Физикийн ухааны доктор Н.Тэгшбаяртай Монгол орны ундны усан дахь уран, микро элементүүд, усны физик- химийн шинж чанарыг иж бүрэн судалсан ажлын үр дүнгээс гарах практик зөвлөмжийн талаар ярилцлаа.
-Монгол орны хөрс, усанд уран болон цацраг идэвхт элементийн тархац ямар хэмжээнд байдаг юм бэ?
-Эрдэмтэд ураныг олон талаас нь судалдаг. Миний хувьд Монгол орны ундны усан дахь уран, түүний физик, гидрогеохимийн асуудлууд, боломжит нэгдлийн судалгааг олон жил хийж байна. Энэ сэдвээрээ доктор хамгаалсан. Миний докторын судалгааны удирдагчаар физик талаасаа гавъяат физикч Х.Цоохүү, хими талаасаа МУИС-ийн профессор О.Болормаа нар ажилласан. Тухайн нутаг бүр эрдсийн хуримтлалаас шалтгаалж ундны усан дахь уран, эрдсийн бүтэц нь өөр өөр байдаг. Говийн аймгуудад ураны тархалт их харьцангуй их байна. Жишээлбэл, Сүхбаатар, Говьсүмбэр, Дорнод, Дорноговь аймагт ундны усанд ураны тархалт нэлээд өндөр гардаг. Дорноговь аймагт ураны томоохон хуримтлал бий. Монголчууд эртнээс гайхамшигтай судлаач ард түмэн. Уул ус, газар нутгийн нэрийг аваад үзье л дээ. Эрдэнэт овооноос зэс гарсан. Оюутолгойгоос алт, зэс гарч байна. Дулаан уул гэсэн газарт хайгуул хийхээр ураны хамгийн том орд олдож байгаа юм. Энэ орд ураны 90 орчим мянган тонны нөөц тогтоогдсон. Дахиад нөөц тогтоогдох боломжтой. Тус ордыг Франц, Монголын Засгийн газар хамтран эзэмшиж ашиглалтын лицензээ авч олборлолт явуулах технологийн туршилт эхэлж байх шиг байна.
-Та Цөмийн энергийн агентлагийн даргаар ажиллаж байсан хүн. Манай улсад одоо мөрдөж байгаа уран болон цацраг идэвхт эрдсийн талаарх хууль эрх зүйн орчин ямар хэмжээнд байна. Түүнийг шинэчлэх асуудал бий юу?
-Аливаа хууль тогтоомж цаг үеэ дагаад шинэчлэгдэж байх ёстой. Намайг даргаар ажиллаж байхад Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг байсан. Дараа нь Ерөнхий сайдын дэргэдэх ажлын алба болж статус нь нэг шатаар дээшилсэн. Саяхнаас Цөмийн энергийн комиссыг БШУЯ-нд харъяалууллаа. Энэ бол том ухралт гэж харж байгаа. Уг асуудлыг Ерөнхий сайд эргэж харна гэж найдаж байна.
Та физикийн ухааны эрдэмтэн судлаач хүн. Яриандаа Дорноговь аймагт хэрэгжиж буй уран олборлох төслийн талаар дурдлаа. Энэ төслийн тухай товч мэдээлэл өгөхгүй юу?
-Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газраас “Монгол Улс уран экспортлогч орон болно” гэсэн бодлого баримталж байгаа. Үүний дагуу Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмалыг олборлох, хайх, судлах хүрээнд төрийн өмчит “Эрдэнэс Монгол”-ын харъяанд “Мон-Атом” хэмээх компани байгуулсан. Энэ компани Францын талтай хамтарсан “Бадрах Энержи” компани үүсгэн байгуулаад ажиллаж байна. Тэгээд Франц, Монголын худалдаа эдийн засаг, технологи шинжлэх ухааны хамтын ажиллагааны төсөл хэрэгжүүлж байгаа юм. Нэг ёсондоо Францтай стратегийн өндөр түвшинд хамтарч ажиллах том төсөл учраас үүнийг санаатай, санамсаргүй байдлаар эсэргүүцэж буй хүмүүс нэг зүйл бодох ёстой. Бусад уурхайг мөнгө олох гэж ажиллуулдаг гэж хэлж болох юм. Харин ураны уурхай зөвхөн мөнгөний төлөө биш. Энэ бол стратеги, геополитик, тусгаар тогтнол аюулгүй байдлын хамтын ажиллагааны төсөл гэж ойлгох хэрэгтэй. Мэдээж ямар ч өндөр төвшний төсөл байсан хуульд, стандартад захирагдах ёстой. Үүнийг төсөл хэрэгжүүлж буй хоёр тал онцгой анхаарах учиртай юм. Монгол Улс ураны салбарт зөвхөн Францын төслийг дэмждэггүй. Үүнээс гадна ОХУ, БНХАУ, АНУ, Англи, Европын холбооны ураны салбарт хамтран ажиллах бодлогыг дэмждэг.
