Дэлхий дахинд
Украины тэнэсэн пуужин нутаг дэвсгэрт нь орж ирсний дараа Беларусь улс эсэргүүцэл илэрхийлэв
Газар нутагт нь орж ирсэн Украины агаарын довтолгооноос хамгаалах С-300 системийн пуужинг устгаснаа Беларусийн эрх баригчид өчигдөр зарлажээ.
Энэ явдлын дараа Беларусийн засгийн газар тус улс дахь Украины элчин сайдад эсэргүүцэл илэрхийлсэн байна.
Брест мужийн цэргийн тойргийн командлагч Олег Коновалов үүнийг арваннэгдүгээр сард НАТО-гийн гишүүн Польшийн нутагт Украины пуужин унасан тохиолдолтой зүйрлэжээ.
“Беларусийн тал энэ явдлыг маш ноцтойд тооцож байна. Болсон явдлын мөрөөр шалгаж, буруутай этгээдэд хариуцлага тооцож, дахин ийм явдал гаргуулахгүй байхад анхаарал хандуулахыг бид Украины талаас шаардаж байна” гэж Беларусийн гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Анатолий Глаз мэдэгдсэн байна.
Харин Украины батлан хамгаалах яам хэргийн мөрөөр шалгахад мэргэжилтнүүдээ оролцуулах боломжтойг Беларусийн талд хариу мэдэгдээд энэ явдал нь Оросын талаас өргөн хүрээний агаарын довтолгоо зохион байгуулсантай холбоотойг тайлбарлажээ.
Бас Оросын тал зориудаар Беларусийн газар нутагт хариу цохилтын зам нь таарахаар пуужингаа харвасан байх боломжтойг мэдэгдсэн байна.
С-300 нь Зөвлөлтийн үед зохион бүтээгдсэн агаарын довтолгооноос хамгаалах систем бөгөөд одоо Орос, Украины аль аль тал нь хэрэглэдэг юм.
Украины пуужин өчигдөр өглөөний 10:00 цагийн орчимд хилээс дотогш 15 км нэвтэрч, Брест мужийн Харбача тосгоны ойролцоо хүрэх үед устгасныг Беларусийн тал мэдээлжээ.
Өчигдөр Оросын арми ээлжит агаарын довтолгоогоо явуулснаас Украины 10 бүс нутгийн 18 орон сууц, 10 дэд бүтцийн байгууламж сүйрсэн тухай Киевээс мэдээлсэн юм.
Беларусь улс Украинд дайны ажиллагаа явуулахад нь Оросын зэвсэгт хүчинд газар нутгаа ашиглуулж байгаа.
Гэхдээ өөрийнх нь үндэсний аюулгүй байдалд заналхийлээгүй тохиолдолд Украины дайнд шууд оролцох төлөвлөгөөгүйгээ Минскийн эрх баригчид удаа дараа илэрхийлж байсан юм.
Эх сурвалж: Reuters