Дэлхий дахинд
Швед Украинд олгох цэргийн тусламжийн багцаа нэмэв
Шведийн Батлан хамгаалахын сайд Пол Йонсон өнгөрсөн Ням гаригт Украинд айлчилж, Одесса хотод болсон хэвлэлийн бага хурал дээр “Швед улсаас Украинд олгох цэргийн тусламжийн дараагийн багц өмнөхөөсөө 50 хувиар илүү байх бөгөөд түүнд агаарын довтолгооноос хамгаалах хэрэгсэл багтсан” гэж мэдэгджээ.
Йонсон “Хэдэн долоо хоногийн өмнө засгийн газар Украинд үзүүлэх дэмжлэгийн ес дэх багцыг баталсан. Энэ нь найм дахь багц дэмжлэгээс 50 хувиар илүү юм” гэж хэлснийг Украины “Европын үнэн” сонин иш татсан байна. Тэрбээр “Энэхүү багцын хүрээнд агаарын довтолгооноос хамгаалах систем, мөн агаарын довтолгооноос хамгаалах өөр төрлийн зэвсэг нийлүүлэхээс гадна өвлийн бэлтгэлтэй холбоотой багц ч бий” гэж хэлжээ. Пол Йонсон “Швед улс ирэх сарын 1-нээс Европын холбоог даргална” гэж дурдаад, “Стокгольм Украины эрх ашгийг хамгаална” гэж амалсан байна.
Украины Батлан хамгаалахын сайд Олексий Резниковын хэлснээр, хоёрдугаар сарын сүүлээр байлдааны ажиллагаа эхэлснээс хойш Украинд Шведийн Батлан хамгаалах яамны 18 дахь дарга нар айлчилжээ.
Шведийн парламент өнгөрсөн арваннэгдүгээр сарын дундуур энэ онд Украинд 3,0078 тэрбум крон буюу 284 сая гаруй ам.долларын өртөг бүхий цэргийн техник хэрэгсэл хандивлах тухай Засгийн газрын саналыг дэмжжээ. Үүнд агаарын довтолгооноос хамгаалах систем, тэдэнд зориулсан сум, бартаат замын тээврийн хэрэгсэл, өвлийн дүрэмт хувцас, хувийн хамгаалалтын хэрэгсэл, майхан зэрэг багтсан байна.