Дэлхий дахинд
БНСУ-д их хэмжээний цас орж, анхааруулгын түвшин зарлав
Өмнөд Солонгосын Цаг уурын агентлагаас өчигдөр /2022.12.17/ Инчон, Тэжон болон бусад баруун нутгаар их хэмжээний цас орохыг анхаарууллаа. Дотоод хэргийн яам өглөөний 07:00 цагт гамшгийн аюулын дохиоллын түвшинг “анхааруулгын түвшин” болгож зарлав. Энэ нь дөрвөн шатлалын системийн гуравдугаарт ордог.
Өмнөд Чунчон болон Жоолла мужийн баруун хэсгээр 5-15 см зузаан цас орно гэж БНСУ-ын Цаг уурын албанаас мэдээлсэн. Харин Чежү арал болон Жоолла мужийн эрэг орчмуудад 20 см-ээс их цас орох төлөвтэй байна. Инчон, Кёнги мужийн өмнөд хэсэг, Хойд Чунчонг мужийн нутаг дэвсгэрт 1-5 см, Сөүл болон Кёнги мужийн хойд хэсгээр нэг см хүртэл зузаан цас орно гэв.
Цаг уурын агентлаг Инчон, Тэжон, Кванжу, Сэжон, Өмнөд Чунчон, Өмнөд Жоолла, Хойд Жоолла болон Чежү арлын уулархаг бүс нутагт их хэмжээний цас орохыг онцгойлон анхааруулжээ.
Сөүлд -8.4 хэм, Инчонд -7 хэм, Тэжон хотод -6 хэм, Пусан хотод 0 хэм хүйтэн болж, хүйтэн давалгаа тус улсыг бүрхсэн байна. Өдөр тутмын температур -5 хэмээс 5 хэмийн хооронд хэлбэлзэх төлөвтэй байна.