Дэлхий дахинд
Европын холбоо найм дахь хориг арга хэмжээгээ зарлав
Европын холбоо Орост чиглэсэн найм дахь багц хориг арга хэмжээгээ зарлалаа. Хориг арга хэмжээний хүрээнд худалдааны хязгаарлалтыг чангатгаж, илүү олон хувь хүнийг хар жагсаалтад оруулах аж. Түүнчлэн гуравдагч орнуудад газрын тосны үнийн дээд хязгаарыг тогтооно гэжээ. Газрын тосны үнийн дээд хязгаарыг даатгагчидаар дамжуулан тогтооно гэдгээ Итали, Франц, Герман зэрэг томоохон аж үйлдвэржсэн орнууд хэдийнэ тохиролцоод буй.
Дүрмийн дагуу шинэ хориг арга хэмжээний саналыг эвслийн гишүүн 27 оронд танилцуулна. Хориг арга хэмжээг хэрэгжүүлэхийн тулд санал зөрөлдөөнөө даван туулах шаардлагатай болох юм. ОХУ-ын хэсэгчилсэн цэрэг татлага, цөмийн заналхийлэл, бүх нийтийн санал асуулга зэрэг үйл явдлууд нь Европын холбооны шийдвэрт түлхэц өгсөн хэдий ч ажил болоход цаг хугацаа шаардагдаж магадгүй.
“Хуурамч санал асуулгыг бид хүлээн зөвшөөрөхгүй. Мөн энэхүү хурцадмал байдлын хариуг Кремльд барихад бэлэн байна” гэж Европын комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейен хэлжээ.
Дашрамд дурдахад, Украины ерөнхийлөгчийн эдийн засгийн ахлах зөвлөх Олег Устенко өчигдөр /2022.09.28/ Европын холбоонд хандаж чулуужсан түлшний борлуулалтаас Орос руу чиглэсэн мөнгөний урсгалыг бууруулахыг уриалжээ. “Хэрэв та юу ч хийхгүй байгаа бол энэ нь зүгээр л дайныг сунгаж байна гэсэн үг” гэж тэр хэлсэн. Европын холбоо энэ оны сүүлээс эхлэн Оросын нефтийн импортыг зогсоохоор тохиролцсон. Гэвч Европын компаниуд тээвэрлэлтийг бусад улсад даатгаж буй явдлыг хориглохгүй л бол Москва руу мөнгө урссаар л байна гэдгийг тэр онцоллоо.
Эх сурвалж: REUTERS