Бусад
Нийслэлээс 117 мянган өрхийг нүүлгэх мөрөөдлийн төлөвлөгөө

“МӨРӨӨДӨЛ”-ДӨӨ МӨНГӨ ТӨСӨВЛӨХ НЬ ИХ НҮҮДЛИЙН СУУРЬ БЭЛТГЭЛ БОЛНО
Монгол Улсын өрхийн тоо жилд дунджаар 15 мянгаар өсөж, 2019 оны байдлаар 900 мянгад дөхөж байгаа гэх тооцоог ҮСХ-ны мэдээллээс харж болно. 2017 онд Монголд өрхийн тоо 885 мянга байв. Үүний 390 мянга нь нийслэлд бүртгэлтэй. Тэр хэрээр улсын ганц мега хотод мянган зовлон нүүрлээд буйг хэн хүнгүй мэднэ. Харин үүнээс гарах гарц нь эдийн засгийг дэмжсэн газар зохион байгуулалтын төлөвлөгөө аж.
Монгол Улс орон зайн газар зохион байгуулалтын төлөвлөлтөөс эдийн засгийн агуулгатай төлөвлөлтөд шилжихээр 2017 оноос эрчимтэй ажиллаж байгаа. Үүний хүрээнд “Газрын шинэтгэлийн үндэсний хороо”-г байгуулж, Ерөнхий сайд удирдахаар баталсан.
Өмнө нь зөвхөн орон зайг голлосон нь салбараар “өмчлөгдсөн” нэгдмэл бус тогтолцоог бий болгосон. Харин шинэ төлөвлөлтөөр газрын хэрэгцээ, байгалийн болон бусад нөөцийн оновчтой байршилд нийцүүлэхийн зэрэгцээ хүн амын төвлөрлийг сааруулах, нийслэлээс орон нутагт чиглэсэн нүүдлийг дэмжих болсон нь төлөвлөгөөний амин сүнс гэлтэй.
Төвлөрлөөс “зугатах” бас нэг гарц нь хүнд үйлдвэрт ажиллах боломж.
Өнгөрсөн долоо хоногт БХБЯ, газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас ойрын жилүүдэд Монгол Улс газар зохион байгуулалтад ямар төлөвлөгөө хэрэгжүүлэхийг нийслэл болон 21 аймгийн холбогдох дарга нарт танилцуулсан. Түүгээр газар зохион байгуулалтын төлөвлөгөөг эдийн засгийг дэмжих хөтөлбөртэй уялдуулж, хүн амын төвлөрлийг сааруулах бодлого баримталж байгааг чухалчилсныг энд тэмдэглүүштэй.
Засгийн газраас аж үйлдвэрийн парк, чөлөөт бүс, уул уурхай дагасан эдийн засгийн төвүүдийг бий болгохоор зорьж буйн зорилго төвлөрлийг сааруулах хүсэлд огтлолцож байгааг хэлэх юун. Чингэхийн тулд “их нүүдэл”-д бэлтгэх шаардлага гарч ирлээ.
Их нүүдлийн үр дүнд нийслэлээс 117 мянган өрхийг эдийн засгийн бүс нутагт шилжүүлэх зорилт дэвшүүлжээ. Сэрчихгүй бол сайхан л зүүд байна гэдэг шиг ёстой л нэг хорхой хүргэм сайхан төлөвлөгөө байгаа биз. Гэхдээ нарийвчлан ухаад үзвэл хэрэгжих боломжгүй эд ч бас биш бололтой.
Төлөвлөгөөнд тусгаснаар суурин хөдөө аж ахуйг дэмжсэнээр 70 мянга, хөнгөн хүнсний үйлдвэрлэлийг дагаж 30.4 мянга, хүнд үйлдвэрийн бүс рүү 12.5 мянга, малжуулах төслийн хүрээнд 3.1 мянган өрх нүүнэ гэсэн тооцоо хийж. Үүн дээр их дээд сургууль, шинжлэх ухааны байгууллагуудыг нийслэлээс шилжүүлснээр олон тооны өрх орон нутагт нүүдэллэнэ хэмээн тооцоолж байна.
