Дэлхий дахинд
Сөүлд Хэллоуины баяр тэмдэглэх үеэр 153 хүн нас барлаа
Өмнөд Солонгосын нийслэл Сөүлд Хэллоуины баяр тэмдэглэх үеэр дөрөвхөн метрийн өргөнтэй нарийн гудамжинд 100 гаруй мянган хүн чихэлдсэнээр 153 хүн амь үрэгдэж, бас 100 орчим хүн бэртэж гэмтсэн эмгэнэлт явдал боллоо.
Амь үрэгдэгсдийн дотор гадаадын 19 иргэн байсан гэж РИА Новости агентлаг мэдээллээ. Залуус Итхэвон районы зугаа цэнгэлийн газрууд бүхий нарийн гудамжинд бөөгнөрснөөс чихэлдээн үүсч, гарах гарцгүй болон олон хүн амьсгал нь боогдон амь алджээ. Зарим эх сурвалж ямар нэг зүйлээс хордсон гэж байна. Чихэлдсэн залуучуудаас нэг нь унаснаар олон хүн араас нь түрж чихэлдээн үүссэн гэнэ. Ийм эмгэнэлт явдал болсонтой холбогдуулан Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сок Ёл улс орондоо арван нэгдүгээр сарын 5-ны өдөр хүртэл долоо хоногийн эмгэнэл зарласан байна. Дэлхийн улс орны тэргүүн нар Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчид эмгэнэл илэрхийлсээр байна. Энэ нь 2014 оны дөрөвдүгээр сарын 16-нд Өмнөд Солонгосын амралт зугаалгын “Севоль” хөлөг живэхэд 304 хүн амь үрэгдсэний ихэнх нь 15-19 насны сурагчид байснаас хойш тохиож байгаа хамгийн том эмгэнэлт явдал юм.