-Цацраг идэвхт бодис, уран хортой гэсэн айдас манайханд байдаг. Ураны уурхайд хэн ямар хяналт тавьдаг юм бэ?
-Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хяналт тавьдаг. Уран гэдэг зүйлийг бид хормойлж аваад аргал шиг асгаж овоолоогүй. Хорвоо ертөнц үүсэхэд л өнөөгийн Монгол орны нутаг дэвсгэрт байсан элемент. Бурханы авралаар өвөг дээдэс маань ураны орд, нөөцтэй газар нутаг бидэнд үлдээсэн. Уран байгаль дээр байхдаа хүн, амьтанд шууд сөрөг нөлөө үзүүлэхгүй. Стандартын дагуу олборлоод химийн үйлдвэрт боловсруулсны дараах бетта, гамма цацраг туяа гарахын цагт илүү эрсдэлтэй. Монгол Улсад одоохондоо ийм төвшинд боловсруулах үйлдвэр байхгүй. Уурхайд ч ийм боловсруулалт хийх боломжгүй юм. Одоо зөвхөн альфа цацрагийн орчинд байдаг учраас айхгүй байж болно. Уран бол химийн хувьд хоруу чанартай, цацрагийн хувьд эрсдэлтэй элемент. Ийм шинж чанартай элемент байгаль дээр 20 гаруй бий. Тэдний нэг нь уран юм. Өөрөөр хэлбэл цацраг идэвхт ашигт малтмалын нэг төрөл. Химийн үелэх системд байдаг бүхий л элемент Монгол орны газар нутагт бий. МХЕГ-ийн газрын харъяа Цөмийн болон цацрагийн хяналтын газар уран, цацраг идэвхт ашигт малтмалтай холбоотой хяналт шалгалтыг хэнээс ч хараат бусаар хийх хуулийн үүрэгтэй. Тэгэхээр аливаа элементүүд усанд, агаарт, биет бүтээгдэхүүнд стандартын хэмжээнд байна уу, үгүй юү гэдгийг байнга хянаж, шалгаж судалж тогтоож байх ёстой. Манай улсад өнөөдөр уранаас болоод хэн нэгэн нь хордсон өвдсөн гэсэн шинжлэх ухааны нэг ч дүгнэлт гараагүй. Харин Дорнодын Мардай гээд хаягдсан уурхайн ил задгай нуурын усан дахь уран Монгол Улсын болон олон улсын стандартын хэмжээнээс 39 дахин их байгаа юм. Өөрөөр хэлбэл тэр нуурыг хашиж хамгаалалтад авах ажил хийх ёстой. Гэтэл өнөөдөр тэнд хэн ч юу хийгээгүй байгаа юм. Гэхдээ мал хорогдсон, хүн хордож өвчилсөн асуудал алга. Хамгийн гол нь хамгаалалтад авах ёстой.
-Та яриандаа уранаас гадна олон төрлийн цацраг идэвхт элементийн талаар дурдлаа. Манай улсад энэ чиглэлийн судалгааг хэр хийж ирсэн юм бэ?
-Хангалттай хийж ирсэн. Хийж ч байгаа. Монгол Улсын Геологийн төв лаборатори чанарын болон ур чадварын олон улсын стандартыг нэвтрүүлсэн. Тэгэхээр бүх төрлийн эрдсийг бүрэн тодорхойлох чадвартай юм. Монгол Улсын төсөв өнөөдөр уул уурхайн олборлолт, тээвэрлэлт, экспортоос хамааралтай байна. Ийм учраас эрдсийн судалгаа хангалттай хийгдэж байгаа. Илүү нарийн зүйлийг манай УУХҮЯ-ны мэргэжилтнүүд, геологичид хэлэх байх.
-Ер нь манай улс Цөмийн энергийн салбарт ямар бодлого баримтлан ажиллах ёстой гэж та эрдэмтэн хүний хувьд бодож явдаг вэ?
