Манай оронд цөмийн цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул, олборлолтын үеийн цацрагийн хамгаалалтад хяналтыг хэрхэн хийдэг тухай МХЕГ-ын цөмийн болон цацрагийн хяналтын улсын ахлах байцаагч Н.Цэвээнсүрэнтэй ярилцлаа.
Танай байгууллага хэдэн оноос үйл ажиллагаагаа эхлүүлэв. Зорилго, чиг үүрэг, бүтэц бүрэлдэхүүний хувьд ямар байдаг тухайгаа танилцуулна уу?
-Анх 1950-1960 онуудад дэлхий нийтээр цөмийн туршилт их явуулж байснаас дэлхийн агаар мандал, гадаад орчин, газрын хөрс цөмийн дэлбэрэлтээс үүссэн зохиомол цацраг идэвхт изотопуудаар бохирдсон юм. Үүнтэй холбогдуулан гадаад орчны цацраг идэвхт бохирдлыг шинжлэн судалж, хяналт тавих тухай БНМАУ-ын СнЗ-ийн 450-р тогтоол 1964 онд гарч, энэ тогтоолын дагуу ШУА-ийн Физик-математикийн хүрээлэнд Радиологийн лаборатори 1965 онд анх байгуулагдсан байдаг. Тухайн үед Радиологийн лаборатори нь “БНМАУ- ын нутаг дэвсгэрт цацраг идэвхт бодисын уналт, тархалт” сэдэвт судалгааны ажлын хүрээнд бүх аймгуудын нутгаар радиометрийн хайгуулын хэмжилт хийхээс гадна хөрс, ургамал, үр тариа, хүнсний ногоо, хүний ясанд цацраг идэвхт стронци-90, Цези-137-г тодорхойлох судалгаа хийж байсан түүхтэй. Үүнээс хойш цацрагийн хяналтын байгууллага өргөжин хөгжсөөр өнөөгийн байдлаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын газарт 12 улсын ахлах байцаагч, Нийслэлийн мэргэжлийн хяналтын, газарт Цөмийн болон цацрагийн хяналтын хэлтэст есөн улсын /ахлах/ байцаагч, Хүнсний аюулгүй байдлын лавлагаа лабороторийн Цацрагийн хяналтын лабораторид есөн шинжээч, аймаг орон нутагт орон тооны 18 улсын байцаагчийн бүрэлдэхүүнтэйгээр Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангуулахад чиглэсэн төрийн захиргааны мэргэжлийн хяналтыг улсын хэмжээнд зохион байгуулах үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын газар нь цацраг идэвхт ашигт малтмал, цацрагийн үүсгүүр хэрэглэгч аж ахуйн нэгж, байгууллагын цөмийн болон цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангуулах, хүн ам, байгаль орчныг ионжуулагч цацрагийн сөрөг нөлөөлөл, цацрагийн болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх, холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажилладаг.
Бид цацраг идэвхит ашигт малтмал гэхээр л уран гэж ойлгодог. Тэгвэл байгаль дээр ямар ямар цацраг идэвхит бодис түгээмэл байдаг юм бол. Энэ талаар товч тайлбар өгвөл?
-Бүхий л ашигт малтмал болон түүхий материалуудад байгалийн цацраг идэвхт изотопууд агуулагдаж байдаг. Байгалийн цацраг идэвхт изотоп гэдэг нь уран 238U, Тори232Th изотопууд болон түүний задралын бүтээгдэхүүнүүд, Кали 40K изотопууд бөгөөд дэлхий ертөнц үүсэн тогтсон цагаас эхлэн бий болсон. Байгалийн цацраг идэвх нь бүс нутгийн онцлогоосоо хамаараад өөр өөр байдаг. Хүний үйл ажиллаагаанаас болон байгалийн тогтоц буюу цацраг идэвхт изотоп уран, торийн болон бусад цацраг идэвхт элементийн хуритмлагдсан байдлаас хамаарна. Монгол Улсад ураны эрэл хайгуулын үйл ажиллагаа дэлхийн II дайны дараа эхэлсэн ба шууд ураны орд илрүүлэх зорилгоор эрэл хайгуул хийсэн боловч ураны бус ордыг нээн илрүүлж байсан байна. Мөн 1945-1960 оны хооронд Монголын зүүн хэсэг дэх нөөцтэй хүрэн нүүрсний орд газарт их хэмжээний ураны илрэлийг нээсэн байна. 1970-1990 оны хооронд Монгол, хуучин ЗХУын хооронд байгуулсан хоёр талын гэрээний дагуу геологийн судалгааны чиглэлээр Зөвлөлт холбоот улсын геологийн яамны Геологийн Зөвлөлийн Геологийн Судалгааны баг ажилласан.
-Цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул, олборлолтын үеийн цацрагийн хяналтад танайхаас ямар хяналт шалгалт тавьж байна. Хөрс, ус тухайн орчны агаараас авсан дээжээ лабораторид хэрхэн шинжилдэг вэ. Багаж тоног төхөөрөмж нь ямар байдаг юм бол?
-Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангуулах хяналт шалгалтын хүрээнд цөмийн энергийн тухай хууль болон бусад холбогдох хууль, дүрэм, стандартын хэрэгжилтийг шалгах, илэрсэн зөрчлийг арилгуулах, гэм буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэх, улсын байцаагчийн зөвлөмж, албан шаардлага хүргүүлэх, цацрагийн хяналтын хэмжилт шинжилгээг газар дээр нь гүйцэтгэх, тухайн орчны хөрс, уснаас дээж авч байгалийн болон зохиомол цацраг идэвхт изотоп тодорхойлох шинжилгээг хийлгэх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэдэг. Мэргэжлийн хяналтын байгууллагаас цөмийн болон цацрагийн хяналтын чиглэлээр 2015 оноос Дорноговь, Дундговь, Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийн эзэмшигч “Бадрах Энержи” ХХК, “Гурвансайхан” ХХК, “Монгол ураниум ресурс” ХХК-иудад төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг нийт 14 удаа хийж гүйцэтгэсэн. Эдгээр хяналт шалгалтын явцад илэрсэн нийт 23 зөрчлийг арилгуулахаар улсын /ахлах/ байцаагчийн 15 заалт бүхий гурван албан шаардлага, гурван заалт бүхий хоёр албан даалгавар хүргүүлсэн. “Алкали металл Монголиа”, “Гурвансайхан”, “Монгол ураниум ресурс” ХХК-иудын үйл ажиллагааг зөрчил арилтал түр зогсоож, нийт есөн сая төгрөгийн шийтгэл ногдуулсан бөгөөд албан даалгаврын биелэлтийг хангуулсан.
Ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагааны үед цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр цацрагтай ажиллагчдын мэргэжлийн шарлагын хувийн тунгийн хяналт болон хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийг хянах зорилго бүхий хяналт шинжилгээг ХАБҮЛЛ-ийн Цацрагийн хяналтын лабораторид хийж гүйцэтгэж байна. Цацрагийн хяналтын лаборатори нь хөрс, ус, барилгын материал, ургамал зэрэгт цацраг идэвхт изотопуудын хувийн идэвхийг тодорхойлох хэмжилт шинжилгээг гүйцэтгэх, цацрагтай ажиллагчдын цацрагийн шарлагын тунг хянах хэмжилтийг гүйцэтгэх чадамжтай орчин үеийн тоног төхөөрөмжүүдээр тоноглогдсон лаборатори юм. Ураны олборлолт, боловсруулалтын үйл ажиллагааны үед цацрагийн шарлагад өртөх эрсдэл бүхий орчинд ажиллаж буй нийт ажиллагчдыг мэргэжлийн шарлагын хувийн тунгийн хяналт буюу ажиллаж байх хугацаанд тухайн орчноос биед нөлөөлж буй цацрагийн тунг хэмжих зориулалттай дозиметрийг /зураг 1-т үзүүлэв./ зүүлгэж, тухайн багажаа сар бүр Цацрагийн хяналтын лабораторид хүргүүлэн хэмжилтийг хийлгэж, авч буй тунгийн хэмжээг хянадаг. Мэргэжлийн шарлагын хувийн тунгийн хяналтад ураны уурхайн ажиллагчдаас гадна улсын хэмжээнд цацрагтай холбогдол бүхий үйл ажиллагаа эрхэлж буй ААНБ-уудыг хамруулдаг.