Энтертайнмент
“Баян Монгол” чуулгынхан зүүн аймгуудаар аялан тоглоно
Монголын орчин үеийн хөгжмийн урлагийн ууган хамтлаг Монгол Улсын Төрийн шагналт “Баян Монгол” чуулга “Баян Монгол-2023” шилдэг уран бүтээлийн аялан тоглолтоо зүүн аймгуудаар хийх гэж байна.
Энэ жил тус чуулгын 54 жилийн ой тохиож байгаа бөгөөд Монгол Улсын цорын ганц хамгийн том бүрэлдэхүүнтэй жазз оркестр юм.
Аялан тоглолтын бүрэлдэхүүнд Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Мөнхбаатар /уртын дуучин/, Соёлын тэргүүний ажилтан Н.Наранбаатар /Наагий/, Ц.Хулан, Б.Дэлгэрбаяр нарын зэрэг дуучид оролцох ба өөрсдийн шилдэг уран бүтээлүүдээ толилуулна.
Тоглолтын хуваарь:
Сүхбаатар аймгийн Түмэнцогт сум соёлын төв гуравдугаар сарын 22-нд
Дорнод аймгийн Хөгжимт Драмын театр гуравдугаар сарын 23, 24-нд
Хэнтий аймгийн Хан Хэнтий чуулгад гуравдугаар сарын 25-нд тус тус тоглоно.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.