Дэлхий дахинд
Ши Жиньпинийг Украинд айлчлахыг урив
Украины ерөнхийлөгч Зеленский “Associated Press” агентлагт ярилцлага өгөх үеэрээ Хятадын дарга Ши Жиньпинийг Киевт айлчлахыг урьжээ. “Бид түүнийг хүлээж авахад бэлэн байна” гэж тэр хэлсэн. Зеленский Сумы мужаас Киев рүү явах замдаа галт тэрэг дотор ярилцлага өгсөн. “Associated Press” агентлаг нь дайн эхэлснээс хойш Зеленскийтэй хамт олон удаа аялсан хэвлэл мэдээллийн байгууллага юм.
Орос, Украины дайн эхэлснээс хойш Ши Жиньпин дарга Зеленскийтэй нэг ч удаа холбогдоогүй. Гэхдээ өнгөрсөн сард Украины хямралыг зохицуулах 12 зүйлт төлөвлөгөөг танилцуулсан билээ. Ши Жиньпин, Путин нарын Москва дахь уулзалтын үеэр уг төлөвлөгөөг танилцуулсан боловч дайныг зогсоох тухай тодорхой шийдэлд хүрээгүй.
Хятадын талаас танилцуулсан төлөвлөгөөг АНУ сайшаахгүй байна. Гал зогсоох нь Оросын армид хугацаа хожих боломж олгоно гэж тэд үзжээ. Харин ерөнхийлөгч Зеленский Хятадын дипломат оролцоог сайшаасан ч орос цэргүүд Украины нутаг дэвсгэрээс гарсан цагт л энх тайвныг тогтоох асуудлыг авч үзнэ гэсэн байна.