Хэт төвлөрлийг сааруулахын тулд нийслэлээс хөдөө нутаг руу суурьших иргэдэд жижиг фермер, хоршоо, нөхөрлөл байгуулахад эдийн засгаар дэмжихийн сацуу газар тариалан, мал, гахай, шувуу, зөгийн аж ахуй эрхлэхэд зориулж газар олголтоор “мялаах” төрийн бодлого энэ юм. Мөн дээрх голын ай савд хамаарч буй 10 аймгийн төвд ХАА-н бүтээгдэхүүн боловсруулах агропарк барьж, хөнгөн хүнсний 22 үйлдвэрийг өргөтгөн, тус салбарын хөгжлийн үндэсний цогцолбор бүхий кластерыг Дархан-Уул аймагт байгуулах аж.
Эдийн засгийн төвүүдийг хөгжүүлэхийн тулд дэд бүтэц, зам харгуйг сайжруулах шаардлагатай.
Төвлөрлөөс “зугатах” бас нэг гарц нь хүнд үйлдвэрт ажиллах боломж. Төлөвлөгөөгөөр төмөрлөгийн үйлдвэрийн цогцолборыг дархануул, машин тоног төхөөрөмж, металл хийцийн үйлдвэрлэлийг Сэлэнгэ, зэсийн баяжмалын үйлдвэрийг Ханбогд, нүүрс-химийн үйлдвэрийг Багануур дүүрэг, газрын тосныхыг дорноговьд байгуулахаар төлөвлөж байна.
Мөн газар зохион байгуулалтын үүднээс нийслэлийн хүн амын төвлөрөлд жинтэй хувь нэмэр оруулж буй их, дээд сургууль, ШУ-ны байгууллагуудыг нүүлгэх төлөвлөгөөг шинэчилжээ. Гэхдээ энэ сэдвээр маргаантай байгаа хоёр хувилбар бий. Эхнийх нь Багануур дүүрэгт оюутны хотхон, их дээд сургуулийн нэгдсэн цогцолбор байгуулах. Харин хоёр дахь нь тухайн салбар, чиглэлийн үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллага байршиж буй, материаллаг нөөц бүхий бүсэд шилжүүлэх хувилбар юм.
Сүүлийнх нь эдийн засгийг дэмжсэн төлөвлөлтөд нийцтэй тул хэрэгжих магадлал өндөр. Тухайлбал, ХАА, хүнс, биотехнологийн салбар сургууль, ШУ-ны байгууллагыг Дархан-Уул, Дорнод, Ховд, Архангай аймагт, уул уурхай болон боловсруулах үйлдвэрийнхийг Багануур, Сайншанд, Баян-Өндөр, Ханбогд руу шилжүүлэх бол машин механизм, металлургийн салбарынх Дархан-Уул, боловсролын салбарынх архангайд төвлөрөх нь ээ.
Мөн барилгын салбарын сургууль, байгууллагууд Баян-Өлгий, Дорноговь, Дорнод, Өвөрхангай аймаг болон Налайх дүүрэг рүү нүүж, байгаль орчин, экологийнх Хөвсгөл, Ховдод, батлан хамгаалахын сургууль Багахангай дүүрэг, Говьсүмбэрийн аль нэгрүү буурь сэлгэх юм. Харин өндөр технологи, электроник, цахим технологи, нийгэм, улстөр, эдийн засаг, эрүүл мэнд, соёл урлагийн салбарын сургууль, байгууллагууд бууриа сахин үлдэхээр байна.
Тухайлбал, шинэ онгоцны буудал, Майдар төсөл барихтай холбоотойгоор төв аймагт иргэнд өмчлүүлэх, эзэмшүүлэх газрын хэмжээг хамгийн ихээр тогтоож өгсөн байна.
