Дэлхий дахинд
Турк-Сирийн газар хөдлөлтөд амь эрсэдсэн хүний тоо 16 мянга давжээ
Турк-Сирийн нутгийг дамнасан даваа гарагийн газар хөдлөлтөд амь эрсэдсэн хүний тоо 16 мянгаас давжээ.
Амьд үлдсэн хүмүүсийг олж аврах найдлага улам бүр багассаар байгаа энэ үед Туркийн зүүн өмнөд болон Сирийн баруун хойд бүсийн иргэд оршин суугчид эрэн хайх, аврах ажиллагаа хэт удаан байгааг шүүмжилж байна. Туркийн ерөнхийлөгч Рэжеп Таип Эрдоган энэ зуур газар хөдлөлтөд хамгийн хүндээр нэрвэгдсэн туркийн өмнөд мужуудийн нөхцөл байдалтай биечлэн танилцаж байна. Энэ үеэрээ тэрбээр газар хөдлөлтийн дараах арга хэмжээнд Засгийн газрынх нь зүгээс учир дутагдалтай ажилласан зүйл бий гэдгийг хүлээн зөвшөөрчээ.
Гэхдээ Эрдоган ийм хэмжээний байгалийн гамшигт бэлтгэлтэй байх боломж хомс гэдгийг мэдэгдэж, хоёр ч томоохон газар хөдлөлтийн дараах засгийн газрынхаа хэрэгжүүлж байгаа алхмуудыг хамгаалсан байр сууриа илэрхийлсэн байна. Энэ зуур Туркт амиа алдсан хүмүүсийн тоо 13 мянгад дөхөж, 63 мянга орчим хүн гэмтэж бэртжээ. Сирид амь үрэгдэгсдийн тоо 3000-с даваад байна. Туркийн Анадолу агентлагийн мэдээлснээр, эрэн хайх, аврах ажиллагаанд 25 мянга орчим аврагчид оролцож байна. Мөн гадаадын 5700 гаруй мэргэжилтнүүд гар бие оролцож байгаа юм.
Харин газар хөдлөлтөөс амьд үлдсэн ч гэлээ, хүйтэн цаг агаартайд гурав дахь шөнөө ил задгай хоног төөрүүлж байгаа олон мянган хүний нөхцөл байдал улам хүндрэх аюултай болж байгааг ДЭМБ анхааруулж байна.
Эрэн хайх, аврах ажиллагаанд зарцуулж байгаагаас дутахааргүй цаг хүчийг эсэн мэнд үлдсэн хүмүүстээ тусламж үзүүлэхэд зориулахгүй бол, үндсэн байгалийн гамшигт хохирсноосоо ч илүү олон хүн гамшигт давхар нэрвэгдэхээр байгааг ДЭМБ-ийн газар хөдлөлтийн гамшигтай тэмцэх мэргэжилтэн Роберт Холден мэдэгджээ.
Мөн Туркийн ерөнхийлөгч 7 хоног нийт үндэсний хэмжээний гашуудал зарлаж, байгалийн гамшигт өртсөн 10 мужид гурван сарын хугацаатай онц байдал зарласан. Тэрбээр Искандерун мужид ажиллах үеэрээ, “Урьд өмнө тохиосон олон газар хөдлөлтийг давж гарсныхаа адилаар Турк улс энэ удаа ч бас түргэн сэргэж чадна” гэж мэдэгдснийг “Анадолу” агентлаг мэдээллээ.