Дэлхий дахинд
Месси FIFA-ийн оны шилдэг боллоо
FIFA буюу Олон улсын хөлбөмбөгийн холбоо 2022 оны шилдгүүдээ тодруулах “The Best” шагнал гардуулах ёслолын арга хэмжээгээ зохион байгууллаа.
Өнгөрсөн оны шилдэг эрэгтэй хөлбөмбөгчнөөр Лионель Месси тодров. Росариогоос гаралтай Аргентин эр 2022 онд удаан хүлээсэн алтан дагинаа өргөж, дэлхийн аварга гэх эрхэм цолны эзэн болсон. Түүний энэхүү амжилтын хажууд алтан бөмбөгийн эзэн Карим Бенземагийн УЕФА Аваргуудын лигийн дэлдэн чихт “жулдлаа”.
Ийнхүү Месси замналдаа хоёр дахь удаагаа FIFA-ийн оны шилдэг болж байна. Энэ амжилтаараа ч Кристиано Роналдо, Роберт Левандовски нартай зэрэгцэж ирсэн аж.
Шагнал хүртсэнийхээ дараа Месси “Багийнхандаа болон дасгалжуулагч Скалонид талархлаа илэрхийлмээр байна. Тэдэнгүйгээр би энд зогсохгүй байлаа. Миний дасгалжуулагч миний амжилтын нэг хэсэг. Бүх багийнхаа андуудад хүндэтгэл үзүүлье. Өнгөрсөн жил гайхалтай байлаа. Удаан хүсч мөрөөдсөн мөрөөдлөө биелүүлсэн. Эцэст нь би чадсан. Энэ бол тамирчин бүрийн мөрөөдөл. Тун цөөн тамирчин л үүнийг биелүүлдэг. Би харин азтай байлаа” гэжээ.
Шилдэг эмэгтэй хөлбөмбөгчнөөр Алексис Путеллас тодорсон бол шилдэг дасгалжуулагчдаар Аргентины Лионель Скалони, Английн эмэгтэй шигшээн Сарина Уаймэн нар тодорчээ. Мөн Аргентины хаалгач Эмилиано Мартинез болон Английн Мари Ирпс нар оны шилдэг хаалгач болжээ.
Оны шилдэг үзүүштэй гоолд олгодог Пушкашийн шагналын эзнээр Польшийн Варта Познан багийн Марчин Олески тодорлоо.