Мөрөөдлийн жагсаалт гэмээр эл төлөвлөлтөд зохион байгуулалт, салбар бүрийн уялдааг сайн хангаж өгвөл хэрэгжих бүрэн боломжтой. Эдийн засгийн төвүүдийг хөгжүүлэхийн тулд дэд бүтэц, зам харгуйг сайжруулах шаардлагатай. Газар төлөвлөлтийн хүрээнд аймгуудыг холбосон авто болон төмөр замын газрыг чөлөөлөх инженер геодези, байгаль орчны үнэлгээний ажлын төлөвлөлт хийгдэж байгаа аж.
Төлөвлөгөөг үр дүнд хүргэхийн тулд чамгүй мөнгө хэрэгтэй нь ойлгомжтой. Зарим салбарын хөрөнгө оруулалтыг хийж эхэлсэн нь “мөрөөдлийн жагсаалт” бус мөд биелэх боломжтойг бас харуулж байгаа юм. Тухайлбал, Энэтхэгийн хөрөнгөөр нефть боловсруулах үйлдвэр барих, улсын төсвөөр дөрвөн аймагт мах боловсруулах үйлдвэр барих, дарханы кластер байгуулах газар чөлөөлөлтийн ажил хийгдсэн гээд дурдаад байж болно.
Мөн “мөрөөдөл”-дөө мөнгө хөрөнгө оруулалт хийж чадвал иргэд өөрсдөө нүүгээд очих боломж ч бийг жишээ, баримтаас харж болохоор. Тухайлбал, шинэ онгоцны буудал, Майдар төсөл барихтай холбоотойгоор төв аймагт иргэнд өмчлүүлэх, эзэмшүүлэх газрын хэмжээг хамгийн ихээр тогтоож өгсөн байна. Гүйцэтгэлээр 1743 га газрыг иргэдэд өмчлүүлэхээр шийдвэрлэжээ. Энэ нь мөнгө олох боломжтой газар хэн хүнгүй давхиад хүрдгийн тод жишээ.
Энэ мэтчилэн мөрөөдөлдөө мөнгө төлөвлөж чадвал нийслэлийн хүн амын нягтрал 40 хувиар буурах төдийгүй эдгээр бүтээн байгуулалтуудыг дагасан бизнесүүд орон нутаг тийш цуврах жим бас тодорч байна.
Хүнд, хөнгөн үйлдвэрийн дагалдах бүтээгдэхүүний нийлүүлэгч компаниудыг дагаж шинэ технологи, ноу хау орон нутагт хөгжил дагуулахын зэрэгцээ оюутны зугаа болсон урлаг уран сайхан, шоу цэнгэл, баар ресторан ч хөдөө тийш “соёлын довтолгоон” тээж хүрэх дүр зураг тод байна. Гагцхүү урьд өмнөх сайхан төлөвлөгүүдийн нэгэн адил ажлын сэйфэнд хадгалаад өнгөрөөх бус, ажил хэрэг болгох нь хамгийн чухал.

Бусад
Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна

Монголчууд жилд албан ёсны болон өргөн дэлгэр 15-20 баяр тэмдэглэдэг. Тухайлбал, жил бүр аравдугаар сарын 29-нд нийслэлийн өдрийг тэмдэглэж ирсэн.
Мөн жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд Даншиг наадам зохион байгуулдаг байсан. Тэгвэл энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамтад нь зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулна.
Цаашид наймдугаар сард даншиг наадам, аравдугаар сард нийслэлийн өдрийг тэмдэглэхгүй. Нийслэлийн өдөр буюу нийслэлийн иргэдийн баярыг жил бүрийн зургаадугаар сарын сүүлийн долоо хоногийн амралтын өдөр тэмдэглэх Засгийн газрын тогтоол ч гарсан. Нийслэлийн иргэдийн баяр, даншиг наадмыг нэгтгэснээр цар хүрээ нь өргөжин тэлж, жуулчдыг татахад чухал ач холбогдолтой.
