Энтертайнмент
“Оны шилдэг бүтээл 2022” үзэсгэлэн үргэлжилж байна
Монголын Уран зургийн галерейн Их танхимд “Оны шилдэг бүтээл 2022” үзэсгэлэнг үзэгч, олон нийтэд толилуулж байна. Монгол Улсын Засгийн Газрын 2006 оны “Журам батлах тухай” 115 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтаар батлагдсан “Дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах журам”-ын дагуу шилдэг бүтээлийг шалгаруулж, улсын санд худалдан авах, уран бүтээлчдийг сурталчлах зорилготой юм.
2022 оны шилдэг бүтээлийн үзэсгэлэнд нийт 96 уран бүтээлч уран зураг, график, уран баримал, сийлбэр, инсталляци, холимог техникийн 131 бүтээл ирүүлжээ.
Соёлын сайдын 2022 оны А/355 дугаар тушаалаар томилогдсон орон тооны бус Мэргэжлийн зөвлөлийн санал, дүгнэлтийн дагуу журамд заасан төрөл ангилалд хамаарахгүй, үзэсгэлэнгийн шаардлагад нийцэхгүй 34 бүтээлийг хасч, 97 бүтээлийг I шатад шалгаруулсан байна.
Дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах ёслол “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд зохион байгуулагдах ажээ. “Оны шилдэг бүтээл 2022” үзэсгэлэн 2022 оны аравдугаар сарын 22-ноос 11 дүгээр сарын 7-ны өдрийг дуустал үргэлжлэх юм байна.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.