Дэлхий дахинд
БНСУ-ыг бүрхсэн шар тоосонцорт Монголын говийг буруутгав
Хятадын хойд хэсэг, Монголын говиос эхтэй шар шороон шуурга өнөөдөр (2023.04.12) Өмнөд Солонгосыг бараг бүхэлд нь бүрхсэн гэж тус улсын Цаг уурын агентлаг мэдээлэв. Тус улсыг бараг бүхэлд нь бүрхсэн шар шороон шуурганы нөлөөгөөр орон даяар маргаашийг хүртэл агаарын чанар муу байхыг албаныхан анхааруулсан байна.
10 микрометрээс бага диаметртэй нарийн тоосонцор (PM 10)-ын нэг цагийн дундаж агууламж Сөүл хотод өнөө өглөөний 07:00 цагийн байдлаар нэг шоо метр тутамд 192 микрограмм, Сөүлээс зүүн өмнө зүгт 307 километрийн зайд орших Улсан хотод 494 микрограмм болж нэмэгджээ.
Тус улсад “PM 10″-ын тоо 150 микрограммаас дээш хоёр цагаас илүү байх үед нарийн тоосны зөвлөмж гаргадаг. “PM 10″-ийн агууламжийг тэгээс 30 микрограмм хүртэл “сайн”, 31-80 бол “хэвийн”, 81-150 бол “муу”, 151-ээс дээш бол “маш муу” гэж ангилдаг байна.
Үүнтэй холбогдуулан БНСУ-ын Байгаль орчны яамнаас засгийн газрын хоёрдугаар түвшний цаг уурын сэрэмжлүүлгийг зарлажээ. Агаар дахь нарийн тоосонцорын хэмжээ маргаашийг хүртэл “маш муу” түвшинд байхыг анхааруулж, амьсгалын замын өвчинтэй болон өндөр настан, хүүхдүүдийг гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж байна.
Агаар бохирдуулагч нарийн ширхэгтэй тоосонцор нь хүүхдийн уушгинд нэвтэрснээр урт хугацаандаа хорт хавдар үүсгэх эрсдэлтэйг судлаачид онцолжээ.