Дэлхий дахинд
Японы дипломат бодлого дотоод улс төрөөсөө давав
Японы ерөнхий сайд Фүмио Кишида өнгөрсөн амралтын өдрүүдээр Австралийн Перт хотод айлчилж, тус улсын ерөнхий сайд Энтони Албанезтай уулзав. Ийнхүү тэд энэ жил дөрөв дэх удаагаа биечлэн уулзав. Энтони Албанез ерөнхий сайдаар сонгогдсоноосоо хойш Японд хоёр удаа айлчилсан. Тодруулбал, тавдугаар сард болсон Дөрвөлийн уулзалт, ерөнхий сайд агсан Шинзо Абэгийн оршуулгын ёслолд оролцохоор тус тус Японыг зорьжээ. Тиймээс Кишидагийн айлчлалын зорилго нь нэг талаасаа Албанезын айлчлалд хариу барьж буй үйлдэл гэж хэлэхэд болно.
Өргөн утгаар нь авч үзвэл түүний айлчлал энгийн нэг дипломат харилцаа байсангүй.
Энэ удаагийн айлчлал Канберра, Токиогийн хоёр талын харилцаагаар хязгаарлагдахгүй, Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдалд стратегийн ач холбогдолтой байлаа.
Хоёр удирдагч үндсэн хоёр асуудал хэлэлцсэн. Үүний нэг нь Австралиас Япон руу эрчим хүч нийлүүлэх явдал байв.
Орос улс Украинд довтолсны улмаас газар сайгүй эдийн засаг хямарч, валютын ханш ч савласан. Япон иенийн ханш унасны улмаас энэ онд тус улсын цахилгаан эрчим хүчний үнэ 20-30 хувиар өсчээ. Үүнтэй холбоотойгоор цахилгааны төлбөрийн дарамтыг бууруулна гэсэн амлалтыг Кишида Японы ард түмэнд энэ сарын эхээр өгсөн юм. Австрали улс нь Японы шингэрүүлсэн хий, нүүрсний хамгийн том нийлүүлэгч бөгөөд эдгээр түүхий эдийн импортын 59 ба 39 хувийг тус тус бүрдүүлдэг. Тэгэхээр эрчим хүчний хангамжийг таслахгүй байх нь Кишидагийн энэ удаагийн айлчлалын улс төрийн чухал зорилт байв.
Хоёдугаарт, хоёр талын аюулгүй байдлын хамтын ажиллагааны эрчимийг нэмэгдүүлэх тухай хэлэлцлээ. Ийнхүү Япон ба Австрали улсууд сүүлийн 15 жилд анх удаа аюулгүй байдлын шинэчилсэн, өргөтгөсөн түншлэлийн талаар тохиролцов. Өмнөх аюулгүй байдлын тунхаглалыг 2007 онд үзэглэж байв.
Тус тунхаглал нь терроризм, үй олноор хөнөөх зэвсгийг түгээн дэлгэрүүлэх зэрэг уламжлалт бус аюулгүй байдлын асуудал, гамшгийн үеийн тусламж, цар тахал зэрэг хүний аюулгүй байдлын асуудалд түлхүү чиглэсэн.
Гэтэл 2007 оноос хойш Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдлын орчин эрс өөрчлөгдсөн. Тиймээс хамтын санаа зовоосон асуудал дээр үндэслэн тунхаглалыг солих шаардлагатай болжээ. Шинэ тунхаглалын дагуу мэдээлэл солилцож, цэргийн хүчээ нэмэгдүүлэх болжээ. Энэ хүрээнд Хятадын геополитикийн сорилтуудын талаар мэдээлэл солилцоно. Шинэ тунхаг нь Австрали, Японы хоорондын эвсэл гэгдэх гурван талт болон дөрвөн талт хамтын ажиллагаанд илүү өндөр суурийг тавих юм. Мөн Японы саяхан гаргасан үндэсний аюулгүй байдлын стратеги болон энэ оны эцэс гэхэд хянан засварлахаар төлөвлөж буй батлан хамгаалахын гол баримт бичгүүдийн талаарх хэлэлцүүлгийг баяжуулна.
Шинэ тунхаглалаа хоёр улс ажил хэрэг болгож чадах эсэх нь Кишидагийн засгийн газар Японы батлан хамгаалахын бодлогыг хэр зэрэг өөрчилж чадахаас шалтгаална.
