Дэлхий дахинд
Хятад: Солонгос иргэдэд виз олгохыг түр зогсоолоо
Хятад улс Өмнөд Солонгосын иргэдэд богино хугацааны виз олгохоо түр зогсоосноо өнөөдөр /2023.01.10/ мэдэгдлээ. Өмнөд Солонгос улс Хятадаас ирэх жуулчдад Covid-19-ийн хязгаарлалт тогтоосонтой холбоотойгоор Бээжингээс ийнхүү хариу арга хэмжээ авчээ. Ялгаварлан гадуурхаж хилээр нэвтрүүлэх хязгаарлалтаа цуцалбал бодлогоо өөрчилнө гэж Хятадын Элчин сайдын яам албан ёсны цахим хуудастаа мэдэгдэв. Шинэ журам энэ сарыг дуустал хүчинтэй байна.
Хятадын Гадаад хэргийн сайд Цин Ган өчигдөр /2023.01.09/ Өмнөд Солонгосын сайд Пак Жинтэй хязгаарлалтын талаар утсаар ярьсан. “Манай засгийн газар Хятадаас ирэх жуулчдад тавих хорио цээрийн дэглэмээ чангаруулсан нь шинжлэх ухааны үндэслэлтэй бөгөөд бодитой нотолгоонд суурилсан. Бид олон улсын хамтын нийгэмлэгтэй холбогдох мэдээллийг ил тод солилцоно, Хятадын талтай ч харилцана” гэж Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Лим Сүн Сук хэлжээ. Үүний дараа Хятадын тал ийнхүү албан ёсны мэдэгдэл гаргалаа.
Өмнөд Солонгосыг зориж буй хятад иргэд 48 цагийн дотор шинжилгээ өгсөн байх шаардлагатай болсон. Эсвэл 24 цагийн дотор түргэвчилсэн шинжилгээ өгсөн байх шаардлагатай. Ийнхүү Хятад улсад хилийн хориг тавьж буй орнуудын жагсаалтад Өмнөд Солонгос нэгдлээ. Одоогоор АНУ, Европын холбоо, Швед, Их Британи, Франц, Австрали, Энэтхэг, Канад, Япон, Итали, Испани, Малайз, Тайвань, Морокко, Катар, Бельги, Израиль гэсэн улсууд Хятадаас ирэх жуулчдаас шинжилгээний эерэг хариу шаардаж байна.