Энтертайнмент
Дуучин Б.Батцэцэглэн ардын дууг амьд хөгжимтэй дуулна

Ардын дууны донж, хэв маягийг харуулсан, өвөрмөц уран бүтээлүүдээрээ үзэгчдийн хүндлэлийг хүлээсэн, залуу уран бүтээлч Б.Батцэцэглэн анхны бие даасан тоглолтоо энэ сарын 23-нд Соёлын төв өргөөнд толилуулах гэж байна. Тус тоглолт ардын болон уртын дууг үндэсний хөгжим, амьд хөгжимтэй хоршуулснаараа онцлогтой болох аж. Өөрөөр хэлбэл уламжлал шинэчлэлийг хослуулж, үнэнч үзэгчдэдээ, ардын дуунд дуртай хэн бүхэнд бэлэг барихаар болжээ.
Тэрбээр тоглолтын талаар ярихдаа “Өөрийнхөө уран бүтээлээс дээжлэн үзэгч олондоо хүргэх гэж байгаадаа баяртай байна. Энэ бол ашгийн бус тоглолт гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу. Тоглолтын тайзнаас авхуулаад олон зүйлд ач холбогдол өгч, хүрэлцэн ирсэн хүн бүхэнд зориулсан орчин бүрдүүлэхээр хичээж байна. Үүднээсээ эхлээд л монгол ёс заншил, идээ будаа, монгол ахуй амьдрал “үнэртсэн” орчин таныг угтах болно. Тоглолт үзэхээр ирэхдээ үзэгчид маань гэр бүлээрээ, найз нөхдөөрөө зураг авхуулах боломжийг ч бүрдүүлэхээр манай баг хамт олон ажиллаж байна. Та бүхэн тоглолт үзэхээр ирэхдээ үндэсний дээл хувцсаа өмсөн ирж, ардын дууны найрын үдшийг хамтдаа бүтээгээсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж байна” гэсэн юм.
Тоглолтод Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид, Улсын филармонийн симфони найрал хөгжим, Морин хуурын чуулга, Цэргийн дуу бүжгийн чуулгын найрал дуучид болон МУАЖ Д.Жаргалсайхан, Хөгжмийн зохиолч, УГЗ Б.Чинбат, МУГЖ Ө.Уянга нарын уран бүтээлчид оролцоно. Тоглолтын тасалбарын үнэ 60 мянга болон 80 мянган төгрөг гэсэн хоёр сонголттой байгаа бөгөөд Соёлын төв өргөөний билетийн касс болон ticket.mn-ээр захиалан авах боломжтой. Мөн 8888 7893, 9686 8070 утсаар билетээ захиалаад үнэгүй хүргүүлэн аваарай.

Энтертайнмент
Улсын заан М.Лхагвагэрэл бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

Монголын үндэсний бөхийн холбоо шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд томоохон барилдаануудад чансааны оноо олгох журмыг хэрэгжүүлж байгаа.
Маршал Х.Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ойд зориулсан барилдааны дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдэж, Улсын заан М. Лхагвагэрэл 7450 оноогоор тэргүүлж эхэллээ. Харин чансааны хоёрт Улсын аварга О.Хангай бичигдэж байна.
Энтертайнмент
“Милано Кортина 2026” Олимпын бамбарыг танилцуулав

“Милано Кортина 2026” өвлийн Олимп, Паралимпын наадмын зохион байгуулагчид энэ даваа гарагт тогтвортой байдал, технологийн дэвшил болон Италийн үндэсний загварыг шингээсэн албан ёсны бамбараа танилцууллаа.
“Essential” буюу “Мөн чанар”-ыг илэрхийлэх нэртэй энэхүү бамбар нь Миланы Триеннале урлагийн төв болон Японы Осака хотод зохион байгуулагдаж буй “ЭКСПО 2025” үзэсгэлэнгийн үеэр нэгэн зэрэг танилцуулагдсан бөгөөд Олимпын хөдөлгөөний олон улсын шинж чанар болон зохион байгуулагч орны соёлын гүн гүнзгий үндсийг харуулсан арга хэмжээ боллоо.
Бамбарыг Италийн эрчим хүчний “Eni” компани Versalis-тэй хамтран бүтээж, Studio Carlo Ratti Associati дизайн боловсруулсан бөгөөд бамбарын загвар нь энгийн байдал, хүч чадлыг бэлгэдсэн. Гялалзсан өнгөлгөөтэй, гоёмсог минимал хэлбэртэй энэхүү бамбараас олимпын наадамд зориулсан цэнхэр-ногоон өнгийн, паралимпын наадамд зориулсан хүрэл өнгийн хоёр хувилбарыг танилцуулжээ.
Нэг килограмм жинтэй, Италид үйлдвэрлэгдсэн бамбар нь дахин боловсруулсан хөнгөн цагаан ба гуулин хайлшаар хийгдсэн. Байгаль орчинд ээлтэй, дахин ашиглагдах боломжтойгоороо онцлог бөгөөд нэг бамбарыг 10 хүртэл удаа дахин дүүргэж ашиглах боломжтой юм. Энэ нь бамбарыг их хэмжээгээр үйлдвэрлэх хэрэгцээг эрс бууруулах ач холбогдолтой.
Бамбарыг хөдөлгөгч түлш нь био-LPG, буюу хэрэглэсэн тос болон амьтны гаралтай өөх зэрэг хаягдал материалаас гаргаж авсан сэргээгдэх түлш бөгөөд Сицилийн Гела дахь Eni-ийн био-үйлдвэрт үйлдвэрлэгддэг.
Энэхүү бамбарт ашиглагдаж буй шатаагч төхөөрөмж нь анх удаа ил харагдахаар бүтээгдсэнээрээ онцлог бөгөөд олон нийт олимпын дөл хэрхэн асч байдгийг нүдээр харж болохоор болжээ.
Өнгөний сонголт нь утга төгөлдөр бөгөөд олимпын бамбарын “Тэнгэрийн өнгөнүүд” нь Италийн байгалийн гайхамшигт төрхийг илэрхийлж, хөдөлгөөн, найдвар, өөрчлөлтийг бэлгэднэ. Харин паралимпын бамбарын “Гэрлийн уулс” нь тэсвэр хатуужил, хүч чадал, спортоор дамжих өөрчлөлтийг илэрхийлж байна.
Зохион байгуулагчдын хэлснээр энэхүү бамбар нь зөвхөн үйл ажиллагааны хэрэгсэл төдийгүй соёлын бэлгэ тэмдэг бөгөөд Олимп ба Паралимпын наадмын эв санааны нэгдлийг илтгэнэ.
Бамбарыг олон нийтэд 2025 оны турш Осакагийн ЭКСПО дахь Италийн павильонд, мөн Миланы Триеннале төвд 2025 оны 5-р сараас эхлэн наадам дуустал үзэсгэлэнд дэлгэхээр болжээ.
Энтертайнмент
Жүдо бөхийн Азийн АШТ-нд гавьяат тамирчин Л.Энхрийлэн тэргүүтэй Монголын 19 бөх барилдана
