Энтертайнмент
“Соёлын бодлого ба тэгш хүртээмж” хэлэлжүүлэг, уулзалтыг зохион байгууллаа

Соёлын яамнаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Монголын сургуулиас гадуурх сургалтын “Санрайс холбоо”-той хамтран “Соёлын бодлого ба тэгш хүртээмж” хэлэлцүүлэг, зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтыг Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Соёлын яамны хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус дэд зөвлөлийн дарга С.Оюунбилэг нээж үг хэллээ.
Соёлын яамнаас “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын 1.2.2 дахь “Хүмүүнлэг, оюунлаг, ёс суртахуунтай, үндэсний соёлын мэдлэг, чадвар, дадалтай монгол хүнийг бэлтгэнэ” зорилт, Соёлын тухай хуулийн 35.1, 35.2 Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хангах хуулийн 34.1, 34.2 дахь заалтыг хангах зорилтын хүрээнд нийгмийн бүлэг бүрд соёлын бодлого, соёл, урлагийн үйлчилгээг тэгш хүргэхэд анхааран ажиллаж байна.
Мөн Засгийн Газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.6.2.2 дахь “Бүх нийтийн соёлын боловсрол” олгох ажлын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд үндэсний үнэт зүйл, түүх, өв соёл, зан заншлыг сурталчлан таниулах, урлагаар дамжуулан нийгэмшүүлэн төлөвшүүлэх тусгай сургалт, хөтөлбөрийг Монголын сургуулиас гадуурх сургалтын “Санрайс” холбоотой хамтран 2022 оны 03 дугаар улиралд хэрэгжүүлсэн ажлын үр дүнг танилцууллаа.
Уг хөтөлбөрт оюуны хөгжлийн бэрхшээлтэй, даун, аутизмтай, сонсголын болон хэл ярианы бэрхшээлтэй Нийслэлийн 55, 29 дүгээр тусгай дунд сургуулийн 25 сурагч, тэдний эцэг эх, асран хамгаалагчид 3 сарын турш соёлын сургалт, нөлөөллийн ажилд хамрагдсан бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүд юу сурч, танин мэдсэнээ Диа шоу хэлбэрээр үзүүллээ.
Тус уулзалтад Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 42 Төрийн бус байгууллага, Ерөнхий боловсролын 6 сургууль, 1 цэцэрлэгийн төлөөлөл хамрагдаж, өөрсдийн дуу хоолойгоо хүргэж, оролцоогоо хангалаа. Цаашдаа Соёлын яамны Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хамгаалах зөвлөлийн ажлын төлөвлөгөөнд дээрх чиглэлээр ажиллаж байгаа төрийн бус байгууллагуудын саналыг тусгаж , хамтран ажиллах юм.
Эх сурвалж: Соёлын яам

Энтертайнмент
Улсын заан М.Лхагвагэрэл бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

Монголын үндэсний бөхийн холбоо шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд томоохон барилдаануудад чансааны оноо олгох журмыг хэрэгжүүлж байгаа.
Маршал Х.Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ойд зориулсан барилдааны дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдэж, Улсын заан М. Лхагвагэрэл 7450 оноогоор тэргүүлж эхэллээ. Харин чансааны хоёрт Улсын аварга О.Хангай бичигдэж байна.
Энтертайнмент
“Милано Кортина 2026” Олимпын бамбарыг танилцуулав

“Милано Кортина 2026” өвлийн Олимп, Паралимпын наадмын зохион байгуулагчид энэ даваа гарагт тогтвортой байдал, технологийн дэвшил болон Италийн үндэсний загварыг шингээсэн албан ёсны бамбараа танилцууллаа.
“Essential” буюу “Мөн чанар”-ыг илэрхийлэх нэртэй энэхүү бамбар нь Миланы Триеннале урлагийн төв болон Японы Осака хотод зохион байгуулагдаж буй “ЭКСПО 2025” үзэсгэлэнгийн үеэр нэгэн зэрэг танилцуулагдсан бөгөөд Олимпын хөдөлгөөний олон улсын шинж чанар болон зохион байгуулагч орны соёлын гүн гүнзгий үндсийг харуулсан арга хэмжээ боллоо.
Бамбарыг Италийн эрчим хүчний “Eni” компани Versalis-тэй хамтран бүтээж, Studio Carlo Ratti Associati дизайн боловсруулсан бөгөөд бамбарын загвар нь энгийн байдал, хүч чадлыг бэлгэдсэн. Гялалзсан өнгөлгөөтэй, гоёмсог минимал хэлбэртэй энэхүү бамбараас олимпын наадамд зориулсан цэнхэр-ногоон өнгийн, паралимпын наадамд зориулсан хүрэл өнгийн хоёр хувилбарыг танилцуулжээ.
Нэг килограмм жинтэй, Италид үйлдвэрлэгдсэн бамбар нь дахин боловсруулсан хөнгөн цагаан ба гуулин хайлшаар хийгдсэн. Байгаль орчинд ээлтэй, дахин ашиглагдах боломжтойгоороо онцлог бөгөөд нэг бамбарыг 10 хүртэл удаа дахин дүүргэж ашиглах боломжтой юм. Энэ нь бамбарыг их хэмжээгээр үйлдвэрлэх хэрэгцээг эрс бууруулах ач холбогдолтой.
Бамбарыг хөдөлгөгч түлш нь био-LPG, буюу хэрэглэсэн тос болон амьтны гаралтай өөх зэрэг хаягдал материалаас гаргаж авсан сэргээгдэх түлш бөгөөд Сицилийн Гела дахь Eni-ийн био-үйлдвэрт үйлдвэрлэгддэг.
Энэхүү бамбарт ашиглагдаж буй шатаагч төхөөрөмж нь анх удаа ил харагдахаар бүтээгдсэнээрээ онцлог бөгөөд олон нийт олимпын дөл хэрхэн асч байдгийг нүдээр харж болохоор болжээ.
Өнгөний сонголт нь утга төгөлдөр бөгөөд олимпын бамбарын “Тэнгэрийн өнгөнүүд” нь Италийн байгалийн гайхамшигт төрхийг илэрхийлж, хөдөлгөөн, найдвар, өөрчлөлтийг бэлгэднэ. Харин паралимпын бамбарын “Гэрлийн уулс” нь тэсвэр хатуужил, хүч чадал, спортоор дамжих өөрчлөлтийг илэрхийлж байна.
Зохион байгуулагчдын хэлснээр энэхүү бамбар нь зөвхөн үйл ажиллагааны хэрэгсэл төдийгүй соёлын бэлгэ тэмдэг бөгөөд Олимп ба Паралимпын наадмын эв санааны нэгдлийг илтгэнэ.
Бамбарыг олон нийтэд 2025 оны турш Осакагийн ЭКСПО дахь Италийн павильонд, мөн Миланы Триеннале төвд 2025 оны 5-р сараас эхлэн наадам дуустал үзэсгэлэнд дэлгэхээр болжээ.
Энтертайнмент
Жүдо бөхийн Азийн АШТ-нд гавьяат тамирчин Л.Энхрийлэн тэргүүтэй Монголын 19 бөх барилдана
