Дэлхий дахинд
Цаасан шувуунаас болж 6 хүн амь үрэгдэв
Энэтхэг улсын Гужарат мужид Талархлын баярын арга хэмжээний үеэр цаасан шувуу хөөргөдөг. Тэгвэл хөөрч буй цаасан шувууны утсанд хоолойгоо хэрчүүлснээс болж зургаан хүн нас барав. Үүний гурав нь хүүхэд байсан бөгөөд хоёроос долоон настай байжээ. Мөн 200 орчим хүн шархадсан байна.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон уг арга хэмжээнд олон зуун хүн оролцож, цаасан шувууны тулаан хийсэн. Уг тэмцээний дүрэм нь бусдын цаасан шувууны утсыг өөрийнхөөрөө таслах юм. Цаасан шувууны утсыг төмөр, шилэн нунтаг гэх мэт аюултай түүхий эдээр хийсэн байдаг тул энэ нь хүний арьс байтугай цахилгаан утсыг ч таслахуйц хурц иртэй болсон байдаг. Тиймээс үзэгчид болон тэмцээнд оролцогчдын аминд халтай тэмцээн юм.
Халед Хоссейний Цаасан шувуу наадуулагч романд энэ тэмцээний тухай гардаг. Энэ тэмцээн нь хүний аминд хүрч, хүнд гэмтээдэг гэдгээрээ алдартай юм байна. Тухайлбал, 2016 онд мөн Гужарат мужид цаасан шувууны тэмцээний үеэр хоёр хүүхэд амиа алджээ.