттай автозам тавьж байна. Эдгээрээс гадна өнгөрсөн онд эхэлсэн бүтээн байгуулалтын ажлуудыг ондоо багтааж хүлээж авна. Тодруулбал, хоёрдугаар сургуулийн 640 хүүхэд хүлээж авах хүчин чадалтай өргөтгөлийн барилгыг хүлээж авах юм. Үүнээс гадна Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийг ашиглалтад оруулна. Мөн тавдугаар цэцэрлэгийн 300 хүүхэд хүлээж авах хүчин чадалтай өргөтгөлийн барилгыг хүлээж авахаар ажиллаж байна.