Ялангуяа Японы батлан хамгаалахын төсвийг нэмэгдүүлж чадах эсэхээс хамаарна. Засгийн газар НАТО-ийн гишүүн орнуудын дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувийг батлан хамгаалах салбарт зарцуулахыг эрмэлзэнэ гэж мэдэгдсэн. Гэвч энэ тоонд эргийн хамгаалалт, судалгаа, боловсруулалт багтжээ. “Төсвийг өмнөхөөсөө томорсон мэт харагдуулах гэж хичээсэн” гэж Батлан хамгаалахын дэд сайд асан Шимада Казүхиса шүүмжилсэн.
Австралийн батлан хамгаалахын нийт төсөв 54 тэрбум ам.доллар бол Японых 82 тэрбум юм. Нийт төсвийн хувьд бага ч гэсэн нэг хүнд ногдох батлан хамгаалахын төсөв болон ДНБ-д ноогдох батлан хамгаалахын төсвөөрөө Японоос хоёр дахин илүү гарсан. Япон улс сүүлийн 10 жилийн хугацаанд батлан хамгаалахын төсөвөө нэмэгдүүлсэн ч улсын батлан хамгаалахад зарцуулсан нийт төсвийн эзлэх хувь буурсан үзүүлэлттэй байна. Энэ хувь 2009 онд 5.4 байсан бол 2021 онд 5.2 болж буурсан. Үндсэндээ батлан хамгаалахын төсвөө нэмэгдүүлэхийг хэзээ ч анхаарч үзээгүй. Аюулгүй байдлын нөхцөл муудсаар байхад бялуугаа ижил тэнцүү хуваасаар ирсэн аж.
Хоёр улсын хоорондын харьцуулалт зөвхөн батлан хамгаалахын төсвөөр хязгаарлагдахгүй. Япон улс боловсронгуй технологи, чухал дэд бүтэц гэх мэт эдийн засгийн тал дээрээ голчлон анхаардаг. Гэтэл Австрали, Канад, Шинэ Зеланд, Их Британи, АНУ гэсэн таван орны тагнуулын хамтын ажиллагааны орон зайг ихээхэн өргөжүүлсэн үйл ажиллагааны эсрэг удаан хүлээсэн хуулийн талаар Кишидагийн засгийн газар маргаан өрнүүлэхийг хүсэхгүй байгаа шинжтэй. Иймэрхүү арга хэмжээнд санхүүжилтээс илүү улс төрийн хүсэл эрмэлзэл хэрэгтэй юм.
Австрали улс “AUKUS”-ийн гэрээний дагуу цэрэг батлан хамгаалахын салбараа урагшлуулж буй. “AUKUS” эвсэлд Австрали, Их Британи, АНУ гурав бий. Гэтэл нөгөө талд Японы дотоодын батлан хамгаалах үйлдвэрүүд устаж үгүй болох аюултай байгааг мэргэжилтнүүд анхааруулж байна. Япон улс зэвсгийн экспортоо хязгаарлах бодлого баримталж байснаа харьцангуй сулруулж энэ сард Филиппинд томоохон тоног төхөөрөмж шилжүүлсэн. Гэвч тус улсын ихэнх батлан хамгаалах компаниуд бүтээгдэхүүнээ зөвхөн дотооддоо нийлүүлдэг. Өөрөөр хэлбэл, Японы өөрийгөө хамгаалах хүчинд л зэвсэг хэрэгслээ нийлүүлдэг гэсэн үг юм.
“Технологийн хөгжил дутмаг. Түүнчлэн гадаадын улсуудад илүү дээр сонголтууд байгаа учир дотоодын худалдан авалт нь эрсдэлтэйд тооцогдоно” гэж тэтгэвэрт гарсан адмирал Йожи Кода хэлжээ.
Австрали тэргүүтэй бусад оронд өгсөн дипломат амлалтаа Япон биелүүлж чадах эсэх нь дотоодын шинэчлэл, өөрчлөлт хэр амжилттай болохоос хамаарна. Одоогоор шинжээчдийн зөвлөл Японы батлан хамгаалахын чадавхийг хэрхэн дорвитой сайжруулах талаар судалж буй аж.
Тэд ирэх сард багтаан бодлогын зөвлөмжөө гаргах төлөвтэй байна. Шинэчилсэн аюулгүй байдлын тунхаглал үзэглэсэн Австрали улс Кишидагийн засаг захиргаа юу хэрэгжүүлж буйг анхааралтай ажиглах л үлджээ.
Эх сурвалж: ASPISTRATEGIST