Дэлхий дахинд
Тайвань эмэгтэйчүүдийг цэргийн нөөцийн бэлтгэлд хамруулж эхэллээ
Хятадаас ирж буй аюул заналхийллийн эсрэг хүчээ бэхжүүлэхийн тулд Тайванийн арми анх удаа эмэгтэйчүүдийг нөөцийн бэлтгэлд хамруулж эхэлснээ зарлав. Тайванийн батлан хамгаалах яамнаас мэдээлснээр энэ оны хоёрдугаар улиралд эхлэх сайн дурын нөөц цэргийн бэлтгэл, сургуулилалтад 200 орчим эмэгтэйг бүртгэж эхэлсэн байна.
Түүнчлэн хүсэлт гаргаж буй эмэгтэйчүүдийн тооноос хамааран цэргийн бэлтгэлд хамруулах квотыг нэмэгдүүлэх боломжтой гэж тус яамны дайчилгааны газрын хошууч генерал Ю Вэнь-чэн мэдэгджээ. Сайн дурын цэргийн бэлтгэл нь нөөц цэргүүдийг орчин үеийн байлдааны ур чадварт сургах зорилготой аж.
Тайванийн анхны эмэгтэй удирдагч Цай Ин Вэн хэлэхдээ, “Хойч үеийнхээ ардчилсан амьдралын хэв маягийг хамгаалахын тулд цэргийн алба хаах хугацааг уртасгах шаардлагатай. Хэн ч дайныг хүсдэггүй. Гэхдээ хүндэт ард иргэд минь ээ, зүгээр суугаад энх тайванд хүрэхгүй ” гэж мэдэгжээ.
Тайванийн засгийн газар 2022 оны арванхоёрдугаар сард эрэгтэйчүүдийн заавал цэргийн алба хаах дөрвөн сарын хугацааг нэг жил болгон нэмэгдүүлнэ гэж мэдэгдсэн нь Хятад улс сүүлийн үед цэргийн хүчээр сүрдүүлсэнтэй холбоотой. Тайваньд эмэгтэйчүүд сайн дураар цэргийн алба хааж болох ч эрэгтэйчүүд нь заавал алба хааж, бэлтгэл цэрэгт бүртгүүлэх хуультай байдаг.
Тайванийг өөрийн нэг муж гэж үздэг Хятад улсын засгийн газраас Тайпейг зайлшгүй эргэн нэгтгэнэ гэж мэдэгдсэнээр арлын оршин суугчид байнгын түгшүүртэй байх болжээ. Түүнчлэн ОХУ-аас хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүний Украин улсыг эзлэн түрэмгийлэх дайныг өнгөрсөн онд эхлүүлсэн нь тайваньчуудын айдсыг нэмэгдүүлсэн байна.
Улмаар Тайваньд тулааны ур чадварт сургах сургалтын төвүүд иргэдийн дунд эрэлттэй болж, хүн бүр дор бүрнээ дайнд бэлтгэж эхэлсэн талаар эх сурвалжууд мэдээлж байна.