-Монгол Улс цөмийн энерги болон технологийн талаар төрөөс баримтлах бодлоготой. Цөмийн энергийн тухай хуультай орон. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд “Цөмийн энергийн салбараар дамжуулж Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолоо дипломат яриа хэлэлцээний шугамаар хамгаална” гэж заасан байдаг. Үүнд цөмийн технологийн салбар чухал үр нөлөөтэй. Ийм учраас улс орнуудын цөмийн технологийн салбар нь Ерөнхий сайдын шууд удирдлага дор байдаг. Жишээлбэл НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн таван оронтой ижил түвшинд цөмийн энергийн салбараар дамжуулж харилцах ёстой. Үүнд БНХАУ, ОХУ, АНУ, Англи, Франц улсууд бий. Монгол Улс цөмийн зэвсэггүй бүс гэдгээ НҮБ-д тунхаглаад тогтоол гаргуулсан. Цөмийн зэвсэггүй байсны төлөө НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Монгол Улсыг хамгаална гэсэн тогтоолтой. Дээрээс нь энэ таван оронтой цөмийн технологи, цацраг идэвхт ашигт малтмалын салбарт өндөр төвшинд хамтарч ажиллах нь дипломат хэлэлцээрийн шугамаар аюулгүй байдлаа хамгаалах нэг хүчин зүйл болж байгаа юм. Өнөөдөр улс орнуудын хөгжлийн гол томоохон суурь нь сансар судлал, цөмийн энерги, байгалийн ухааны салбар болсон. Өөрөөр хэлбэл байгалийн зүй тогтол дээр суурилсан хүний нийгэм оршиж байна. Товчхондоо суурь нь байгалийн ухаан. Тэр дундаа физик, технологи юм. Хүний нийгэм байгалийн шинжлэх ухааны зүй тогтлыг ашиглан хөгжиж байгаа. Ийм учраас цөмийн технологи, байгалийн шинжлэх ухааны салбарт үр хойчоо сурган боловсруулах, хөгжүүлэх, гадаадад мэргэжил дээшлүүлэх, олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын тэргүүлэх зорилгын нэг. Иймд манай улсын тэргүүлэх мэргэжил, боловсролын жагсаалтад цөмийн технологи, цөмийн энерги, мэдээллийн технологи, хөдөө аж ахуйн мэргэжил ордог юм.
-Тэгвэл сүүлийн үед МУИС-ийн физикийн ангид элсэн суралцах сонирхолтой хүүхдүүд цөөрсөн. Нэг ангид дөрөв, таван хүүхэд элсэн ордог гэсэн асуудал гарч байгаа шүү дээ?
-Хүүхдүүд физикийн шинжлэх ухаанд сонирхолгүй болсондоо биш юм билээ. Мэдээж хүнд, хэцүү салбар. Гэхдээ сонирхолтой. Манайхаас бусад оронд физикийн чиглэлээр суралцаж буй оюутнуудад сургалтын төлбөр, тэтгэлэг чамгүй өгдөг. Энэ бодлого л манайд дутаад байгаа юм. МУИС өнгөрсөн жил физикийн ангид элсэн орсон хүүхдэд 700- аас дээш оноотой бол сургалтын төлбөрөөс чөлөөлнө гэсэн. Тэгтэл тус сургуульд элсэхээр хүсэлт гаргасан арван мянган хүүхдийн мянга нь физикийн ангид орно гэж байгаа юм. Хамгийн гол нь шийдвэр гаргах түвшний хүмүүс, боловсролын салбарын нөхдүүд, тухайн сургуулийн удирдлагууд энэ чиглэлд бодлогын шинж чанартай шийдвэр гаргаж өгөх шаардлага байна. Монголчууд байгальд их ойр учраас байгалийн шинжлэх ухаанд дуртай байна л даа.
-Газрын зургаас харахад Монгол орны зүүн нутагт ураны ордууд ерөнхийдөө төвлөрсөн харагдаж байна. Энэ бүс нутагт амьдардаг хүн, амьтан цацраг идэвхт эрдэст дасан зохицсон байдаг байх даа?
-Дэлхий ертөнц үүсэхэд л цацраг идэвхт эрдэс байсан. Ямар өргөрөг, уртрагт байдгаас шалтгаалж хүн, амьтан, ургамал нь түүндээ дасан зохицсон байдаг онцлогтой. Тэглээ гээд стандартаас илүү төмөр, зэс, уран болон цацраг идэвхт эрдэстэй ус ууж, хэрэглээд байж болохгүй. Ийм худаг байвал шууд хаах эсвэл шаардлагатай гэж үзвэл шүүлтүүр тавих ёстой. Бид өөрсдийн судалгааны ажлын хүрээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газар, ЭМЯ, МХЕГ-т тодорхой зөвлөмж гаргаж өгсөн.
-Та бүхэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон Эрүүл мэндийн яаманд ямар зөвлөмж өгч байгаа юм бэ. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?
-Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд “Монгол орны ундны ус түүн дотроос газрын гүний усны цацрагийн нөхцөл байдлын талаарх мэргэжилтнүүдийн дүгнэлт саналыг хэлэлцэх. Хэлэлцсэн асуудлаар зөвлөмж гаргаж Засгийн газар болон холбогдох яамд, улсын мэргэжлийн хяналтын газар, орон нутгийн удирдлагад хүргүүлэх” асуудал тавьсан. Эрүүл мэндийн яаманд “Хүн ам олноор суурьшсан Дорноговь аймгийн Сайншанд, Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотуудын ус хангамжийн нийтийн сүлжээний усан дахь ураны агууламж стандартаар тогтоосон дээд хэмжээнээс 3-4 дахин их байгаа тул нарийвчилсан судалгаа хийх, эх үүсвэрийг нь олж тодорхойлох шаардлагатай. Мөн усны цацрагаас шалтгаалах хордлого байгаа эсэхэд анхаарал хандуулж эрүүл мэндийн байгууллага хяналт тавих, ялангуяа элэг бөөр, ясны хорт хавдраар 1970-аад оноос хойш өвчлөгчид, нас барсан хүмүүсийн бүртгэлийг хөтөлж дүн шинжилгээ хийх шаардлагатай гэж үзэж байна. Түүнчлэн ийм судалгааг Говьсүмбэр аймгийн Чойр, Хөвсгөл аймгийн Мөрөн, Дорнод аймгийн Чойбалсан хотууд болон бусад аймгийн зарим сумдын оршин суугчдын хувьд ч хийж гүйцэтгэх нь зүйтэй” гэж өгсөн зөвлөмждөө дурдсан. Бас Өвөр Жанчивлангийн рашаан сувиллын цэвэр усанд ураны агуулга стандартаар тогтоосон хүлцэх хэмжээнээс 2-3 дахин их байгаа тул энд байнга оршин амьдардаг нярай болон бага насны хүүхэд, жирэмсэн эхчүүд, ахмад настныг орон нутгийн эмнэлэг эрүүл мэндийн үйлчилгээний ажилтан нар анхааралдаа авч, өвчлөл зүйн судалгаанд хамруулан хяналт тавьж ажиллах нь зүйтэй байна. Мөн Багахангай дүүргийн хувьд энэ асуудал бас хамаарна. Нөгөө талаар хүн амын дунд цацрагийн эрсдэлийн эрүүл мэндийн боловсрол мэдлэгийг дээшлүүлэх, ууж байгаа усныхаа цацрагийн мэдээлэл олж авахад нь тус дэмжлэг үзүүлэх, зөвлөгөө өгөх ёстой гэж үзэж байгаа юм. Манай улсад газрын гүний усыг ундандаа хэрэглэх явдал 1970, 1980-аад оноос эхэлсэн гэдгийг анхааралдаа авч “Монгол хүний бие организм ураны дархлаатай” гэсэн эндүү ташаа ойлголтыг засаж залруулах хэрэгтэй юм.
-Тэгвэл МХЕГ уран болон цацраг идэвхт эрдсийн судалгаа, шинжилгээ хийж хяналт тавих ёстой гэсэн. Тус газарт зориулж мэргэжлийн үүднээс ямар зөвлөмж өгөв. Ураны агууламж өндөр ямар ямар худаг ус манай оронд байна вэ
-Дорнод аймгийн Баянтүмэн сумын хорооллын худаг, Төв аймгийн Угтаалцайдам сумын Зүүн хонхрын худаг, Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Дэрсэн усны худаг, Алтанширээ сумын хойд худаг, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 2-р багийн худаг, Баруун-Урт хотын эх үүсвэрийн ойролцоох худгуудын усан дахь ураны агууламж шинэ стандартаар тогтоосон хүлцэх дээд хэмжээнээс 7-11 дахин их гарсан. Үүнийг нэн даруй анхааралдаа авч бидний нэг удаагийн хэмжилтээр гарсан үр дүнг хянах, баталгаажуулах, шаардлагатай тохиолдолд худгийн ашиглалтыг зогсоох хүртэлх арга хэмжээ авахыг санал болгосон. Энэ ажлыг хийж гүйцэтгэсний дараа ураны агууламж нь хүлцэх дээд утгаас давж байгаа 125 худгийн асуудлыг мөн адил авч үзэх шаардлагатай болно.