Энэ үеэр жуулчид болон иргэдэд зориулсан олон арга хэмжээг зохион байгуулна. Хүчит бөхийн барилдаан, хурдан морь болон жороо морины уралдаан, шагай, сур харвааны наадам, сээр цохих тэмцээн, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн, Улаанбаатар хотын түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн, монгол хувцасны үзүүлбэр, есөн дүүргийн Ардын авьяастнуудын тоглолт, Улаанбаатар театрын “Монгол туургатан” уран бүтээлээ толилуулна.
Түүнчлэн цам харайх, лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн, сор залах, соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг шашин, соёлын арга хэмжээг үзэж сонирхох боломжтой. Тухайлбал, энэ жил цам харайх үзүүлбэрт 120 гаруй цамчин оролцож өргөн хүрээг хамарч байна.
Зургаадугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын тахилга шүтлэгт дөрвөн уул болох Богдхан, Сонгинохайрхан, Чингэлтэй хайрхан, Баянзүрх хайрханыг тахих ёслолоор нийслэлийн иргэдийн баяр “Хүрээ цам-Даншиг наадам 2025”-ын үйл ажиллагаа эхэлнэ. Энэ үеэр нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг сүм хийдүүд цан хэнгэргээ дуугарган, ард иргэдийн сайн сайхны төлөөх хурал ном хурж, буян үйлдэн, сайн үйлсийн ажил зохион байгуулна.
Бусад
Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек болон Карлын их сургуулийн Монгол судлалын төвийн багш, монголч эрдэмтэн Вероника Каписовска нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Прага хотын амьтны хүрээлэн Монгол Улсад 30 гаруй жилийн турш зэрлэг амьтдыг хамгаалах, тэр дундаа тахийг сэргээн нутагшуулах, Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны материаллаг баазыг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэлээ.
Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дорнод аймгийн Халх гол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газарт тахийг шинээр нутагшуулах төсөл хэрэгжүүлэхээр ярилцаж, говь, хуурай хээрийн бүсийн экосистемийн үнэлгээ хийх, экологийн хувьд онцгой ач холбогдолтой газар нутгийг тогтоож, тусгай хамгаалалтад авах, үүнд шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсонд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.
Энэхүү уулзалт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны гуравдугаар сард Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн төрийн айлчлалын мөрөөр хэрэгжүүлж буй ажлын нэг бөгөөд айлчлалын үеэр ярилцсан санал, санаачилгууд ийнхүү бодит ажил хэрэг болон хэрэгжиж байгаагийн илрэл юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалынхаа үеэр Прага хотын амьтны хүрээлэнд зочилж, шинээр төрсөн тахийн унаганд “Дагина” хэмээх нэр хайрлаж байсан юм.
Прага хотын амьтны хүрээлэн 2024 оны гуравдугаар сард “Монголын говь”-ийн байнгын үзмэр байгуулж, монгол гэр барин, тахь нутагшуулах төслийн үйл явц, үр дүнг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг олон нийтэд тогтмол толилуулж байна.
Мөн Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байх хугацаандаа тахь нутагшуулах ажлын хүрээнд тахийг цэргийн онгоцоор тээвэрлэн Монгол Улсад авчрах шийдвэр гаргасан нь уг төслийн амжилтад чухал хувь нэмэр оруулсан юм. Үүний үр дүнд Хустайн нуруу, Хомын тал зэрэг бүс нутагт тахийн тоо толгой 1,000 гаруйд хүрээд байна.
Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
-
Нийгэм18 цаг өмнө
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно
-
Нийгэм19 цаг өмнө
Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
-
Нийгэм19 цаг өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв
-
Нийгэм19 цаг өмнө
Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо
-
Нийгэм19 цаг өмнө
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ
-
Улс төр18 цаг өмнө
Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр
-
Улс төр19 цаг өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
-
Нийгэм19 цаг өмнө
Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна