Дэлхий дахинд
Харри, Меган нар шинэ харш хайж байна
Ханхүү Харри болон Меган Маркл нар өдгөө 14 сая ам.долларын үнэтэй харшид амьдардаг. Тэгвэл тэд ойролцоох “Hope ranch”-д шинэ харш хайж байгааг “News press” агентлаг мэдээлжээ. “Hope ranch” дахь тансаг байшингууд 22 сая ам.доллараар үнэлэгддэг бөгөөд гольфын клуб, теннисний талбай, морин уралдааны зам гэх мэт олон таатай зүйлтэй.
Одоогийн амьдардаг “Montecito”-д нь Кэти Перри, Адам Левин, Эллен ДеЖенерес, Женнифер Энистон зэрэг олон алдартан амьдардаг. Гэвч “Hope ranch” хороолол хааны гэр бүлийн гишүүдийн хувьд илүү нам гүм амьдрах боломжтой газар аж. Тэдний нүүх болсон шалтгаан нь “Montecito” дахь гэмт хэргийн өсөлттэй холбоотой. Тус хороололд сүүлийн үед гэмт хэрэг гарах нь ихэссэн тул цагдаа нар харшийн эргэн тойронд камер суурилуулжээ. Ихэвчлэн хулгайн бүлэглэлүүдтэй холбоотой гэмт хэрэг гарч байгааг эх сурвалж мэдээлсэн.
Харри, Меган нарын гэрт ч хулгайч халдаж байсан удаатай. Цагдаагийн бүртгэлээс харвал тэдний гэрлэлтийн ойн үеэр буюу тавдугаар сарын 19-ний 17:44 цагт халдлага болжээ. Гэтэл үүнээс хойш 14 ч хоноогүй байхад буюу тавдугаар сарын 31-нд мөн л гэрт нь халдлага болсон. Тухайн үед Харри, Меган нар хатан хааны Платинум ойд зориулан Их Британи руу хувийн онгоцоороо явах гэж байжээ.
АНУ-ын хүн амын тооллогоос харвал “Hope ranch” хороололд 2200 орчим хүн амьдардаг. Жижигхэн боловч чинээлэг айл өрхүүдэд зориулсан бүх зүйл бий.
Эх сурвалж: DAILY MAIL