Дэлхий дахинд
Володимир Зеленский Украинд шаардлагатай зэвсэг, хэрэгсэл аль болох хурдан нийлүүлэхийг өрнөдийн орнуудад дахин уриалжээ
Оросын арми Украинд хавар довтолно гэсэн таамаглал дэвшүүлж байсан нь хэдийнэ хэрэгжиж эхэлсэн гэж Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский мэдэгдлээ.
Оросын тал хэд хэдэн чиглэлд нэгэн зэрэг довтолж байна. Украины хамгаалагчид Оросын булаан эзлэгчдийг зогсоох чадвартай гэдэгт эргэлзэхгүй байна гэж тэрбээр “Би-Би-Си”-д өгсөн ярилцлагадаа дурдсан байна.
Түүнчлэн Украинд шаардлагатай зэвсэг, хэрэгсэл аль болох хурдан нийлүүлэхийг өрнөдийн орнуудад дахин уриалжээ. “Зэвсэг бол Оросын ойлгох цорын ганц хэл” гэж Володимир Зеленский энэ үеэр хэлсэн байна.
Үүнээс гадна Владимир Путинтэй газар нутгаасаа найр тавих асуудлаар тохиролцоо хийхгүй гэдгээ Украины Ерөнхийлөгч мэдэгдсэн байна.
Володимир Зеленскийгээс гадна Украины Гадаад хэргийн сайд Дмитро Кулеба ч мөн Украины дайныг дипломат арга хэрэгслээр зогсоох боломжгүй гэжээ.
Украины болон өрнөдийн тагнуулын хэд хэдэн байгууллага Оросын армийг Украинд халдан довтолсныхоо ойгоор шинэ довтолгоо хийхээр төлөвлөж байна гэж нэг бус удаа анхааруулсан юм.
2022 оны сүүлчээр Украины зэвсэгт хүчний ерөнхий командлагч Валерий Залужный шинэ довтолгооны талаар хөндөж, Киев үүнд хамгийн ихээр өртөж болзошгүй гэж анхааруулсан. Түүнчлэн зарим тусгай албадын мэдээлснээр одоогийн байдлаар Украинд 300 мянга орчим хүн төвлөрсөн нь дайралт эхэлсэнтэй харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт гэжээ.
Одоогийн байдлаар Донецкийн Бахмут хотод гол тулалдаан үргэлжилж байна. Өчигдөр Оросын тал “Град” нэртэй зэрэг галлагаат реактив систем, их буугаар Бахмут руу дайрсан. Тулалдааны үеэр энгийн номхон таван иргэн амиа алдаж, есөн хүн шархадсан гэж Украины Ерөнхий прокурорын алба мэдээлжээ.
“Энд 6000 гаруй иргэн байгаа. Тэд яаралтай хотоос гарах хэрэгтэй” гэж Украины Шадар сайд Ирина Верещук хэлсэн байна.