Дэлхий дахинд
ИРАНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ ЭСЭРГҮҮЦЭГЧИДТЭЙ ШИЙДВЭРТЭЙ ХАРЬЦАНА
Иран бүсгүй Махса Аминиг хижаб хэмээх алчуураа буруу зүүсэн, хөл гараа ил гаргаж явсан хэмээн ёс журмын цагдаагийнхан саатуулсны дараа бүсгүй амь эрсэдсэнийг цагдаа нар зодож амийг нь хөнөөлөө хэмээн иран даяар эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж хүрээгээ улам тэлэн цагдаа нартай мөргөлдөж байна. Ираны Ерөнхийлөгч Эбрахим Раиси эсэргүүцэгчидтэй шийдвэртэй харьцахад бэлэн байна гэж мэдэгджээ. Албан ёсны мэдээгээр бол эсэргүүцлийн хөдөлгөөнийхөн цагдаа нартай мөргөлдөх үеэр 35 хүн амь үрэгдээд байгаа юм байна.
Ираны Пираншар, Махабад, Урмия хотуудад болсон жагсаал цуглааны үеэр хүчний байгууллагынхан жагсагчид руу буудаж байгаа дүрс бичлэг олон нийтийн сүлжээгээр түгэж байна. Байлдааны сум хэрэглэсэн байхыг үгүйсгэхгүй байна.
Ираны хүчний байгууллагынхан зөвхөн лхагва гарагт 19 хүний амийг хөнөөсний гурав нь насанд хүрээгүй хүүхэд байлаа гэж Amnesty International байгууллагын хүний эрхийг хамгаалагчид мэдээллээ. Жагсаалд оролцогсод улмаар ираны дэглэмийн харгислалыг шүүмжилж байна. Жагсагчдаас хэдэн зуун хүн баривчилж саатуулсны дотор 11 сэтгүүлч байгаа гэнэ. Зөвхөн баруун хойд нутгийн Гуйлан мужид гэхэд л бямба гаргийн байдлаар 739 хүн саатуулсны дотор 60 эмэгтэй байжээ.
Би-би-си-гийн сурвалжлагчид саатуулагдсан хүмүүсийн ярьснаар бол тэднийг зодож байгаа гэнэ.
Ошневие хотод эсэргүүцэгчид хотын хэд хэдэн хорооллыг эзэлсэн гэж Би-би-си мэдээлж байна. Энэ орчмоос цагдаагийнхан, албан тушаалтнууд эхлээд зугтацгаасан бол бямба гарагт эргэн ирсэн гэж нутгийн иргэд ярьжээ. Эсэргүүцлийн жагсаалд оролцогсод төрийн цэрэгжсэн “Басиж” байгууллагын гурван ч штабыг эзэлсэн гэсэн мэдээлэл түгсэнийг төрийн мэдлийн хэвлэлүүд няцаасан байна.