Дэлхий дахинд
Исламын улсын сүүлчийн дайчид Сирийн жижиг тосгонд төвлөрөөд байна
Сүүлийн хэдэн жил Ойрх Дорнодыг түйвээсэн Исламын улс зэвсэгт бүлэглэлийн 300 гаруй дайчин Сирийн зүүн хэсгийн жижигхэн тосгонд хориглолт байгуулаад байна.
АНУ-ын дэмжлэгтэй Сирийн Ардчилсан Хүчнийхэн тэднийг бүслээд байгаа юм. Террористууд тосгоны иргэдийг барьцаалан хориглож байгаа нь Исламын улс бүлэглэл бүрэн ялагдсаныг зарлахад саад болж байна.
Багуз тосгонд бүгсэн зэвсэгт бүлэглэлийнхэн бууж өгөхөөс татгалзаж, баруун хойд Идлиб муж руу зугтаж гарах боломж өгөхийг шаардаж байгаа. Ингэхдээ тосгоны иргэдийн хамт нүүх аюулгүй корридор гаргаж өгөхийг шаардаж байна. Идлибт өөр нэг террорист бүлэглэл Аль Кайда хяналтаа тогтоосон хэвээр байгаа юм.
Үүнээс гадна хөрш Иракийн нутаг руу зугтаж гарах боломж өгөхийг хүссэнийг Сирийн Ардчилсан Хүчнийхэн хүлээж аваагүйг хэлэлцээрт ойр эх сурвалжууд мэдээлжээ.
Ирактай хиллэдэг цөлийн энэ бүс нутагт Сирийн Ардчилсан Хүчнийхэн АНУ тэргүүтэй эвслийн дэмжлэгтэй есдүгээр сараас хойш байлдааны ажиллагаа явуулж байгаа.
Нэгэн үе Сири, Ирак улсуудын газар нутгийн гуравны нэгийг эзлээд байсан Исламын улс зэвсэгт бүлэглэлийн сүүлчийн түшиц газар нь Багуз тосгон болоод байна.
АНУ-ын дэмжлэгтэй зэвсэгт бүлэглэлүүд Исламын улс төгсгөл болсныг өнгөрсөн долоо хоногт зарлах гэж байсан ч Багуз тосгонд жирийн иргэдээр халхавч хийсэн террористууд саад болсон юм.
Эх сурвалж: Associated Press