Дэлхий дахинд
БНСУ өндөржүүлсэн бэлэн байдалд байна
Хойд Солонгос улс долоо дахь цөмийн туршилтаа хэзээ ч хийж магадгүй байгаа учраас БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сук Ёлын оффис 24 цагийн турш өндөржүүлсэн бэлэн байдалд байна. Удаа дарааллан пуужин харваж, өдөөн хатгасан үйлдэл нь цөмийн туршилтын бэлтгэл ажлын нэг хэсэг гэж албаныхан үзжээ.
“Хойд Солонгосын өдөөн хатгалга улам ойр давтамжтай болж байна. Тиймээс бид сэрэмжтэй байж, бэлэн байдлаа хангахын тулд бүх хүчин чадлаа дайчилж байна. Энэ хүрээнд 24 цагийн турш бэлэн байдалд байна” гэж ерөнхийлөгчийн албаны ахлах албан тушаалтан хэлжээ. Түүнчлэн ерөнхийлөгчийн албаныхан цөмийн туршилтын хариу арга хэмжээг нарийвчлан төлөвлөж байгаа гэв. Хойд Солонгос улс Хятадын Коммунист намын ХХ их хурал болон АНУ-ын завсрын сонгуулын дундуур цөмийн туршилтаа хийж магадгүй гэж БНСУ-ын Үндэсний тагнуулын алба сэжиглээд буй аж.
Сүүлийн үеийн өдөөн хатгалгуудаас дурдвал Японы дээгүүр баллистик пуужин харваж, тэнгисийн хамгаалалтын бүс рүү 170 гаруй удаа их буугаар харвасан. Мөн байлдааны онгоцоо хөөргөж байдлыг улам хурцатгав.
Дашрамд дурдахад, Бямба гаригт Юн Сук Ёл нь Ёнсан дахь АНУ-ын цэргийн гарнизонд зочилж, хоёр улсын харилцааг бэхжүүлэх амлалтын хүрээнд гэрэл зураг татуулжээ.
Эх сурвалж: YONHAP