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2022 оны эхний хагас жилийн байдлаар улсын хэмжээнд цацрагтай холбогдолтой үйл ажиллагаа явуулж буй нийт 426 аж ахуйн нэгж, байгууллагын 6379 цацрагтай ажиллагчдын хувийн дозиметрийг Хүнсний Аюулгүй Байдлын Үндэсний Лавлагаа Лабораторийн Цацрагийн хяналтын лабораторид хэмжсэн хэмжилтийн дүнг үнэлж, зөвшөөрөгдөх норм, хязгаартай харьцуулан баталгаажуулж, мэдээллийн сан бүрдүүлэн ажилласан. Цацрагийн аюулгүйн нормд нэг жилд цацрагтай ажиллагчдын авч болох тунгийн хэмжээг 20мкЗв хэмжээнээс хэтэрч болохгүй гэж заасан байдаг. Одоогоор цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуй нэгж байгууллага болон тэдгээрийн гэрээт гүйцэтгэгч байгууллагын цацрагтай ажиллагчдын мэргэжлийн шарлагын тунгийн хэмжээ нормоос хэтэрсэн тохиолдол бүртгэгдээгүй. Мөн, орчны гамма цацрагийн тунгийн чадлын хэмжилт, байгалийн цацраг идэвхт радоны хуримтлалыг агаар, хөрс, усанд тодорхойлох хэмжилтүүдийг зөөврийн багаж ашиглан газар дээр нь гүйцэтгэдэг. Тусгай зөвшөөрлийн талбай, т ү ү н и й орчмын хөрс, булаг шанд, малчдын ундны усны худгийн уснаас дээж авч байгалийн цацраг идэвхт изотоп уран, торий, радий, радоны идэвхийг тодорхойлох шинжилгээнд тогтмол хамруулдаг.
Манай улсад нийт хэдэн газарт ураны олборлолт явуулж байна. Олборлолтын үйл ажиллагаанаас хүн, мал, амьтны эрүүл мэнд биед нөлөөлөх нөлөөлөлд хяналт тавьж байна уу?
-Улсын хэмжээнд цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тав, ашиглалтын есөн тусгай зөвшөөрлийг зургаан аж ахуй нэгж, байгууллага эзэмшиж байна. Үүнээс “Бадрах Энержи” ХХК нь Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын гурван тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа бөгөөд MV-018915 тоот буюу “Зөөвч Овоо” тусгай зөвшөөрлийн талбайд газар дор уусган олборлох технологиор туршилтын олборлолтын үйл ажиллагааг 2020 оны арванхоёрдугаар сараас эхлүүлээд байна. “Зөөвч овоо” төслийн тухайд туршилтын олборлолт явуулж буй талбайн гүний усны хяналтын цооногуудаас дээж авч хими, цацрагийн шинжилгээнд хамруулж тухайн орчинд нөлөөлөл үүсэж буй эсэхийг тогтмол хянаж байна.
Тухайн олборлолт хайгуул хийж буй, уул уурхайн компиануудын үйл ажиллагаа эхлэхээс өмнө, эхэлсний дараах харьцуулсан шинжилгээ гаргадаг уу?
-Газар дор уусган олборлох технологийн туршилт хийгдэхээс өмнө Мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналтын цооногуудад усны шинжилгээ хийсэн бөгөөд компаниас сар бүр Зөөвч-Овоогийн туршилтын үйлдвэрийн үйл ажиллагааны тайлан мэдээг авч, хяналт тавин ажиллаж байна.