-Тэгвэл эрдэм шинжилгээ, эрүүл мэнд, геологи хайгуулын байгууллагуудад уран болон хүнд элементүүдийн судалгаа хийх талаар ямар зөвлөмж өгсөн юм бэ. Үүнийг дэлгэрүүлж өгөхгүй юу?
-Ундны усан дахь хүнд хортой элемент болох хар тугалганы агууламж Сэлэнгэ, Дундговь, Баян-Өлгий, Говьсүмбэр аймгийн, хүнцлийн агууламж Дорноговь, Дорнод, Говьсүмбэр, Сүхбаатар, Төв, Өвөрхангай аймгуудын, иодын агууламж Дундговь, Дорнод, Говьсүмбэр, Сүхбаатар аймгийн, фторын агууламж Сүхбаатар, Дорноговь, Архангай, Дундговь, аймгийн зарим сумдад харьцангуй их гарсан. Тэгэхээр тухайн газар орон нутаг дахь зарим төрлийн эндемик өвчлөлттэй холбон нарийвчилсан судалгаа хийх нь зүйтэй. Мөн усан дахь ураны агууламжийг тогтоосон судалгаандаа тулгуурлан Монгол орны нутаг дэвсгэр дээр урьд өмнө тэмдэглэгдэж байгаагүй ураны шинэ илэрц, биет оршин байхыг таамаглаж байгаа. Үүнд Ховд аймгийн Ховд, Дуут, Мөнххайрхан, Үенч сумдын төвийг дайрсан 250 км орчим урт 30 км орчим өргөнтэйгөөр сунаж тогтсон ураны биет, Төв аймгийн Угтаалцайдам, Жаргалант, Борнуур, Цээл, Баянцогт, Баянчандмань сумдын нутгийн ихэнх хэсгийг дайрсан 150 км x 75 км талбай бүхий ураны тогтоц, Дорноговь аймгийн Эрдэнэ сумаас ЗамынҮүд хүртэлх зурвас газрыг нэрлэж байна. Энэ дүгнэлтийг ураны геологийн эрэл хайгуул, Монгол орны хөрсний цацрагийн суурь утгыг цаашид нарийвчлан тогтоох судалгаагаар баталгаажуулах эсвэл үгүйсгэх учиртай юм. 2019-2022 онуудад хийсэн бүх аймаг, сумын төвийн ундны усны иж бүрэн судалгаагаар дээрх үзүүлэлтүүд батлагдаж байгаагийн гадна шинээр хэд хэдэн газарт ураны агууламж өндөр илрэлтэй гарсан байна. Үүнээс гадна усан дахь өөр нэг цацраг идэвхт элемент радоны агууламж Улаанбаатар хотын баруун хэсэгт илүү байгааг тогтоож, нэг шалтгаан нь газрын хагарал гэж үзсэн. Иймд Эмээлт, Өлзийт, Шувуун фабрикийн газрын хагарлууд дээр радон хийг бүртгэж бусад газрынхтай харьцуулахыг холбогдох судлаачдад санал болгож байна. Энэ нь нийслэл хот орчимд газар хөдлөлтийг урьдчилан таамаглахад давхар ач холбогдолтой юм. Эдгээрээс гадна Сүхбаатар аймгийн ундны усанд төмөр, хөнгөн цагаан, цайр харьцангуй их илрэх магадлалтай бол Дорноговь аймагт хүнцэл, цайр, зэс, Дорнод аймагт зэс, хүнцэл, Өмнөговь аймагт цайр, мөнгө, Говьсүмбэр аймагт магни усанд нь харьцангуй их илэрч байна. Энэ үр дүнг манай орны газрын доорх ашигт малтмал, геологи-геофизикийн эрэл хайгуулын ажлыг төлөвлөж хэрэгжүүлэхэд ашиглах нь зүйтэй. Усанд ууссан радоны агууламж улирлын тогтвортой хэлбэлзэлтэй байгаа нь манай орны байгаль цаг уурын нөхцөл, хур тунадас, шар усны үертэй холбоотой гэсэн дүгнэлтийг хийсэн. Тухайлбал хөлдүү хөрснөөс радон дэгдэн гарах хурд гэсгэлэн үеийнхээс 3-4 дахин буурдаг болохыг онолын тооцоо үзүүлж байгаа. Иймд жилийн дөрвөн улирлын туршид хөрснөөс радон дэгдэх үзэгдлийг системтэй судлахыг санал болгож байна. Энэ нь дэлхий судлал, манай орны гадаргын ус, ул хөрсний харилцан үйлчлэлийн онцлогийг таньж мэдэхэд чухал ач холбогдолтой юм.