Дэлхий дахинд
“Dell” компани хятад чипнээс татгалзана
АНУ-ын компьютер үйлдвэрлэгч “Dell” компани 2024 он гэхэд Хятадад үйлдвэрлэсэн чипнээс бүрэн татгалзах болсноо мэдэгдлээ. “Dell” өөрийн компьютертээ ашигладаг бүх чипийг гадаад улсын бүтээгдэхүүнээр орлуулж, улмаар 2025 он гэхэд үйлдвэрлэлийнхээ 50 орчим хувийг Хятадаас гаргахаар төлөвлөж байна. Бээжин, Вашингтоны хооронд хурцадмал байдал улам нэмэгдэх төлөвтэй байгаа тул бусад нийлүүлэгчдийг ч бас Хятадаас авдаг эд ангиудаа багасгахыг уриалжээ.
“IDC” судалгааны фирмийн өнгөрсөн онд гаргасан тайлангаар “Dell” компани дэлхийн гурав дахь том компьютер үйлдвэрлэгчээр шалгарчээ. Техас мужид төвтэй тус компани нийлүүлэлтийн сүлжээгээ Хятадаас гадна бусад улстай төрөлжүүлэхээр хичээж байна. Хоёр улсын хоорондын технологийн дайнаас гадна цар тахалтай холбоотой Хятадын үйлдвэрлэлийн доголдол үүнд тодорхой хэмжээгээр нөлөөлжээ.
“Dell” компани 1995 онд Хятадад шууд борлуулалт хийж, улмаар 2007 оноос орон нутгийн жижиглэн худалдааны дэлгүүрүүдэд компьютерээ зарж эхэлсэн. Тус компанийн компьютеруудын зарим загварыг Хятадад цахилгаан бараа үйлдвэрлэгчид угсарч байна.
Хятадын чипний импорт өнгөрсөн оны арваннэгдүгээр сард огцом уналтад орж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа доголдсон. Эдийн засгийн сөрөг нөлөөлөл энэ мэтчилэн тус улсын технологийн бүтээмжид сөргөөр нөлөөлсөөр байна. Covid-19-ийн дэгдэлт дэлхийн нийлүүлэлтийн сүлжээн дэх Хятадын байр суурийг багагүй ганхуулж байна. “Dell”-ээс гадна “Apple” компани “MacBook”-ийн зарим үйлдвэрээ Вьетнам руу нүүлгэхээр төлөвлөжээ. “Apple” компани 2020 оноос хойш ийн төлөвлөж буй бөгөөд энэ оны тавдугаар сард эхний ээлжийн багцаа шилжүүлэх юм байна.
Компьютер үйлдвэрлэдэг ихэнх томоохон брэндүүд Тайвань, Өмнөд Солонгосын ханган нийлүүлэгчдээс бүтээгдэхүүнээ авдаг. Америкийн шилдэг гурван брэнд “Dell”, “HP”, “Apple” компаниуд эд ангиудынхаа 90 хувийг Тайваниас авдаг аж.